Tuesday, November 30, 2010

Хөрөө (SAW) VII 3D

(XI/29 2010) "Өргөө" кинотеатрт бум бужигнаж,түм түжигнэж байлаа. 2004 оноос эхлэн жил бүр цуврал болон гарсан Saw киноны сүүлчийн анги буюу Saw 3D (2010) гарч кино сонирхогчидын сэтгэлийг сэргээж байгаа нь тэр байлаа.

 

Нээлтийн үйл ажиллагаа 19:00 цагт эхэлж урилгаар ирсэн хамтлаг дуучид өөрсдийн урын сангаас бяцхан тоглолт хийж,тэмцээнээр үргэлжилсээр цаг урсах мэт өнгөрч 20:00 цаг болж кино эхлэх болсныг зарлан,танхим өөд зүглэн бүгд суудлаа эзлэн тухаллаа. Кино нийт 1 цаг 31 мин үргэлжлэх ба касттайгаа 1 цаг 46 мин орчим гарах бөгөөд нойр хүрэх завгүй кино юм. Энэ ангийн гол дүрүүдийн хувьд Хоффман /Костас Мэнделор/, Гордон /Кари Элвис/, Жил /Бетси Рассел/, Гибсон /Чад Данеалла/, Бобби /Сеан Патрик Флэйнари/,Жойс /Жина Холден/ нар байлаа. Найруулагчаар Кевин Грайтер ажиллаж зураг авалт Канадад болсон байна.Киноны үйл явц дэлгүүрт байгаа "хөрөө"-нөөс эхлэх ба тасралтгүй үргэлжлэх оньсого мэт үйл явдлууд нь бүхэлдээ өрнөл хэсэг болдог.Киноны зангилаа хэсэг нь Гордон,Хоффманыг барьснаар тайлагдах бөгөөд төгсгөл нь Хоффманыг өөрийг нь "хөрөө"-нд оруулсанаар дуусдаг.

 

2004 оноос эхлэн өдийг хүртэл жил бүр нийт 7 анги гаргаснаар ийнхүү өндөрлөж байгаа уг кино нь олон кино найруулагчдын гарыг дамжсан ч жүжигчид нь солигдоогүйгээрээ маш сонирхолтой болсон. Мөн кино нь үргэлжилсэн зохиолтой буюу өмнөх ангиудтайгаа холбоотой, өмнөх ангиудын нууц нь дараагийн анги дээрээ тайлагдах маягаар анги болгоныг сонирхолтой болгосон ба сүүлчийн анги дээрээ хэзээ ч төгсөшгүй Jigsaw-ийн аллага хүчирхэг, нууцлаг, илүү ээдрэйтэй цаашдаа үргэлжилсээр байна гэдгийг онц сонирхолтойгоор гаргаж чаджээ.

 

Харин сүүлчийн эл анги дээр өмнөх ангиуд дээр гарч байгаагүй хэд хэдэн зүйл байсаны нэг нь кино дөнгөж эхлэнгүүтээ олны нүдэн дээр аллага хийдэг хэсэг байлаа. Өмнөх ангиуд дээр дандаа харанхуй өрөө, эзгүй байшин, газар доорх хонгил зэрэгт болдог байсаныг кино сонирхогчид мэдэж байгаа байх. Бас энэ олны нүдэндээрх аллага нь хоёр сайн найзын дунд нууцаар явалддаг байсан нэг охины үхэлээр дуусах ба энэ нь нөхөрлөлийн хүчийг харуулаад зогсохгүй зарим нэг явдалтай охидод ч гэсэн сургамж болсон байх. Киноны өрнөл хэсэгт үргэлжлэх, эхнэрийгээ аврахаар явж буй Бобби залуугийн өрнөл өмнөх ангийн Виллиамын адал явдалтай төстэй ч ялгаа нь гэвэл Бобби амьд гардаг, гэхдээ тэр хэнийг ч аварч чадаагүй. Jigsaw-гийн зорилго нь ч тийм байсан биз, Бобби маш их ухаарлыг тэндээс олж авдаг. Худлаа ярих дэмий гэдгийг эндээс үзэж болно.

 

Кино өмнөх ангиудын зангилааг тайлахын тулд нэлээн сунжрах ба энэ нь зарим талаараа үзэгчидийг нэлээн уйдаана.Мөн 3D график тун бага гардаг нь трэйлерыг нь үзээд хүлээж байсан график сэтгэлд хүртэл гардаггүй нь үзэгчидэд киног энгийн 2D кино шиг санагдуулна. Нэг бодлын хэтрүүлэгтэй ч кино бүр дээр болон бүх ангиудын хоорондох нарийн, нууцлаг утга учрыг киноны сүүлчийн арав гаран минутанд багтаан нүднээ ил тарган тавьдаг ба кино бүхэлдээ тэрүүхэн агшинд өрнөдөг, тэндээс бүх зүйл ойлгомжтой болж, илүү онц сонирхолтой, дараагийн ангийн хүлээлтийг үүсгэдэг байлаа.Кино зохиолын хамгийн сонирхолтой зүйл бол Jigsaw гэж өөрийгөө нэрлэх хүүхэлдэй урлагч залуугийн аллагууд мөн. Гэхдээ хамгийн хачирхалтай нь тэр 3-р анги дээрээ өөрийн тархинд ухаан алдуулах хэрэгсэлгүйгээр мэс засал хийлгүүлэн амьд гарах боловч өөрийнхөө тоглоомын дүрмээс болж хоолойгоо хөрөөдүүлэн үхдэг. Гэтэл аллага дуусдаггүй нь Jigsaw-гийн нарийн гаргасан төлөвлөгөөний дагуух гэрээслэл ба түүнийг нь эхнэр болоод өмнөх ангиуд дээр хохирогсод учир битүүлгээр үүнийг үргэлжүүлдэг. Үхсэн хойноо ч гэсэн аллагыг тийм нарийн бодож, амьд байхдаа олж харсан нүгэлтэй нөхдийг шийтгэх аргаа тэр маш гайхамшигтайгаар гэрээслэсэн байдаг.

 

График нь сэтгэлд хүртэл харагдахгүй мэт боловч киноны дүрүүдийн ялгаралт нь сайн болж өгсөн.Мэдээж энэ киног нэлээн чимж өгч байгаа туслах жүжигчин бол Линкин Парк хамтлагын дуучин Честер Беннигтон байлаа. Киноны өгүүлэмжийн тал дээр маш олон хүмүүс сөрөг талаас ханддаг. Уг киног ямар нэг аллагын сэдлийг хүмүүст өгөх, хүмүүсийг хэрцгий болгох, үгүй бол аймшгийн гэх маягаар шүүмжлэх нь бий. Гэвч үнэн хэрэгтээ энэ кино бол аймшгийн биш сэтгэхүйн кино болно. Хэрвээ энэ кино хэн нэгэн алуурчинд сэдэл өгсөн бол тэр алуурчин хэзээ ч хүн алж чадахгүй байсан биз. Үнэндээ киноны өрнөл онц сонирхолтой, бодитой мэт боловч бодит амьдрал дээр нухацтай авч хэлэлцэхэд хүрвэл хэзээ ч боломжгүй болох нь харагдана. Туршаад, байг гэхэд сайн бодоод үзээрэй, бүтэхгүй л болов уу. Бүх анги дээр гардаг "хүн өөрийн болон бусдын алдаан дээрээс суралцдаггүй харин эцсийн мөчид өөрийнхөө алдааг ойлгодог,тэр үед түүнийгээ засч чадвал дахин төрж эсвэл хүмүүний амьдралыг орхих болно" гэсэн санааг ч энэ анги дээр гаргасан,

 

 

Эцэст нь дүгнэж өгүүлэхэд энэ анги бусад ангиудаасаа онцлог нь 3D байсан. Энэ нь маш олон фэнүүд болон өмнөх ангийг нь хараагүй хүмүүст ч гэсэн хүлээлт үүсгэсэн байх. Гэхдээ 3D-г төдийлөн сайн ашиглаж чадаагүй гэж хэлмээр байна. Мөн кино болгон дээр хүмүүсийн мэдрэхийг хүсдэг тэр аллагын мөн чанар буюу сэтгэл сэрд хийлгэм сэтгэхүйн өвдөлтүүдийг энэ анги өмнөх ангиудаасаа илүү гарахаар хийж чадаагүй. Харин бүх ангийг нь шимтэн үзсэн уг киноны фэнүүдэд бол энэ анги маш том зангилаа, киноны үнэхээр бахархам сүрийг харуулж чадсан.

 

"Кино хүнийг бий болгодоггүй,кино хүнийг хөгжүүлдэг"

 

Бичсэн: Мөнхбаярын Хасчулуу, Батболдын Билгүү. Редакторласон Ганхүүгийн Эрдэнэбаатар

 

Sunday, November 28, 2010

Мамма Миа (Review by Hantulga)

Амралтын өдрөөр нээлтээ хийсэн UBS тв ийн Universe Best Songs шоуны ялагчдын оролцон тоглосон Мамма Миа киног үзэхээр Өргөөг зорилоо. Хамаатнуудаараа олноороо үзсэн болохоор тун хөгжилтэй байлаа. Өмнөх “Зүрхэнд Гэрэлтэх Од” кино нь нилээд олон хүний таашаалд нийцсэн болохоор энэ удаагийн кино нь ч хүмүүсийн хувьд хүлээлт өндөртэй байж чадсан байх.

Кино зохиол:
Киноны зохиол гээд байлтгүй шууд л Mamma Mia! киноны Монгол хувилбар маягаар хийчихэж. Өөрөөр хэлбэл гадны киног монголчилж дахин бүтээжээ. Тэр утгаараа анхны хувилбарыг нь үзэж байсан үзэгчдийн хувьд оригинал кинотой нь харьцуулах зүйл маш олон гарч байсныг дурьдах нь зүйтэй байх. Тийм ч учраас аливаа киног хийхдээ хуучинаас нь дээрдүүлж үнэхээр чадах уу гэдэг асуултыг нэн тэргүүнд уран бүтээлчид маань өөрсөддөө тавих ёстой байх.

Жүжигчид:
Киноны гол дүрд дуурийн дуучин Ө.Уянга болон Т.Хулан нар тоглосон нь огт таалагдаагүй. Миний бодлоор UBS тэмцээнд 2р байр эзэлсэн Өнөржаргалыг ээж нь болгоод охиныг нь арай өөр хүнээр сонгосон бол гэж бодож суулаа. Universe Best Songs-ийн оролцогчдын тоглохыг үзэх гэж очсон болохоос бид чинь мэргэжлийн дуучин, жүжигчин хүмүүсийг харах гэж очоогүй шүү дээ. Тиймээс оролцогчдыг түлхүү харуулж өгсөн бол илүү ихээр баярлах байлаа.

Зураг авалт, найруулга:
Зураг авалт, зураг авсан газар, найруулгын хувьд хангалттай киноны утга санаар илэрхийлж чадсан. Залуу найруулагч Б.Чингүүний туршлага улам бүр сайжирч байгааг энэ киноноос харж болохоор байлаа. Нэг ойлгомжгүй хэсэг нь Тэрэлжид байрлах Гүнжийн сүмний шатаар уруудаад дүүжин гүүрэн дээр дуулдаг хэсэг яг ямар утгатай байсныг ойлгож чадаагүй өнгөрсөн.

Дуу:
АББА хамтлагийн дуунууд бол яах аргагүй урлагийн бүтээл учраас түүнтэй бол ярих юм байсангүй. Гол дүрүүдэд тоглосон жүжигчид ч эдгээр дуунуудыг өөрийн болгож дуулж чадаж байсан нь киног чимж байлаа.

Дүгнэлт:
Стресс ихтэй өнөөгийн нийгэмд нэг орой кинотеатр ороод үзэхэд гэмгүй хөнгөхөн, хэмнэл сайтай, их хөдөлмөр шингэсэн, гэгээлэг кино болжээ. Мэдээж оригинал киногоо гүйцэхгүй ч гэсэн гүйцэтгэл талаасаа боломжийн. 10 аас 7.5 гэж үнэлье.

Бичсэн: Hantulga  , Үндсэн бичлэг: Hantulga

Gran Torino (2009)

Нэрт найруулагч, жүжигчин, продесер, ая зохиогч Clint Eastwood-н хамгийн сүүлд гаргасан уран бүтээл болох Gran Torino кино нь 2009 оны эхээр гарсан.

Цагтаа Солонгосын дайнд оролцож, гавьяа шагнал хүртэж явсан, хатуу яхир, зөрүүд зантай, хүүхдүүд, эргэн тойрныхонтойгоо ч төдийлөн таарамжтай бус харьцаатай, өөрөө өөртэйгээ ч зөрчилдөж байдаг Walt Kowalski-н хөршөөр Азийн нэгэн үндэстэн болох Hmong үндэстэн айл нүүж ирсэнээр гол үйл явдал өрнөдөг.

Шинэ хөршийх нь Sue, Thao хэмээх охин, хүү хоёртой, нас дээр гарсан эмээ, ээжийн хамт амьдардаг, Thao хүүд эмээ, хамаатнууд нь "Эгчийхээ үгнээс гардаггүй, гэрийн ажилд нь тусалдаг, эр хүн гэхэд хэцүү" хэмээн, бага зэрэг "голонгуй" хандлагатай байдаг. Төд удалгүй тэдний хамаатан болох нэгэн жижиг дээрмийн бүлгийн ахлагч бүлгийхэнтэйгээ ирж Thao-г "жинхэнэ эр хүн" болж өөрсдийн дээрмийн бүлэгтээ элсэхийг ятган Walt Kowalski-н 1972 оноос шинээр нь хадгалж, хүн бүхний шуналыг хөдөлгөсөн Ford-ын Gran Torino маркын автомашиныг хулгайлах эхний "даалгавар"-ыг өгнө. Thao хүү ч "даалгаварыг биелүүлэх" явцдаа бүтэлгүйтэж, хийсэн оролдлогыхоо төлөө уучлал хүсэн Walt Kowalki-н хэлсэн ажил болгоныг хийхээр болж тэдний нөхөрлөл эхэлнэ.

 

Walt Kowalski өөрийн өнгөрсөн амьдралтайгаа зөрчилддөг, өөрийхөө амьдралдаа гаргасан алдаануудыг Thao-оор дахин давтуулахгүй байхыг хичээн, Thao-г зөв замаар чиглүүлж өгнө. Харин Thao-г бүлэгтээ авах гэж оролдоод бүтэлгүйтсэн "ах нар" нь шаралхаж тэдний гэр бүлийг элдэвлэн, зүй бус, хэрцгий авирласаны хариуд өшөө авалт хийхээр Thao хүү Walt-ыг ятган шавдуулж эхэлдэг. Энэ үед өөрийгөө эдгэрэшгүй өвчтэй болсоныг мэдсэн Walt бүхий л зүйлсээ цэгцлэн, өшөө хорсол нь буцалсан Thao хүүд өөрийн авсан "Мөнгөн од" одонг зүүж өгөн зоориндоо түгжиж орхиод өөрөө дээрэмчдийн гэрийн гадаа очиход Walt-с "сүнсээ зайлтал" айдаг дээрэмчид Walt-г зэвсэгтэй ирж өөрсдийг нь хөнөөх нь гэмээн буудаж орхино. Гэвч ямар ч зэвсэггүй Walt-г буудсаныхаа төлөө тэд удаан жилээр шоронд суух нь тодорхой болдог.

Walt өөрийн эд хөрөнгийг өөрийг нь үл тоомсорлон, хөрөнгөнд нь улайран шунах хүүхдүүддээ биш, сүмд, буяны үйлсэд зориулахаар гэрээсэлж, харин Gran Torino машинаа Thao-д үлдээхээр болсон байдаг.

Энэ киноны үйл, явдал, өрнөл нь хэдий хурц өрнөл багатай, энгийн мэт санагдах хэдий ч "эр зориг", "жинхэнэ эр хүн байх" талаар олны дунд хэвшсэн ташаа ойлголтыг эвдэж, хүн өөрөө хүсвэл хэрхэн өөрчлөгдөж, жинхэнэ нөхөрлөлын талаар багагүй ухаарал хайрлах бүтээл болж чаджээ. Заавал үзэх, тэр тусмаа эрэгтэйчүүд ядаж нэг удаа үзэхэд илүүдэхгүй болов уу.

Бичсэн: Б.Гансүх http://blog.gansukh.com/

"Life as we know it" (Бидний мэдэх амьдрал, кино тойм)

Өнгөрсөн сарын эхээр Өргөө кино театрт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон "Life as we know it" (Бидний мэдэх амьдрал) киног сонирхлоо.

 

Цөөнгүй кино зохиол бичсэн ч, олны танил хараахан болоогүй найруулагч Грег Берлантийн уг бүтээлд "Трансформерс" киногоороо үзэгчдийн хайрыг татах болсон, Холливудын сайхан залуусын нэг Жош Дюамель тогложээ. Тэрбээр хэдий энэ төрлийн киногоор олонд танигдсан ч, "The Romantics", "When In Rome" зэрэг "хөнгөн" кинонд хөнгөмсөг залуугийн дүрд ч тоглосон удаатай. Тэгвэл энэ удаад ч "Бидний мэдэх амьдрал"-ын гол дүр, спорт нэвтрүүлгийн техникийн албаны ажилтан Мессерийн дүрд тогложээ. Харин түүнтэй хамтран тоглож, Холли Беренсоныг дэлгэцэнд амилуулсан хүн нь жүжигчин Кэтрин Хейгл. Алдарт "Grey's Anatomy" телевизийн цувралд тоглосноор амжилтын гараагаа эхэлсэн тэрбээр "Алтан бөмбөрцөг" шагналд нэр дэвшиж, амеркийн телевизийн нэр хүндтэй шагнал "Эмми"-г хүртэж байсан билээ.

Бараг хүн бүхэнд л үнэхээр дургүй үзэж чадахгүй хэн нэгэн хүн байдаг л байх. Өнөөх дургүй хүнээ жигшиж, мөрөөдөл болсон хан хүү, гүнж ээ ирэхийг хүлээсээр хоног өдрийг өнгөрүүлдэг. Тэгтэл яг хажууханд тэр тусмаа зарим тохиолдолд өнөөх дургүй хүрэм залуу, бүсгүй чинь яг тэр хүсэж байсан хүн нь болох тохиолдол байдаг. Энэ юун дээр тулгуурлан ийм болов, хамтдаа аливаа зүйлд зүтгэж, оролцож багагүй хугацааг хоёр биенийхээ дэмээр даван туулж ихэнх тохиолдолд маргаж үл ойлголцох тохиолдол үүсэж байсан хэдий ч энэ тэдний хойшид мартагдахааргүй сайхан дурсамж болон үлдэж нэг л мэдэхэд бие биедээ татагдан жинхэнэ бодит зүйл бий болж буй юм. Энэхүү үйл явц “Бидний мэдэх амьдрал ” кинон дээр ийнхүү дүрслэгдэнэ.

Нэгэн жижиг бялууны газар ажиллуулдаг Холли Беренсон, телевизийн спортын нэвтрүүлгийн техникийн албаны ажилтан Эрик Мессер нарыг тэдний хамгийн дотны найзууд болох Петр, Алисон нар тэднийг хооронд нь танилцуулж, дотносуулахаар оролдсон ч бүтэлгүйтэв.

Энэ үйл явдлаас хойш удалгүй Петр, Алисон нар автомашины осолд амь үрэгдэх ба охин Софи-гоо түүний загалмайлсан эцэг эх болох Холли, Эрик нараар өсгүүлэхээр гэрээслэн үлдээнэ. (Христийн шашны ёс заншлын дагуу Европын орнуудад эцэг эх нь амиа алдах буюу, үр хүүхдээ өсгөх боломжгүй болсон тохиолдолд загалмайлсан эцэг эх нь тэр хүүхдийг өргөж авах эртний ёс бий). Чухам яагаад Петр, Алисон нар охиноо тэднээр өсгүүлэхээр шийдсэн юм бол гэсэн асуултыг Эрик, Холли нар өөрсдөөсөө асууцгаана.

Хүүхэд асрах, өсгөж хүмүүжүүлэх тал дээр ямар ч туршлагагүй, бас дээрээс нь хоорондоо тохиромж муутай Эрик, Холли нар хамгийн дотны найз нарынхаа сүүлчийн хүслийг биелүүлж Софи охиныг өсгөхөөр шийдэн хамтран амьдралаа эхэлдэг. Тэдний эрх чөлөөт амьдралын хэв маягт нь цөөнгүй өөрчлөлт орж, хүүхдийн живх солиход суралцахаас эхлээд Эрикийн хувьд зурагтаар сагсан бөмбөгийн тоглолт үзэхийн оронд Софигийн тааллаар хөгжөөнт нэвтрүүлэг үздэг болно.

Хамгийн эрхэм үнэт зүйл нь үнэнч хобби, ажил биш үр хүүхэд, гэр бүл гэдэг нь Холли, Софи хоёроос тусдаа байх хугацаандаа сагсан бөмбөгийн тоглолт бус Софи охины дуртай нэвтрүүлгийг үзэж суугаа Эрикийн төрхнөөс,  гаднаа ширүүн, ажил хэрэгч баг зүүж явдаг ч Эрик, Холли хоёрыг гэр бүл болж аз жаргалтай амьдраасай хэмээн хүсч уяхан сэтгэлийн илэрхийлэл болгон нулимс дуслуулж буй хүүхдийн эрхийг хамгаалах төвийн ажилтан бүсгүйн төрхнөөс харагдана.

Хэдий найз нөхөд ч гэсэн цусан төрлийн холбоогүй хүний хүүхдийг, сайн харилцаатай биш хүнтэй хамт өсгөнө гэдэг бидний сэтгэлд багтахгүй, байж болшгүй зүйл мэт санагдаж ч болох. Гэвч энэ бүхэн нь хүн бүхний хайж явдаг амьдралын утга учир байж болох юм гэдгийг харуулахыг зорьжээ.

    Бидний мэдэх амьдрал товчхондоо иймэрхүү. Зохиолын хувьд энгийн, уйтгартай, байдаг л нэг үлгэрийг хэлбэрийн хувьд жоохон өөрчилсөн төдий. Түүнчлэн жүжиглэлтийн хувьд нарийн ур чадвар төдийлөн харагдахгүй, гэр бүлээрээ амралтаараа цагийг өнгөрүүлэхэд тохиромжтой мэт кино байлаа. Гэхдээ нөгөө талаас нь харвал гэр бүлтэй, хүүхэдтэй болох нь хүнд ямар их ухаарал өгдөг төдийгүй эдгээр нь хичнээн үнэ цэнэтэй болохыг харуулахыг хичээсэн нь сайшаалтай. Тэд хүүхдийнхээ төлөө зовниж, түүнийхээ төлөө бүхнээ зориулж байгааг олон удаа харуулжээ. Мөн киноны туршид хамгийн их сэтгэл хөдөлгөсөн зүйл нь Софи охин хэлд орж, "ээж ээ" гэж хэлдэг хэсэг байлаа. Эх хүн болохын жаргалыг эмэгтэй хүн энэ үед л хамгаас илүү мэдэрдэг болов уу гэж бодогдсоноо нуух юун.

Сонирхуулахад Софи охины дүрд Clagett-ийн эгч дүүс тогложээ. Киноны үйл явдал өрнөх хэдэн жилийн хугацаанд Софи охины хэрхэн өсч торниж байгааг хараад "Зураг авалт багагүй урт хугацаанд явагдсан юм болов уу?" гэсэн бодол төрснийг нуух юун. Ийм хөөрхөн, дэрсхэн эгч дүүс байх юм гэж хэний санаанд орох билээ.

  Харин кинонд нэг алдаа байсан нь зуны улиралд NBA-ийн тоглолт дамжуулж байлаа. Уг нь NBA-ийн тоглогчид зун амарч, америкийн сагсан бөмбөгийн холбоо энэ үед ямар нэг тоглолт зохион байгуулдаггүй. Мөн "Өргөө" кино театр орчуулгын алдаа гаргаж, дэлгэцэнд "Autumn" гэж намрын улирлыг харуулахад доор "хавар" гэсэн бичиг гарч байлаа.

Өрнөдийн томоохон хэвлэлийн кино шүүмжлэгчдийн зүгээс киноны үргэлжлэх хугацааны тухайд арай урт байгаа тухай дурдсан байв. Энэ бол бидний л мэдэх амьдрал байлаа.

 

Бичсэн:   Жүгдэрийн Хулан, Ганхүүгийн Эрдэнэбаатар, Батжаргалын Гансүх ( MMF Review Team )

Энэхүү Кино тойм нь Mongolian Movie Fanatcs -ийн өмч бөгөөд, зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлахыг хориглоно.

Монголын Кино сонирхогчдын холбоо (2010) 

 

The Pianist (2002)

Польшын нэрт найруулагч Роман Полански-н 2002 онд бүтээсэн "The Pianist" буюу "Төгөлдөр хуурч" киног кино урлагийн түүхэн дэх үнэхээрийн агуу бүтээл хэмээн магтан шагшихаас өөр аргагүй юм. Кино найруулагчийг дайн тулаан, хүний дотоод сэтгэл, сэтгэлзүй, урлагийн ертөнцийг гаргууд судалж, өчүүхэн жижиг деталиудыг ч алдалгүй уран нарийн гаргасаныг гайхмаар. Гэхдээ миний хувьд энэ бүтээлийн авсан шагнал, жүжигчдийг танилцуулж магтаал урсгахыг алгасаад кинонд гарах нарийн ширийн агшнуудыг анзааран түүвэрлэж өөрийн тайлбарыг нэмэн өгүүлэхийг зорилоо.

Киноны үйл явдал Ервей гаралтай Польш төгөлдөр хуурч Владислав Шпилман хэмээх авьяаслаг залуу (түүхэн бодит хүн) нэгэн радио студид Шопений Nocturne No. 20 in C# minor тоглож байх үед Дэлхийн 2-р дайны довтолгоон Польш улсыг хамарч, түүний тоглож байгаа байшингийн хэсэг бөмбөгдөлтөнд өртөж байгаагаар эхэлдэг. Энэ үед радиогийн нэгэн ажилтан шилэн цонхны цаанаас тоглохоо зогсоо хэмээн дохиход гол дүр маань "үгүй" хэмээн толгой сэгсрэн байшин үргэлжлүүлсээр байгаагаас хөгжимчин хүний хатуу чанд дэг, тэвчээр, сэтгэлийг анзааран харж болно. Энэ аргагүйн тасалдсан хөгжмөө киноны төгсгөл хэрд энх тайван цагт дахиж тоглож байгаагаар мөн харуулдаг.

/* Хөгжимчний хат, тэвчээр гэж дуугарсан дээр нэмээд жаахан тайлбар хиймээр санагдав. Хөгжмийн урлагийн ертөнц хэмээгч нь буу зэвсэг барьж хүний амь таслах үйлдэл хийдэггүй л болохоос "цэргийн дэглэм"-тэйгээр явагдах ёстой зүйл гэж би өөрөө биеэр мэдэрч таньсан хүний хувьд хэлнэ. Цагийн баримтлал, байнгын эрчимтэй бэлтгэл, эрүүл чийрэг бие, биеийн хүч, ур чадвар, авьяасыг хөгжүүлэх, хатуу үг даах, биеэ дайчлах чадвар, бие сэтгэлийн ачаалал даах тэвчээр гэсэн тулгуур дээр тогтдог эд. Эдгээрийг хэрэгжүүлж байж л гэмээнэ "хөгжмийн ертөнц"-д "амьд үлдэж" чадна, эс бөгөөс энэ агуу ертөнцөөс арчигдана. Тийм л хатуу. Амьдрал уй гашуу таагүй явдал тохиолдсон ч гадна төрхөндөө үүнийг үл харуулах, тоглох үед тохиолдсон ямарваа нэгэн саад тотгорыг үл анзааран үргэлжлүүлэх хатуу чанга дэгтэй. Бөмбөг дэлбэрдэггүй юм аа гэхэд хамар дээр ялаа суухад үргээх эрхгүй :P */

Ганцхан хүний амьралын хэсэг хугацаа(Дэлхийн 2-р дайны 5 жил), газар зүйн хувьд багахан хэсэг талбайг хамарсан үйл явдал өрнөж байгаа хэдий ч дайны хор хохирол, нүд хальтрам үйл явдал төрх байдлыг хурцаар харуулсан. Энэ дайны гашуун түүхийг өгүүлсэн кинонуудын дийлэнх нь үнэндээ улс төрийн хувьд дайсны талыг муучилж гоочлон өөрийн талыг илүү дөвийлгөөн сайшаасан "баатарлагийн туульс" байдаг бол энэ киноны хувьд ХҮН хэмээх эрхэм чухал чанарыг голлон авч үзсэнээрээ онцлог.

Еврей үндэстний онцлогийг ч энэ киноноос тод томруун анзаарагдана. Өөр аль ч улс үндэстэнд байдаггүй эв нэгдэл, өөрийн үндэс угсаагаар бахархах үзэл, нэгэндээ тусалж тэтгэх чанар, оюуны өндөр чадвар, авьяас тэдэнд бий (Монголчууд өөрсдийгөө магтан дөвийлгөн маш дуртай хэдий ч эв нэгдэл, бахархлаа чин сэтгэлээсээ дээдлэх зан байхгүй гэж хэлж болно). Чухам энэ зан чанараас бол ихэнх улс орны "дээд" ангийг Ервей үндэстэн эзлэх болсонд дургүйцсэн үндсэрхэг үзэлтэн Гитлер "Ервейчүүдээс цэвэрлэх" аян өрнүүлсэн мэт.

Шпилманы гэр бүл ч Ервей гэдгээрээ гадуурхагдан шахагдсаар бөөнөөр хорих лагерьт ачигдахын өмнө түүний аав байгаа бүх мөнгөөрөө шахам ганц ширхэг зөөлөн чихэр худалдан авч олон тэнцүү хуваан гэр бүлийн гишүүд адил тэнцүү хүртэж байгаа харахад өөрийн эрхгүй нэгийг бодох биз ээ. Харин бөөнөөр хорих лагер луу "ачих" ажлыг гүйцэтгэхэд оролцож байсан түүний авьяас чадварыг үнэлдэг Ервей танил нь түүнийг сэмхэн холдуулж хоригдох аюулаас аварч Варшавт шигшигдэн үлдсэн цөөхөн хэдэн залуу Еврей ажилчдын нэг болж үлднэ. Түүний хайрт бүсгүй, хайрт бүсгүйнх нь нөхөр, тэдний найз гээд туслах сайн санаат хүмүүсийн тусламжтай багагүй хугацааг өнгөрөөж, мөдхөн "эзэнгүй" хотод үлдэж хүндхэн амьдралыг туулна.

Шпилманы дараа орох гол дүр гэж хэлж болохуйц дүр бол Германы цэргийн ахмад Wilm Hosenfeld. Эзэнгүй байшингуудаар явж хайж олсон лаазалсан хүнсийг онгойлгох багаж хайж байгаад санамаргүй энэ Герман эрхэмтэй тааралддаг. Тэрээр Шпилманы талаар асууж Төгөлдөр хуурч гэдгийг олж мэдэн цааш дагуулан төгөлдөр хууртай өрөөнд оруулж тоглож өгөхийг хүсэхэд "манай хүн" Шопены Ballade No.1 Op.23-ын хэсгээс тоглож өгдөг. Киноны дээр Хосенфелд төгөлдөр хуур тоглож огт харагддаггүй боловч түүнийг төгөлдөр тоглодог, эргэн тойрныхондоо ч төглөдөр хуур тоглодог гэж танигдсаныг илтгэх хангалттай шалтгаануудыг кинон дээрээс харж болно.

  • Хосенфелд, Шпилман хоёр тааралдахаас нэлээд өмнө киноны ард Бетховены 14-р сонатын нэгдүгээр хэсэг буюу Moonlight Sonata-ийн хэсгээс бүдэгхэн эгшиглэдэг. (Польшын хөгжмийн зохиолч Шопен, Германы Бетховений хөгжимд зааг байхгүй гэсэн санааг найруулагч мөн хэлэх гэсэн болов уу)
  • Шпилманаар төгөлдөр хуур тоглуулаад сууж байх үед түүний жолооч гадаа нь зүгээр хүлээгээд л зогсч байгаа 2-3 секунд өнгөрдөг.

Эндээс Хосенфелд жолоочоо гаднаа хүлээлгээд өөрөө дотор төгөлдөр хуур тоглодог байсан хэмээн дүгнэх хангалттай "шипи"-г киноны найруулагч бидэнд өгөөд байна :D Мэргэжлийн хөгжимчин биш ч өөрөө тоглодог, урлагийг мэдэрч ойлгож биширдэг, авьяастныг хүндэлж Германы армийг буцтал Шпилманд идэх хүнс илүүчилж, буцахдаа гадуур хувцсаа "дулаан" гэж бэлэглэдэг. Урлагт дуртайгаас гадна Хосенфелдийн ажлын ширээн дээр түүний гэр бүл, 3 хүүхэдтэйгээ авхуулсан жаазтай зураг харагдаж байгаа нь түүнийг "гэр бүл, аз жаргалын үнэ цэнийг мэддэг", "хэзээ ч дайныг үл хүсэмжлэгч" гэсэн ойлголтыг бататгаж өгнө. Үүгээрээ "дайсны" цэрэг болгон дайсан биш, тэд ч гэсэн бидний адил ХҮН. Харин ХҮН бидний эсрэг цорын ганц ДАЙСАН нь ДАЙН юм гэдгийг ойлгуулахаар, батлахаар зорьжээ.

"Төгөлдөр хуурч" киноноос та ямар ч хурц өрнөлтэй адал явдал, фантаз, хошигнол, романтик хайр дурлал, уран сайхны хэтрүүлэг, хийсвэрлэл, компьютер графикийг олж харахгүй. Харин хөгжмийн урлаг, жинхэнэ киноны яруу тунгалаг ертөнц, дотоод сэтгэл, чанадын нууцыг олж харна. Үзээгүй бол заавал үзэх, үзсэн ч дахин үзэх ёстой, ЖИНХЭНЭ КИНО гэсэн дүгнэлтийг л миний зүгээс хэлнэ.

Бичсэн: Б.Гансүх http://blog.gansukh.com/

'The Dark Knight Rises' Christopher Nolan, Christian Bale нарын хамтарсан сүүлийн Batman

THE DARK KNIGHT RISES (Batman 3rd Installation, Last of the Trilogy)

Кристофер Нолан Батман цувралынхаа хамгийн сүүлийн ангийг хийх гэж байгаа нь нэгэнт тодорхой болжээ. Ингэснээр алдарт цуврал маань трилоги болж байгаа нь энэ! 2002 оноос хойш Warner Bros-оор дагнаж буй зохиолч, найруулагч, продюсор маань энэ удаад мөн л WB-тэй хамтран ажиллах юм байна. 2010 INCEPTION киногоороо дэлхий нийтийг байлдан дагуулсан боловч хамгийн их ашиг орлогыг олсон кино нь өнөөх Батманы 2 дахь анги The Dark Knight (2008) байлаа.
Нолан болон Бэйл нарын хамтарсан цувралын сүүлийн анги нь 2011 оны 1 сард зохиол нь бэлэн болж зураг авалтыг 5-аас 8-р сарын хооронд хийж 2012 оны 7 сарын 20нд нээлтийг хийж кино театруудын дэлгэцнээ гаргахаар төлөвлөсөн байна. Кинонд хуучны олон танил дүрүүд байхаас гадна зарим шинэчлэлт содон дүрүүд нэмэгдэх бололтой. Тодорхой юм гараагүй ч олонх сонирхогчдын асуусан "3D юу?" гэдэг асуултанд "киног 3D-ээр гаргахгүйээ!" гэж Нолан хэлсэн байна. Харин өндөр нягтралтай IMAX камераар дахин зураг авалтыг хийх ажээ.

Мөн нэгэн сонирхолтой мэдээлэл гарсан нь Inception кинонд Forger -ийн дүрээр тоглосон Tom Hardy уг ангид Hugo Strange хэмээх террористын дүрд тоглох юм байна, одоогоор 100 хувь батлагдаагүй ч бодитой эх сурвалжаас авсан мэдээлэл юм.


Ноланы хувьд сүүлийнх нь боловч, Батман-гийг цааш нь өөр найруулагчтай хамтран үргэлжлүүлэх боломж Warner Bros-д байгаа юм. Өмнөх ангиудад Батманы дүрд тоглосон Бэйл ч бас хамгийн сүүлийн удаа гэж хэлсэн байна. 
За ингээд бас нэгэн хүлээлтийг үүсгэж байгаа нь энэ дээ! Мэдээж манайд нээлтээ хийх тэр цагт Кино Фанатууд хамтдаа шимтэн үзэцгээнэ гэдэгт итгэлтэй байна!

Wednesday, November 24, 2010

Бидний дуртай кино найруулагч, продюсерууд (FB discussion)

  • Eio Otgoo
    Кино найруулагч гэдэг хүн хэдий гол дүрийн жүжигчидийнхээ нөмөрт ихэвчлэн байдаг хэдий ч энэ хүн бол уран сайхан кино гэдэг зүйлийн хамгийн чухал хэсэг яах аргагүй мөн гэж би хувьдаа үздэг. Таны дуртай найруулагч нар хэн хэн бэ?
    Миний хувьд гэвэл юуны түрүүнд Francis Ford Coppola орно. Хүн бүхний сэтгэлд хоногшсон бүх цагийн үеийн шилдэг кино болох Загалмайлсан Эцэг киноны найруулагч юм. Түүний найруулсан кинонуудаас заавал үзэх кинонуудыг дурьдвал: Godfather Trilogy, Apocalypse Now, Dracula, The Odyssey, The Outrage, Moby Dick, Sleepy Hollow, The Virgin Suicides, Jeepers Creepers, Pumpkin, The Good Shepherd гэх мэт кинонуудыг найруулсан агуу хүн юм.

    2. Martin Scorsese. Мөн л үнэхээр биширмээр... заавал үзэх ёстой кинонууд: American Boy: A Profile of: Steven Prince, Taxi Driver, Raging Bull, The King of Comedy, Bad, The Last Temptation of Christ, New York Stories, Good Fellas, Cape Fear, Casino, Kundun, The Age Of Innocence, Gangs Of New York, The Aviator, The Departed, Shutter Island... гэх мэт олон олон гайхалтай кинонууд бий.

    3. Stanley Kubrick. Хэдий олон кино найруулаагүй хэдий ч түүний найруулсан цөөн хэдэн киноны багар бүгд Оскарын шагнал хүртэж байсан юм. Үнэхээр шүтэхгүй байхын аргагүй найруулагч. Кинонуудаас гэвэл: Spartacus, Dr. Strangelove or: How I Learned to Stop Worrying and Love the Bomb, Lolita, 2001: A Space Odyssey, A Clockwork Orange, The Shining, Full Metal Jacket, Eyes Wide Shut гэх мэт... ер нь олж чадвал бүх киног нь үзсэн та харамсахгүй...

    4. Quentin Tarantino. энэхүү нэрийг мэдэхгүй хүн ховор байлгүй дээ... жүжигчдийнхээ дүрийг үнэхээр маш сайн гаргаж амилуулж өгч чаддагаар гайхалтай. Түүний кинонууд: Reservoir Dogs, Pulp Fiction, Kill Bill 1&2, Death Proof, Inglorious Basterds, Grindhouse, Planet Terror, Jackie Brown, Somebody to Love, Desperado гэх мэт. Мөн Килл Биллийн фенүүдэд дурьдаж хэлэхэд 2014 онд 3р анги нь гарах магадлалтай байгаа юм байна шээ шүү...

    Зөвхөн энэ 4-р ч зогсохгүй өшөө олон олон агуу найруулагчууд бий. энэ 4 бол ердөө л яг одоо толгойд минь хамгаас тод байгаа 4 юм...

    Өөрсдийн дуртай кино найруулагчуудаасаа энд хуваалцана уу

  • Акира Куросава.
    Дэлхийн кино урлагт Акира Куросава гэдэг япон хүний оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй,түүний уран бүтээлийн кинон дахь уламжлал,шинэчлэл бол Өрнө,Дорнын хооронд нэг ёсондоо гүүр болсон гэж хэлж болно.Киног амьдралаа гэж үздэг тэрбээр 1910 оны 3 сарын 23-нд Токио хотод самурай гаралтай офицерийн гэрт төржээ.26 настайдаа кино урлагт хөл тавьж,найруулагч Казиро Ямамотогийн туслахаар долоон жил ажилласан байна.1941 онд анхны кино зохиолоо бичиж,хоёр жилийн дараа эхний киногоо найруулжээ."Сугата Сансиро" гэдэг уг кинонд XIX зууны сүүл үед Японд жүдо бөх хөгжиж байсан тухай өгүүлсэн байв.
    Түүний зарим кино илт улстөрийн өнгө аястай байсан гэдэг.Тухайлбал "Бар мөрдсөн эрчүүд" хэмээх киног нь эрх баригчид хориглосноос 1952 он хүртэл дэлгэцнээ гаргаагүй гэдэг.Куросавагийн нэлээд хожуу үеийн бүтээлүүд нь хүний гоо сайхан хийгээд үхлийн нууцад нэвтрэх өвөрмөц оролдлого гэж болно.Найруулагчийн хувьд "Согтуу хархүү","Долоон самурай","Расёмон" зэрэг кино нь түүнийг гээсэн гэж судлаачид үздэг."Расёмон" нь 1950 онд дэлгэцээр гарснаар Куросавагийн дэлхийн киноны их наадмын улаан хивсэн дээгүүр алхах зам нь эхэлсэн гэж хэлж болно.Японы кино гэж юу байдгийг чухам энэ бүтээлээрээ Америк болон Европт харуулсан гэдэг.Куросава Оросын болон Өрнөдийн зохиолчидын хэд хэдэн зохиолыг дэлгэцийн бүтээл болгосон юм."Маанаг гайхал","Цуст титэм","Диваажин ба там" зэргийг нэрлэж болно.

    Куросавагийн уран бүтээл их олон талтай.Түүхийн болон орчин цагийн сэдвээр кино "хийсэн",адал явдалын кино ч бий.Сэтгэл зүйн нарийн асуудлыг хөндөж байсан.Ямар ч бүтээл байлаа гэсэн бодит байдал хийгээд хуурмаг явдлыг хоорондын зөрчил гол үндэс суурь нь болсон байдаг.1951 онд Венец хотод болсон их наадмаас шилдэг бүтээлийн гран-при шагнал хүртсэн "Расёмон" гэдэг кинонд хүний сэтгэлийг гол шугамаа болгосон.Амиа алдсан самурайн гэргий,дээрэмчин,цорын ганц гэрч,алуулсан хүн өөрөө хүртэл болсон явдлын талаар мэдүүлэг өгч буйг энэ кинонд харуулдаг.Тэдний мэдүүлэг зөрдгөөс оньсого шиг энэ явдлыг тайлж чаддаггүй.Японы нэрт зохиолч Акитагаваас Рюноскэгийн бичсэн хоёр туульс энэ киноны үндэс суурь болсон юм билээ.Анхны түүхэн туульсын кино гэж үздэг "Долоон самурай"-д хөдөө нутгийн хүмүүс эзэнгүй хоцорсон долоон самурайг хөлсөлж,дээрэмчидээс ургацаа хамгаалуулж буй тухай өгүүлдэг.Куросавагийн кинонд аливааг олон талаас нь харуулдаг.Кино зураглалын янз бүрийн аргыг хэрэглэсэн байх нь элбэг."Долоон самурай" -н зургийг авахдаа нэгэн зэрэг гурван хөдөлгөөнт камер ашигласан гэдэг.Кинондоо Японы уламжлалт байгалийн уран зургийг оруулсан нь цөөнгүй.


    Долоон самурай /1954/
    Цуст титэм /1957/
    Гурван өөдгүй амьтан /1958/
    Бие хамгаалагч /1961/
    Санзюро /1962/
    Улаан сахал /1965/
    Додескаден /1970/
    Дерсү Узала /1976/
    Сүүдрийн дайчин /1980/
    Ран /1985/Зүүд /1990/ гээд нийт 31 бүтээл туурвисан. http://kornelus-wf.blogspot.com/    миний эхэнд Акира Куросава ордог,тэгээд junior Сергей Бодров /тийм олон кино хийгээгүй ч Ах,Баатар эр тууланд үхдэггүй/энэ кино нь бүрэн эхээрээ байдаггүй/,Кавказийн хоригдол кинонууд нь таалагддаг/туслах найруулагчаар ажиллаж байсан//
    бусад дуртай найруулагчиддаас дээр орчихож ;))

  • Б. Сайнсанаа
    Миний хувьд хамгийн гайхал төрүүлдэг найруулагч бол Стивен Спилберг түүний кинонуудыг нэг удаа үзхэд л хэд хоног ой тойноос минь гарч өгөхгүй зовоодог, Монголоос гэхийн бол Г.Жигжидсүрэн л байна даа
  • Anudari Melancholic Cf
    Миний дуртай найруулагчид гэвэл Stanley Kubric., Christopher Nolan., Alfred Hitchcock., David Fincher., Darren Aronofsky., Brad Anderson., David Lynch., Martin Scorsese., Tim Burton гэх мэт..
    Stanley Kubric, Chris Nolan, David Lynch , Martin Scorsese, Tim Burton, Steven spielberg, Quentin tarantino өөр зөндөө бий
  • Ihenh tomchuudiig bichsen bna daa, gehdee ROLAND EMMERICH /every movie he dirested is awesome/, PETER JACKSON /you know what I'm talking about/ nariig mention hiimeer sanagdlaa. Mun M.NIGHT SHYAMALAN /The happening, Lady in water/-ii kinonuud sodon, uvurmuts bolj chaddag shu.
  • Ридли Скот
    Жан Имой
    Кристофэр Нолан
    Даррен Арнофский ...

    Олон кану найруулаагүй ч гэсэн нэрд гараагүй олон "хүүхдүүд" байх л.

Нийтлэлийг Mongolian Movie Fanatics Discussion хэсэгээс авлаа.

Tuesday, November 23, 2010

Mongolian Best Bloggers 2010

Mongolian blogger 2010 хэмээх шилдэг блогчид шалгаруулах уралдаан болж байна. Та бүхэн манай блогыг уншдаг бол энэ хуудас руу зочлон Google, Yahoo, Facebook гэх мэт account-аараа нэвтэрч (login) ороод I Agree даран саналаа өгөөрэй. Манай групп та бүхэнд шинэ мэдээ мэдээлэл болон үйл ажиллагаагаараа кино сонирхогчиддоо байнга бэлэг барьж байх болноо.

Saturday, November 20, 2010

Харри Поттер : Үхлийн Эрдэнэс 1-р хэсэг (Harry Potter 7 Review)

 

  Дотны найзтайгаа 19нд  японд нээлтээ хийсэн  Харри Поттер : Үхлийн Эрдэнэс киног үзэж ирээд киноны амт шинэхэн байгаа дээр бага зэргийн кино шүүмж бичихээр шийдлээ. Гэхдээ миний бичгийн чадвар сулийн дээр кино сонирхогч төдийхөн тул мэргэжлийн шүүмж болж чадахгүйг минь ойлгож үзэх байхаа гэж найдаж байна. Киноны эх зохиол болох сүүлийн цуврал номийг бараг 2 жилийн өмнө уншиж байсан болохоор ерөнхийдөө ямархуу үйл явдал өрнөхийг төсөөлж байсан ч дэлгэцэнд гарах өдрийг нь хоног тоолж шахуу хүлээсэн гэхэд болно. Нээлтийн эхний өдөр байсан болоод ч тэр үү кино танхимд үзэгчид ихтэй байсан ч япончуудаас илүү европчууд их байлаа. Кино эхлэхийн зэрэгцээ арийн эгнээнээс Харри гэж орилдон үзэх гэж яарч буй нь илхэн байв. Харин киноны нэрний хувьд, Deathly Hallows гэдгийг монгол хэл дээр үхлийн тахил, үхлийн адис гэх мэт янз бүрээр хүмүүс орчуулсан байсан боловч япон орчуулга нь  `Үхлийн Эрдэнэс` гэсэн байна лээ.

 Кино эхлэлээсээ л нилээдгүй хүнд өнгө аястай байх нь тодорхой байв. Шидтэний яам Волдеморт эргэн ирсэнийг зарлаж,  Харри Поттер өөрийг нь хүлээж буй хувь тавилантайгаа нүүр тулахаас өөр аргагүй байдалд орох болно. Дамбледорийн дагагч нар шидтэний ертөнцийн итгэл найдвар болсон Харрийг Волдемортоос хамгаалахын тулд эргэн нэгдэцгээх боловч тэдний зарим амьд гарч чадахгүй нь Харрид хүнд цохилт болж байлаа. Тиймээс Харригийн хувьд, Волдемортийн эсрэг ганцаар тэмцэх нь түүнд илүү амар байв. Энэ удаагийн киноны гол зангилаа нь  хоёр гол зүйл дээр төвлөрч байв......

Friday, November 19, 2010

2011 зуны кино жагсаалт (Тайлбаргүй)

Thor – May 6th

thor movie odin

Pirates of the Caribbean: On Stranger Tides – May 20th

barbossa pirates of the caribbean 4

The Hangover 2 – May 26th

the hangover 2 2011
 

Kung Fu Panda: The Kaboom of Doom – May 27th

Kung Fu Panda 2 2011

X-Men: First Class – June 3rd

xmen first class movie

Fast Five – June 10th

fast five movie

Green Lantern – June 17th

green lantern movie ring

Cars 2: World Grand Prix – June 24th

cars 2 2011

Rise of the Apes – June 24th

planet of the apes prequel

Transformers 3 – July 1st

transformers 3

Harry Potter and the Deathly Hallows: Part II – July 15th

harry vs voldemort

Captain America: The First Avenger – July 22nd

captain america movie pics chris evans

Cowboys and Aliens – July 29th

daniel craig cowboys aliens

Thursday, November 18, 2010

Social Network (Video Review)

Юм нэмж хэлэх гэснээ угаасаа үзэж дуусангуутаа төрсөн сэтгэгдэл, санаанд үлдсэн юмнуудаараа хийсэн бичлэг нь хамаагүй сонирхолтой байх биз гэж бодоод шууд тэр чигээр нь орууллаа. Та нарт бүгдэд чинь Social Network таалагдсан гэдэгт би бараг л итгэлтэй байна.

  Video Review by Anu Harchu

Wednesday, November 17, 2010

Green Lantern кино тун удахгүй (Трэйлэр)

2011 оны 6 сарын 17 нд дэлхий даяар нээлтээ хийх Варнер Броз кино компани,найруулагч Martin Campbell нарын бүтээлд жүжигчин Ryan ReynoldsBlake LivelyPeter Sarsgaard нарын тогложээ.

Үйл явдал: Туршилтын нисэгч Жон Холл сансараас ирсэн гийчний ногоон бөгжийг зүүснээр ертөнцийг хамгаалагчдын нэг болсоноор, түүний амьдрал өөрчлөгдөнө.... 

Tuesday, November 16, 2010

Inception – Review

Бид зүүдлэх үедээ юү болоод байгааг мэдэхгүй аливаа нэг юм өрнөж байгаа мөчид орж ирдэг шүү дээ, тэрэнтэй адил Inception кино таныг уусган авах болно.

One of the Few Inspiring Fight Scenes in Movies

Christopher Nolan бол үнэхээр миний дуртай найруулагчдын нэг түүний найруулдаг кино болгон нь их нарын нухацтай бодолтой хийсэн байдаг учир иймэрхүү кино сонирхдог үзэгчдэд үнэхээр хүрж чаддаг.

1. Кино маань үнэхээр дажгүй зохиолтой харин үзэж байгаа үзэгч маань зохиолын утга учир шалтгааныг олохгүй бол ойлгоход төвөгтэй, Зохиолыг тэгж их нямбай хийсэн нь киноны үйл өрнөлийг маш их сонирхолтой бөгөөд сайн болгосон нь надад үнэхээр таалагдсан. Nolan-ийн найруулсан зохиол үнэхээр хүнд бөгөөд жинхэн мэт бодит болгох гэсэн оролдлогоор үнэхээр баялаг учир түүний кино болгон маш таалагддаг ялангуяа Inception дээр гардаг зохиол бол маш үнэхээр олон давхрагатай нэг зүүдэнд болж байгаа үйл явдлыг харуулж буй хэрнээ нөгөө зүүдэнд болох үйл явцыг харуулж байгаа зэрэг нь зохиолыг их сайн болгож өгсөн гэж бодож байна........

Monday, November 15, 2010

“Японы Кино Өдрүүд” (Үнэ төлбөргүй)

17. Nov. Wednesday
07pm: “Аврал” (Cure-1997, 115 минут)

Нэгэн бие үнэлэгчийн амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан дуудлагаар
цагдаагийн мөрдөгч Такабе хэргийн газар ирж бусад хэргүүдтэй төстэй
шинж тэмдэгүүдийг анзаарна. Хэрэг бүрт өөр өөр алуурчин холбогдон
баривчлагддаг ч хохирогч бүрийн бие дээр Х тэмдэгийг үлдээдэг байж.
Хэргийг мөрдөх явцад, Такабе болон түүний сэтгэлзүйч хамтрагч Сакума нар
анагаахын сургуульд сурч байсан Мамия хэмээх нэгэн залууг олж тогтоон,
түүний нөлөө хэрэг бүрт байгааг илрүүлнэ. Учир битүүлэг энэ хэрэг хэрхэн
шийдэгдэх, мөн оюутан байхад нь Мамиятай юу тохиолдсон тухай уг
киноноос олж мэдэх болно.

18. Nov. Thursday
07pm: “Токио Цамхаг” (Tokyo tower – 2007, 142 минут)

Лили Фрэнки нэрээр алдаршсан Масая Накагавагийн нэрт зохиолын дагуу
бүтээсэн энэхүү кинонд Масая хэмээх залуугийн амьдралын тухай өгүүлнэ.
Бага насанд нь эцэг, эх нь салан тусгаарлаж, Масая зугаа цэнгэлээр
дүүрэн хөнгөн амьдралыг сонгоно. Харин нэгэн өдөр түүнд ухаарал ирж,
Мизүэ хэмээх найз бүсгүйтэй болж, улмаар өөрийн өвчтэй ээжийгээ Токиод
авчран насан эцэслэх хүртэл нь халамжилна. Масаягийн бага насны дурсамж,
баяр хөөр, зовлон шаналалаар дүүрэн амьдралынх нь сэтгэл хөдлөм
мөчүүдийг энэ киноноос үзээрэй.


19. Nov. Friday
07pm: “Нар тусах мод буюу хайрын дөл” (Embers – 2004, 121 минут) Насанд хүрэгчидэд


Баримтат кино үйлдвэрлэлээр тэргүүлэгч компаний тэргүүн Го нэгэн киноны
гол дүрийн баатар болох сэлмийн дарханыд очихоор 25 жилийн дараа
Канагава мужыг зорино. Гэвч нас нь өндөр болсон дархан өрөнд баригдаж,
бие нь муудан хэвтэрт оржээ. Дарханы охин болох Чигиритэй уурзахад бага
насны дурсамжууд сэтгэлд нь сэргэж, түүнтэй ойртохын тулд Го гэр бүлийнх
нь өрийг төлөх шийдвэр гаргаж, улмаар Го, Чигири хоёр дотно харилцаатай
болно. Харин Го хорт хавдраар өвчилсөн тул хос хоёр үлдсэн цаг хугацааг
бие сэтгэлээрээ хамт өнгөрүүлэхийг хичээж, хамтдаа хөгшин царс модны
доор насан эцэслэхээ тангараглана.


20. Nov. Saturday
03pm: “Күүтэй өнгөрүүлсэн зуны өдрүүд” (Summer days with Coo – 2007, 138 минут) Аниме

Күү бол каппа буюу тавган хэлбэртэй эрүү бүхий бяцхан хоёр нутагтан
амьтан бөгөөд Эдогийн ойролцоох нэмэн намагт амьдардаг. Газар хөдлөлтийн
үеэр аавыг нь хөнөөсөн нэгэн самурайгаас зугтан явсан Күү ангалд унан
амьдаараа булшлагдана. Олон зуун жилийн хойно, Үэхара Койчи хэмээх хүү
Күүгийн хатсан биеийг олж гэртээ авчран амь оруулна. Удалгүй тэрээр ер
бусын эрч хүчээ эргүүлэн авч, каппагийн тухай олон домогтой Тоно хотод
Койчигийн хамтаар ирнэ. Хэдийгээр Күүг хүний нүднээс далдлахыг хүссэн ч,
хүмүүс түүний тухай олж мэдэх ба олны хүсэлт шахалтаар нэгэн ярилцлага
шоуд оролцох болно. Шоуны үеэр болон дараа нь юу болох тухай энэ
сонирхолтой анимегээр үзээрэй.

21. Nov. Sunday
03pm: “Миёригийн ой” (Miyori in the sacred forest – 2007, 116 минут) Аниме

Миёри аав ээжийнхээ хамт хөдөө амьдрах эмээ, өвөөгийндөө очно. Гэвч аав
ээж нь хоорондоо маргалдан, ажилдаа хэт их анхаарч, Миёри алга болсоныг
ч үл мэднэ. Миёри нэгэн интоорын модон доор бяцхан бамбруушаар тоглож
байтал модон дахь эм сүнс, энэ ой Миёригийнх болохыг хэлнэ. 10 жилийн
дараа Миёригийн аав, ээж нь салж, хэдийгээр Токиод үлдэх хүсэлтэй байсан
ч аав нь түүнийг өвөө, эмээтэйгээ хамт амьдруулахаар авчирна. Хөдөө
амьдрахаар ирсэнээс хойш Миёритай ер бусын адал явдалууд тохиолдох ба
шидэт ойн асран хамгаалагч болж, тосноноо усанд автах аюулаас аварна.

Эдгээр кинонууд үнэ төлбөргүйгээр Өргөө кино театрт гарах юм байна, Кино сонирхогч та бүхэн үзэж сонирхоорой.

Toy Story 3 - Review (Тойм шүүмж)

PIXAR ийн хамгийн шилдэг өөрсдийн хүндэлж хадгалж явдаг Toy Story - г хамгийн сайн Trilogy болгон замд нь үдэв.

Миний бодлоор бүх анги нь үнэхээр сайн кино би Toy Story гоос үзэж авлаа, эдгээр гурван ангит кино нийлж байж ийм сайн бүтээл гаргаж чадсан. Анх Toy Story гарсан үедээ л 3D animation аар зохиол хүүрнэж болдогийг харуулаад барахгүй араасаа асар олон кино зохиолч болон сонирхогчидыг дагуулан олон авьяаслаг бүтээлчидийг уран бүтээл хийхэд нь дуртай бүтээл нь болсон учир бидний мэдэх animation одоогийн гайхалтай түвшинд хүрсэн билээ.

Toy Story маань цаг үетэйгээ алхан, илүүгүй дутуугүй эдгээр тоглоомуудын тухай түүх болон зохиолыг инээдтэй, хөгжилтэй, мөн зүрхийг чинь хөндөж чадахаар хийсэн гайхалтай кино.

Pixar өдийг хүртэл үнэхээр чанартай бүтээлүүдийг тасралтгүй хүч төрөн хийж байгаа, эдгээр бүтээлүүдийн загалмайлсан эцэг болох Toy Story маань өдийг хүртэл цаг үед тоосдохгүй чанараа хадгалж, Pixar үнэхээр өөрсдийн хайртай бүтээлээ яаж гайхалтай хийдэгийг харуулсан.

Toy Story 3 бол хүүхдийн зохиол байхаа больж үнэхээр зохиол нь хүнд насанд шилжсэн хэрнэ ямар ч насны хүн үзсэн ч байсан тэдэнд үргэлж таалагдах татагдах зүйл хүн бүрт байсан. Энэ анги дээр маань найз нөхөд, өсөн том болох зэрэг бүгдэнд маань тохиож байсан зүйлсийг илүү хурц өнцгөөс нь харуулсан байсан.

Киног гайхалтай болгож байгаа зүйл нь animation биш юм энэ бол Disney, Pixar ийн гайхалтай найруулж бичсэн зохиол юм. Animation нь шинэ анги дээр үнэхээр шинэчлэгдсэн байсан, киног үзэж байхад нүдэнд үзэсгэлэнтэй харагдаж байсан нь анхны ангиа бодвол animation өөрчлөгдсөн нь асар мэдэгдэж байсан шүү.

Tom Hanks энэ кинонд үнэнчээр одоог хүртэл гайхалтай дуу оруулалт хийсэн нь энэ бүтээлийг улам төгс болгож өгсөн, Tom Hanks гэлтгүй анхнаасаа цуг байсан дуу оруулсан жүжигчид бүгд л гайхалтай байсан. Надад энэ киноны дүрүүд үнэхээр таалагддаг ялангуяа Woody & Buzz энэ хоёр дүр бол маш баялаг зохиолтой, энгийн нэг талыг баримталсан дүр гэж үгүй бүгд 3-D хэмжээст гэмээр ямар ч үзэгчидэд тохирсон...........................

Цуврал киноны амжилтууд (Харьцуулсан үзүүлэлт)

Wednesday, November 10, 2010

The Walking Dead - Episode 2 "Guts" Review (Serial)

The Walking Dead - ийн 2-р ангийг үзлээ, "Days Gone Bye"‎ ангийг гүйцэхгүй ч миний сонирхолыг огт бууруулаагүй их сонирхолтой өрнөсөн. Энэ анги дээр маш олон шинэ дүрүүд гарсан нэг дүгээр анги дээр их сонирхолтой талаар гарч ирсэн дүр бол Glenn байсан харин энэ анги дээр жоохон сул дүр гэдгийг нь харуулсан болов ч ер нь цаашид их сонирхолтой зүйл авчирах дүр мэт санагдсан.

Camera work, cinematography мөн зохиол зэрэг нь өмнөх анги шигээ л сайн байсан боловч энд тэнд хэсэг сул талуудыг мартаад өнгөрөөвөл ерөнхийдөө үнэхээр таалагдсан.
Тэр түлхүүрээ алддаг хэсэг маш болхи байдаг л нэг cliche мэт санагдсан.

Зохиолыг цааш нь үргэлжлүүлэх тусам Rick ийн эхнэр бас их муухай санагдсан гэхдээ би бас түүнийг өөрөө хүүтэйгээ амь гарах гэж тэмцэж байгаа хүн учираас түүнийг өөр тодорхой нэг шалтгаантай учир Rick ийн хамтрагч байсан Shane тэй цуг байгаа байх гэж найдаж байгаа.
Ерөнхийдөө энэ кино маань хүн ийм цэвүүн цаг үед яаж амь тэмцдэг, муу гэж бодож явсан зүйлсийг амь тэмцэхийн хэрээр хийж, сайн нь үхэж саар нь амь гардагийг харуулж үзэгчидийг дүрүүдтэй нь холбож өгч нэг ёсондоо соёл иргэншилийг тольдуулж харуулж байгаа гэж бодож байгаа.

Энэ show маань zombie ний талаар гэж тэгж их бодохгүй байгаа тийм ч учираас үзэж байгаа хүнд zombie нарын талаар тодорхой тайлбар өгөхгүй байгаа шалгтаан, гол нь эдгээр хүмүүс, дүрүүдийн зохиолыг яруу тодоор харуулж байгаа гайхалтай цуврал гэж бодож байна. 

За тэгээд би 2-р ангийг 8.0/10 оноо өгмөөр байна.
Дараагийн ангийг үнэхээр тэсэн ядан хүлээж байна.

Бичсэн: Амарсанаа Равдансамбуу - http://www.facebook.com/Sanaa2K

 

Кино ертөнцийн ашиг орлого, сонирхолтой тоон үзүүлэлтүүд

Wednesday, November 3, 2010

Помагите нам 2 (хуваарьгүй нислэг) (Review by Shijir Erdene)

Шүүмж гэж ямар байдагийг мэдэхгүй юм. Миний ойлголтоор бол тухайн киног үзээд төрсөн сэтгэгдлийг шүүмж гэх байх гэж бодож байна.

Юуны өмнө энэ киноноос таалагдсан зүйлээ бичье гэж бодож байна.

Монгол хүн гэдэг тодотголыг багахан юмаар ч болов харуулж өгсөн нь их таалагдлаа. Өнөөгийн монголд минь нүүрлээд байгаа эд баялагийг гадагш зөөх явдал , монгол хүн монголын баялагаа авч чадахгүй байгааг хошин маягаар бидэнд сануулж өгсөн гэж бодож байна. Мөн орчин үеийн залуус минь монгол ёс заншилаа алдаж байгааг үзүүлсэн байсан мал муулж мэдэх хүн байхгүй , гэрийн хаяа ч зөв шууж чадах хүн үнэндээ одоо цөөрөөд л байгаа шүү дээ.

Харин одоо таалагдаагүй болон олж харсан алдаа гэвэл.

Кино эхлэхэд L Guards хамтлаг дуулдаг бас кино дуусахад Амбий үг хэлдэг энэ 2 хэсэгээс бусад нь зүгээр л хэрүүл байсан. Кинонд байсан ганц нэг алдаа нь гэвэл хүүхдэд даавуу авж өгөх гэж яваад алт харж суусан 3 маань элсэнд сорогддог. Тэр үед жүжигчин Доржсүрэнгийн өвдөг нугалж суусан нь илт харагдаж байсан. Ман жүжигчин Лхагвасүрэн хаалга эвдхэд хаалга дотогш биш гадагш унаж онгойсон. Гаднаас нь мөргөж байхад дотогшоо л унамаар юмдаа. Онгоц сүйрсний дараа хүн болгоны хувцас адилгүй урагдаж зарим нь бүр шатсан байсан гэтэл бүр зарим нь зүв зүгээр хувтастай байсан.

Эцэст нь хэлэхэд дажгүй кино л гэж хэлье даа. Шүүмж гэхэд хэцүүхэн л юм бичив бололтой.

Хуваарьгүй нислэг (Review by Билгүүн Батболд)

Уулсын цаагуур тэнгэрт ягаан туяа татуулсаар наран мандаж 10 сарын 30-ны өглөө боллоо.Эртлэн боссон би бээр Өргөө кинотеатрийн зүг хүлгийн жолоо залах нь тэр.Учир юун гэхээр "Помогите нам:Хуваарьгүй нислэг" киног,кино урлагт дуртай нөхдийн хамтаар скрийнинг хийж санал бодлоо хуваалцахаар явсан нь тэр байлаа.Ирээд 2-р танхимд суудлаа эзлээд киногоо хүлээж байх зуур кино зохиол болон кино хэрхэн бүтсэн талаар сонссон дуулсан бүхнээрээ хөгжилтэй яриа өрнүүлэн байтал кино маань ч ирж биднийгээ бүүр ч их баярлууллаа.Төд удалгүй заал дүүрэн алга ташилт болсон нь найруулагч Ш.Даваадорж,жүжигчин Ц.Батхуяг нар орж ирсэн нь тэр байлаа.Ш.Даваадорж,Ц.Батхуяг нар киноны зохиол болоод кино бүтсэн талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлж мөн 3-р анги яригдаж байгаа талаар нууцаа дэлгэсэн юм,ингээд бидэнтэй киноны эхний хэсэгийг дуустал хамт киног үзлээ.Кино дуусч Монголын Кино Фанатуудын төлөөлөл болсон модератор гишүүд кинонд үнэлгээ өгсөн ба 6,9/10 гэсэн үнэлгээ авсан нь сайн бүтээл болсоноо харуулж өглөө.

Кино эхлэхдээ L-Guards хамтлаг клипээ хийж байгаагаар киноны оршил эхлэх ба үйл явдал бага багаар өрнөсөөр киноны нэр эхлэнэ.Киног Wisdom,Zaya SH студи хамтран бүтээсэн ба кино үргэлжлэх хугацаа 1 цаг 30 минут орчим.Найруулагчаар Ш.Даваадорж, хөгжмийн зохиолчоор нь Аранзаа ажилсан ба дүрүүдийн хувьд нэгдүгээр анги дээрхи бүрэлдэхүүнээрээ тоглосон ба алиалагч Бачка,Чаапи,Өлзийхүү зэрэг дүрүүд нэмэгдэн тоглосон байна.Киноны үйл явдал онгоцон дотор болон говьд өрнөх бөгөөд нэгдүгээр анги дээр вагонд хамт учирч байсан хүмүүс маань санаандгүй байдлаар нэг нислэгээр нисэхээр болсноор киноны өрнөл эхлэнэ.Харин киноны гол зангилаа нь жирэмсэн эмэгтэй болж байлаа.Найруулагчийн илэрхийлэх гэсэн санаан нь киноны төгсгөлд гарах бөгөөд "Бид хаашаа явна вэ?" гэсэн асуултанд товч хариулт өгсөнөөр кино өндөрлөдөг........