Sunday, November 28, 2010

Мамма Миа (Review by Hantulga)

Амралтын өдрөөр нээлтээ хийсэн UBS тв ийн Universe Best Songs шоуны ялагчдын оролцон тоглосон Мамма Миа киног үзэхээр Өргөөг зорилоо. Хамаатнуудаараа олноороо үзсэн болохоор тун хөгжилтэй байлаа. Өмнөх “Зүрхэнд Гэрэлтэх Од” кино нь нилээд олон хүний таашаалд нийцсэн болохоор энэ удаагийн кино нь ч хүмүүсийн хувьд хүлээлт өндөртэй байж чадсан байх.

Кино зохиол:
Киноны зохиол гээд байлтгүй шууд л Mamma Mia! киноны Монгол хувилбар маягаар хийчихэж. Өөрөөр хэлбэл гадны киног монголчилж дахин бүтээжээ. Тэр утгаараа анхны хувилбарыг нь үзэж байсан үзэгчдийн хувьд оригинал кинотой нь харьцуулах зүйл маш олон гарч байсныг дурьдах нь зүйтэй байх. Тийм ч учраас аливаа киног хийхдээ хуучинаас нь дээрдүүлж үнэхээр чадах уу гэдэг асуултыг нэн тэргүүнд уран бүтээлчид маань өөрсөддөө тавих ёстой байх.

Жүжигчид:
Киноны гол дүрд дуурийн дуучин Ө.Уянга болон Т.Хулан нар тоглосон нь огт таалагдаагүй. Миний бодлоор UBS тэмцээнд 2р байр эзэлсэн Өнөржаргалыг ээж нь болгоод охиныг нь арай өөр хүнээр сонгосон бол гэж бодож суулаа. Universe Best Songs-ийн оролцогчдын тоглохыг үзэх гэж очсон болохоос бид чинь мэргэжлийн дуучин, жүжигчин хүмүүсийг харах гэж очоогүй шүү дээ. Тиймээс оролцогчдыг түлхүү харуулж өгсөн бол илүү ихээр баярлах байлаа.

Зураг авалт, найруулга:
Зураг авалт, зураг авсан газар, найруулгын хувьд хангалттай киноны утга санаар илэрхийлж чадсан. Залуу найруулагч Б.Чингүүний туршлага улам бүр сайжирч байгааг энэ киноноос харж болохоор байлаа. Нэг ойлгомжгүй хэсэг нь Тэрэлжид байрлах Гүнжийн сүмний шатаар уруудаад дүүжин гүүрэн дээр дуулдаг хэсэг яг ямар утгатай байсныг ойлгож чадаагүй өнгөрсөн.

Дуу:
АББА хамтлагийн дуунууд бол яах аргагүй урлагийн бүтээл учраас түүнтэй бол ярих юм байсангүй. Гол дүрүүдэд тоглосон жүжигчид ч эдгээр дуунуудыг өөрийн болгож дуулж чадаж байсан нь киног чимж байлаа.

Дүгнэлт:
Стресс ихтэй өнөөгийн нийгэмд нэг орой кинотеатр ороод үзэхэд гэмгүй хөнгөхөн, хэмнэл сайтай, их хөдөлмөр шингэсэн, гэгээлэг кино болжээ. Мэдээж оригинал киногоо гүйцэхгүй ч гэсэн гүйцэтгэл талаасаа боломжийн. 10 аас 7.5 гэж үнэлье.

Бичсэн: Hantulga  , Үндсэн бичлэг: Hantulga

Gran Torino (2009)

Нэрт найруулагч, жүжигчин, продесер, ая зохиогч Clint Eastwood-н хамгийн сүүлд гаргасан уран бүтээл болох Gran Torino кино нь 2009 оны эхээр гарсан.

Цагтаа Солонгосын дайнд оролцож, гавьяа шагнал хүртэж явсан, хатуу яхир, зөрүүд зантай, хүүхдүүд, эргэн тойрныхонтойгоо ч төдийлөн таарамжтай бус харьцаатай, өөрөө өөртэйгээ ч зөрчилдөж байдаг Walt Kowalski-н хөршөөр Азийн нэгэн үндэстэн болох Hmong үндэстэн айл нүүж ирсэнээр гол үйл явдал өрнөдөг.

Шинэ хөршийх нь Sue, Thao хэмээх охин, хүү хоёртой, нас дээр гарсан эмээ, ээжийн хамт амьдардаг, Thao хүүд эмээ, хамаатнууд нь "Эгчийхээ үгнээс гардаггүй, гэрийн ажилд нь тусалдаг, эр хүн гэхэд хэцүү" хэмээн, бага зэрэг "голонгуй" хандлагатай байдаг. Төд удалгүй тэдний хамаатан болох нэгэн жижиг дээрмийн бүлгийн ахлагч бүлгийхэнтэйгээ ирж Thao-г "жинхэнэ эр хүн" болж өөрсдийн дээрмийн бүлэгтээ элсэхийг ятган Walt Kowalski-н 1972 оноос шинээр нь хадгалж, хүн бүхний шуналыг хөдөлгөсөн Ford-ын Gran Torino маркын автомашиныг хулгайлах эхний "даалгавар"-ыг өгнө. Thao хүү ч "даалгаварыг биелүүлэх" явцдаа бүтэлгүйтэж, хийсэн оролдлогыхоо төлөө уучлал хүсэн Walt Kowalki-н хэлсэн ажил болгоныг хийхээр болж тэдний нөхөрлөл эхэлнэ.

 

Walt Kowalski өөрийн өнгөрсөн амьдралтайгаа зөрчилддөг, өөрийхөө амьдралдаа гаргасан алдаануудыг Thao-оор дахин давтуулахгүй байхыг хичээн, Thao-г зөв замаар чиглүүлж өгнө. Харин Thao-г бүлэгтээ авах гэж оролдоод бүтэлгүйтсэн "ах нар" нь шаралхаж тэдний гэр бүлийг элдэвлэн, зүй бус, хэрцгий авирласаны хариуд өшөө авалт хийхээр Thao хүү Walt-ыг ятган шавдуулж эхэлдэг. Энэ үед өөрийгөө эдгэрэшгүй өвчтэй болсоныг мэдсэн Walt бүхий л зүйлсээ цэгцлэн, өшөө хорсол нь буцалсан Thao хүүд өөрийн авсан "Мөнгөн од" одонг зүүж өгөн зоориндоо түгжиж орхиод өөрөө дээрэмчдийн гэрийн гадаа очиход Walt-с "сүнсээ зайлтал" айдаг дээрэмчид Walt-г зэвсэгтэй ирж өөрсдийг нь хөнөөх нь гэмээн буудаж орхино. Гэвч ямар ч зэвсэггүй Walt-г буудсаныхаа төлөө тэд удаан жилээр шоронд суух нь тодорхой болдог.

Walt өөрийн эд хөрөнгийг өөрийг нь үл тоомсорлон, хөрөнгөнд нь улайран шунах хүүхдүүддээ биш, сүмд, буяны үйлсэд зориулахаар гэрээсэлж, харин Gran Torino машинаа Thao-д үлдээхээр болсон байдаг.

Энэ киноны үйл, явдал, өрнөл нь хэдий хурц өрнөл багатай, энгийн мэт санагдах хэдий ч "эр зориг", "жинхэнэ эр хүн байх" талаар олны дунд хэвшсэн ташаа ойлголтыг эвдэж, хүн өөрөө хүсвэл хэрхэн өөрчлөгдөж, жинхэнэ нөхөрлөлын талаар багагүй ухаарал хайрлах бүтээл болж чаджээ. Заавал үзэх, тэр тусмаа эрэгтэйчүүд ядаж нэг удаа үзэхэд илүүдэхгүй болов уу.

Бичсэн: Б.Гансүх http://blog.gansukh.com/

"Life as we know it" (Бидний мэдэх амьдрал, кино тойм)

Өнгөрсөн сарын эхээр Өргөө кино театрт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон "Life as we know it" (Бидний мэдэх амьдрал) киног сонирхлоо.

 

Цөөнгүй кино зохиол бичсэн ч, олны танил хараахан болоогүй найруулагч Грег Берлантийн уг бүтээлд "Трансформерс" киногоороо үзэгчдийн хайрыг татах болсон, Холливудын сайхан залуусын нэг Жош Дюамель тогложээ. Тэрбээр хэдий энэ төрлийн киногоор олонд танигдсан ч, "The Romantics", "When In Rome" зэрэг "хөнгөн" кинонд хөнгөмсөг залуугийн дүрд ч тоглосон удаатай. Тэгвэл энэ удаад ч "Бидний мэдэх амьдрал"-ын гол дүр, спорт нэвтрүүлгийн техникийн албаны ажилтан Мессерийн дүрд тогложээ. Харин түүнтэй хамтран тоглож, Холли Беренсоныг дэлгэцэнд амилуулсан хүн нь жүжигчин Кэтрин Хейгл. Алдарт "Grey's Anatomy" телевизийн цувралд тоглосноор амжилтын гараагаа эхэлсэн тэрбээр "Алтан бөмбөрцөг" шагналд нэр дэвшиж, амеркийн телевизийн нэр хүндтэй шагнал "Эмми"-г хүртэж байсан билээ.

Бараг хүн бүхэнд л үнэхээр дургүй үзэж чадахгүй хэн нэгэн хүн байдаг л байх. Өнөөх дургүй хүнээ жигшиж, мөрөөдөл болсон хан хүү, гүнж ээ ирэхийг хүлээсээр хоног өдрийг өнгөрүүлдэг. Тэгтэл яг хажууханд тэр тусмаа зарим тохиолдолд өнөөх дургүй хүрэм залуу, бүсгүй чинь яг тэр хүсэж байсан хүн нь болох тохиолдол байдаг. Энэ юун дээр тулгуурлан ийм болов, хамтдаа аливаа зүйлд зүтгэж, оролцож багагүй хугацааг хоёр биенийхээ дэмээр даван туулж ихэнх тохиолдолд маргаж үл ойлголцох тохиолдол үүсэж байсан хэдий ч энэ тэдний хойшид мартагдахааргүй сайхан дурсамж болон үлдэж нэг л мэдэхэд бие биедээ татагдан жинхэнэ бодит зүйл бий болж буй юм. Энэхүү үйл явц “Бидний мэдэх амьдрал ” кинон дээр ийнхүү дүрслэгдэнэ.

Нэгэн жижиг бялууны газар ажиллуулдаг Холли Беренсон, телевизийн спортын нэвтрүүлгийн техникийн албаны ажилтан Эрик Мессер нарыг тэдний хамгийн дотны найзууд болох Петр, Алисон нар тэднийг хооронд нь танилцуулж, дотносуулахаар оролдсон ч бүтэлгүйтэв.

Энэ үйл явдлаас хойш удалгүй Петр, Алисон нар автомашины осолд амь үрэгдэх ба охин Софи-гоо түүний загалмайлсан эцэг эх болох Холли, Эрик нараар өсгүүлэхээр гэрээслэн үлдээнэ. (Христийн шашны ёс заншлын дагуу Европын орнуудад эцэг эх нь амиа алдах буюу, үр хүүхдээ өсгөх боломжгүй болсон тохиолдолд загалмайлсан эцэг эх нь тэр хүүхдийг өргөж авах эртний ёс бий). Чухам яагаад Петр, Алисон нар охиноо тэднээр өсгүүлэхээр шийдсэн юм бол гэсэн асуултыг Эрик, Холли нар өөрсдөөсөө асууцгаана.

Хүүхэд асрах, өсгөж хүмүүжүүлэх тал дээр ямар ч туршлагагүй, бас дээрээс нь хоорондоо тохиромж муутай Эрик, Холли нар хамгийн дотны найз нарынхаа сүүлчийн хүслийг биелүүлж Софи охиныг өсгөхөөр шийдэн хамтран амьдралаа эхэлдэг. Тэдний эрх чөлөөт амьдралын хэв маягт нь цөөнгүй өөрчлөлт орж, хүүхдийн живх солиход суралцахаас эхлээд Эрикийн хувьд зурагтаар сагсан бөмбөгийн тоглолт үзэхийн оронд Софигийн тааллаар хөгжөөнт нэвтрүүлэг үздэг болно.

Хамгийн эрхэм үнэт зүйл нь үнэнч хобби, ажил биш үр хүүхэд, гэр бүл гэдэг нь Холли, Софи хоёроос тусдаа байх хугацаандаа сагсан бөмбөгийн тоглолт бус Софи охины дуртай нэвтрүүлгийг үзэж суугаа Эрикийн төрхнөөс,  гаднаа ширүүн, ажил хэрэгч баг зүүж явдаг ч Эрик, Холли хоёрыг гэр бүл болж аз жаргалтай амьдраасай хэмээн хүсч уяхан сэтгэлийн илэрхийлэл болгон нулимс дуслуулж буй хүүхдийн эрхийг хамгаалах төвийн ажилтан бүсгүйн төрхнөөс харагдана.

Хэдий найз нөхөд ч гэсэн цусан төрлийн холбоогүй хүний хүүхдийг, сайн харилцаатай биш хүнтэй хамт өсгөнө гэдэг бидний сэтгэлд багтахгүй, байж болшгүй зүйл мэт санагдаж ч болох. Гэвч энэ бүхэн нь хүн бүхний хайж явдаг амьдралын утга учир байж болох юм гэдгийг харуулахыг зорьжээ.

    Бидний мэдэх амьдрал товчхондоо иймэрхүү. Зохиолын хувьд энгийн, уйтгартай, байдаг л нэг үлгэрийг хэлбэрийн хувьд жоохон өөрчилсөн төдий. Түүнчлэн жүжиглэлтийн хувьд нарийн ур чадвар төдийлөн харагдахгүй, гэр бүлээрээ амралтаараа цагийг өнгөрүүлэхэд тохиромжтой мэт кино байлаа. Гэхдээ нөгөө талаас нь харвал гэр бүлтэй, хүүхэдтэй болох нь хүнд ямар их ухаарал өгдөг төдийгүй эдгээр нь хичнээн үнэ цэнэтэй болохыг харуулахыг хичээсэн нь сайшаалтай. Тэд хүүхдийнхээ төлөө зовниж, түүнийхээ төлөө бүхнээ зориулж байгааг олон удаа харуулжээ. Мөн киноны туршид хамгийн их сэтгэл хөдөлгөсөн зүйл нь Софи охин хэлд орж, "ээж ээ" гэж хэлдэг хэсэг байлаа. Эх хүн болохын жаргалыг эмэгтэй хүн энэ үед л хамгаас илүү мэдэрдэг болов уу гэж бодогдсоноо нуух юун.

Сонирхуулахад Софи охины дүрд Clagett-ийн эгч дүүс тогложээ. Киноны үйл явдал өрнөх хэдэн жилийн хугацаанд Софи охины хэрхэн өсч торниж байгааг хараад "Зураг авалт багагүй урт хугацаанд явагдсан юм болов уу?" гэсэн бодол төрснийг нуух юун. Ийм хөөрхөн, дэрсхэн эгч дүүс байх юм гэж хэний санаанд орох билээ.

  Харин кинонд нэг алдаа байсан нь зуны улиралд NBA-ийн тоглолт дамжуулж байлаа. Уг нь NBA-ийн тоглогчид зун амарч, америкийн сагсан бөмбөгийн холбоо энэ үед ямар нэг тоглолт зохион байгуулдаггүй. Мөн "Өргөө" кино театр орчуулгын алдаа гаргаж, дэлгэцэнд "Autumn" гэж намрын улирлыг харуулахад доор "хавар" гэсэн бичиг гарч байлаа.

Өрнөдийн томоохон хэвлэлийн кино шүүмжлэгчдийн зүгээс киноны үргэлжлэх хугацааны тухайд арай урт байгаа тухай дурдсан байв. Энэ бол бидний л мэдэх амьдрал байлаа.

 

Бичсэн:   Жүгдэрийн Хулан, Ганхүүгийн Эрдэнэбаатар, Батжаргалын Гансүх ( MMF Review Team )

Энэхүү Кино тойм нь Mongolian Movie Fanatcs -ийн өмч бөгөөд, зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлахыг хориглоно.

Монголын Кино сонирхогчдын холбоо (2010) 

 

The Pianist (2002)

Польшын нэрт найруулагч Роман Полански-н 2002 онд бүтээсэн "The Pianist" буюу "Төгөлдөр хуурч" киног кино урлагийн түүхэн дэх үнэхээрийн агуу бүтээл хэмээн магтан шагшихаас өөр аргагүй юм. Кино найруулагчийг дайн тулаан, хүний дотоод сэтгэл, сэтгэлзүй, урлагийн ертөнцийг гаргууд судалж, өчүүхэн жижиг деталиудыг ч алдалгүй уран нарийн гаргасаныг гайхмаар. Гэхдээ миний хувьд энэ бүтээлийн авсан шагнал, жүжигчдийг танилцуулж магтаал урсгахыг алгасаад кинонд гарах нарийн ширийн агшнуудыг анзааран түүвэрлэж өөрийн тайлбарыг нэмэн өгүүлэхийг зорилоо.

Киноны үйл явдал Ервей гаралтай Польш төгөлдөр хуурч Владислав Шпилман хэмээх авьяаслаг залуу (түүхэн бодит хүн) нэгэн радио студид Шопений Nocturne No. 20 in C# minor тоглож байх үед Дэлхийн 2-р дайны довтолгоон Польш улсыг хамарч, түүний тоглож байгаа байшингийн хэсэг бөмбөгдөлтөнд өртөж байгаагаар эхэлдэг. Энэ үед радиогийн нэгэн ажилтан шилэн цонхны цаанаас тоглохоо зогсоо хэмээн дохиход гол дүр маань "үгүй" хэмээн толгой сэгсрэн байшин үргэлжлүүлсээр байгаагаас хөгжимчин хүний хатуу чанд дэг, тэвчээр, сэтгэлийг анзааран харж болно. Энэ аргагүйн тасалдсан хөгжмөө киноны төгсгөл хэрд энх тайван цагт дахиж тоглож байгаагаар мөн харуулдаг.

/* Хөгжимчний хат, тэвчээр гэж дуугарсан дээр нэмээд жаахан тайлбар хиймээр санагдав. Хөгжмийн урлагийн ертөнц хэмээгч нь буу зэвсэг барьж хүний амь таслах үйлдэл хийдэггүй л болохоос "цэргийн дэглэм"-тэйгээр явагдах ёстой зүйл гэж би өөрөө биеэр мэдэрч таньсан хүний хувьд хэлнэ. Цагийн баримтлал, байнгын эрчимтэй бэлтгэл, эрүүл чийрэг бие, биеийн хүч, ур чадвар, авьяасыг хөгжүүлэх, хатуу үг даах, биеэ дайчлах чадвар, бие сэтгэлийн ачаалал даах тэвчээр гэсэн тулгуур дээр тогтдог эд. Эдгээрийг хэрэгжүүлж байж л гэмээнэ "хөгжмийн ертөнц"-д "амьд үлдэж" чадна, эс бөгөөс энэ агуу ертөнцөөс арчигдана. Тийм л хатуу. Амьдрал уй гашуу таагүй явдал тохиолдсон ч гадна төрхөндөө үүнийг үл харуулах, тоглох үед тохиолдсон ямарваа нэгэн саад тотгорыг үл анзааран үргэлжлүүлэх хатуу чанга дэгтэй. Бөмбөг дэлбэрдэггүй юм аа гэхэд хамар дээр ялаа суухад үргээх эрхгүй :P */

Ганцхан хүний амьралын хэсэг хугацаа(Дэлхийн 2-р дайны 5 жил), газар зүйн хувьд багахан хэсэг талбайг хамарсан үйл явдал өрнөж байгаа хэдий ч дайны хор хохирол, нүд хальтрам үйл явдал төрх байдлыг хурцаар харуулсан. Энэ дайны гашуун түүхийг өгүүлсэн кинонуудын дийлэнх нь үнэндээ улс төрийн хувьд дайсны талыг муучилж гоочлон өөрийн талыг илүү дөвийлгөөн сайшаасан "баатарлагийн туульс" байдаг бол энэ киноны хувьд ХҮН хэмээх эрхэм чухал чанарыг голлон авч үзсэнээрээ онцлог.

Еврей үндэстний онцлогийг ч энэ киноноос тод томруун анзаарагдана. Өөр аль ч улс үндэстэнд байдаггүй эв нэгдэл, өөрийн үндэс угсаагаар бахархах үзэл, нэгэндээ тусалж тэтгэх чанар, оюуны өндөр чадвар, авьяас тэдэнд бий (Монголчууд өөрсдийгөө магтан дөвийлгөн маш дуртай хэдий ч эв нэгдэл, бахархлаа чин сэтгэлээсээ дээдлэх зан байхгүй гэж хэлж болно). Чухам энэ зан чанараас бол ихэнх улс орны "дээд" ангийг Ервей үндэстэн эзлэх болсонд дургүйцсэн үндсэрхэг үзэлтэн Гитлер "Ервейчүүдээс цэвэрлэх" аян өрнүүлсэн мэт.

Шпилманы гэр бүл ч Ервей гэдгээрээ гадуурхагдан шахагдсаар бөөнөөр хорих лагерьт ачигдахын өмнө түүний аав байгаа бүх мөнгөөрөө шахам ганц ширхэг зөөлөн чихэр худалдан авч олон тэнцүү хуваан гэр бүлийн гишүүд адил тэнцүү хүртэж байгаа харахад өөрийн эрхгүй нэгийг бодох биз ээ. Харин бөөнөөр хорих лагер луу "ачих" ажлыг гүйцэтгэхэд оролцож байсан түүний авьяас чадварыг үнэлдэг Ервей танил нь түүнийг сэмхэн холдуулж хоригдох аюулаас аварч Варшавт шигшигдэн үлдсэн цөөхөн хэдэн залуу Еврей ажилчдын нэг болж үлднэ. Түүний хайрт бүсгүй, хайрт бүсгүйнх нь нөхөр, тэдний найз гээд туслах сайн санаат хүмүүсийн тусламжтай багагүй хугацааг өнгөрөөж, мөдхөн "эзэнгүй" хотод үлдэж хүндхэн амьдралыг туулна.

Шпилманы дараа орох гол дүр гэж хэлж болохуйц дүр бол Германы цэргийн ахмад Wilm Hosenfeld. Эзэнгүй байшингуудаар явж хайж олсон лаазалсан хүнсийг онгойлгох багаж хайж байгаад санамаргүй энэ Герман эрхэмтэй тааралддаг. Тэрээр Шпилманы талаар асууж Төгөлдөр хуурч гэдгийг олж мэдэн цааш дагуулан төгөлдөр хууртай өрөөнд оруулж тоглож өгөхийг хүсэхэд "манай хүн" Шопены Ballade No.1 Op.23-ын хэсгээс тоглож өгдөг. Киноны дээр Хосенфелд төгөлдөр хуур тоглож огт харагддаггүй боловч түүнийг төгөлдөр тоглодог, эргэн тойрныхондоо ч төглөдөр хуур тоглодог гэж танигдсаныг илтгэх хангалттай шалтгаануудыг кинон дээрээс харж болно.

  • Хосенфелд, Шпилман хоёр тааралдахаас нэлээд өмнө киноны ард Бетховены 14-р сонатын нэгдүгээр хэсэг буюу Moonlight Sonata-ийн хэсгээс бүдэгхэн эгшиглэдэг. (Польшын хөгжмийн зохиолч Шопен, Германы Бетховений хөгжимд зааг байхгүй гэсэн санааг найруулагч мөн хэлэх гэсэн болов уу)
  • Шпилманаар төгөлдөр хуур тоглуулаад сууж байх үед түүний жолооч гадаа нь зүгээр хүлээгээд л зогсч байгаа 2-3 секунд өнгөрдөг.

Эндээс Хосенфелд жолоочоо гаднаа хүлээлгээд өөрөө дотор төгөлдөр хуур тоглодог байсан хэмээн дүгнэх хангалттай "шипи"-г киноны найруулагч бидэнд өгөөд байна :D Мэргэжлийн хөгжимчин биш ч өөрөө тоглодог, урлагийг мэдэрч ойлгож биширдэг, авьяастныг хүндэлж Германы армийг буцтал Шпилманд идэх хүнс илүүчилж, буцахдаа гадуур хувцсаа "дулаан" гэж бэлэглэдэг. Урлагт дуртайгаас гадна Хосенфелдийн ажлын ширээн дээр түүний гэр бүл, 3 хүүхэдтэйгээ авхуулсан жаазтай зураг харагдаж байгаа нь түүнийг "гэр бүл, аз жаргалын үнэ цэнийг мэддэг", "хэзээ ч дайныг үл хүсэмжлэгч" гэсэн ойлголтыг бататгаж өгнө. Үүгээрээ "дайсны" цэрэг болгон дайсан биш, тэд ч гэсэн бидний адил ХҮН. Харин ХҮН бидний эсрэг цорын ганц ДАЙСАН нь ДАЙН юм гэдгийг ойлгуулахаар, батлахаар зорьжээ.

"Төгөлдөр хуурч" киноноос та ямар ч хурц өрнөлтэй адал явдал, фантаз, хошигнол, романтик хайр дурлал, уран сайхны хэтрүүлэг, хийсвэрлэл, компьютер графикийг олж харахгүй. Харин хөгжмийн урлаг, жинхэнэ киноны яруу тунгалаг ертөнц, дотоод сэтгэл, чанадын нууцыг олж харна. Үзээгүй бол заавал үзэх, үзсэн ч дахин үзэх ёстой, ЖИНХЭНЭ КИНО гэсэн дүгнэлтийг л миний зүгээс хэлнэ.

Бичсэн: Б.Гансүх http://blog.gansukh.com/

'The Dark Knight Rises' Christopher Nolan, Christian Bale нарын хамтарсан сүүлийн Batman

THE DARK KNIGHT RISES (Batman 3rd Installation, Last of the Trilogy)

Кристофер Нолан Батман цувралынхаа хамгийн сүүлийн ангийг хийх гэж байгаа нь нэгэнт тодорхой болжээ. Ингэснээр алдарт цуврал маань трилоги болж байгаа нь энэ! 2002 оноос хойш Warner Bros-оор дагнаж буй зохиолч, найруулагч, продюсор маань энэ удаад мөн л WB-тэй хамтран ажиллах юм байна. 2010 INCEPTION киногоороо дэлхий нийтийг байлдан дагуулсан боловч хамгийн их ашиг орлогыг олсон кино нь өнөөх Батманы 2 дахь анги The Dark Knight (2008) байлаа.
Нолан болон Бэйл нарын хамтарсан цувралын сүүлийн анги нь 2011 оны 1 сард зохиол нь бэлэн болж зураг авалтыг 5-аас 8-р сарын хооронд хийж 2012 оны 7 сарын 20нд нээлтийг хийж кино театруудын дэлгэцнээ гаргахаар төлөвлөсөн байна. Кинонд хуучны олон танил дүрүүд байхаас гадна зарим шинэчлэлт содон дүрүүд нэмэгдэх бололтой. Тодорхой юм гараагүй ч олонх сонирхогчдын асуусан "3D юу?" гэдэг асуултанд "киног 3D-ээр гаргахгүйээ!" гэж Нолан хэлсэн байна. Харин өндөр нягтралтай IMAX камераар дахин зураг авалтыг хийх ажээ.

Мөн нэгэн сонирхолтой мэдээлэл гарсан нь Inception кинонд Forger -ийн дүрээр тоглосон Tom Hardy уг ангид Hugo Strange хэмээх террористын дүрд тоглох юм байна, одоогоор 100 хувь батлагдаагүй ч бодитой эх сурвалжаас авсан мэдээлэл юм.


Ноланы хувьд сүүлийнх нь боловч, Батман-гийг цааш нь өөр найруулагчтай хамтран үргэлжлүүлэх боломж Warner Bros-д байгаа юм. Өмнөх ангиудад Батманы дүрд тоглосон Бэйл ч бас хамгийн сүүлийн удаа гэж хэлсэн байна. 
За ингээд бас нэгэн хүлээлтийг үүсгэж байгаа нь энэ дээ! Мэдээж манайд нээлтээ хийх тэр цагт Кино Фанатууд хамтдаа шимтэн үзэцгээнэ гэдэгт итгэлтэй байна!