Saturday, November 20, 2010

Харри Поттер : Үхлийн Эрдэнэс 1-р хэсэг (Harry Potter 7 Review)

 

  Дотны найзтайгаа 19нд  японд нээлтээ хийсэн  Харри Поттер : Үхлийн Эрдэнэс киног үзэж ирээд киноны амт шинэхэн байгаа дээр бага зэргийн кино шүүмж бичихээр шийдлээ. Гэхдээ миний бичгийн чадвар сулийн дээр кино сонирхогч төдийхөн тул мэргэжлийн шүүмж болж чадахгүйг минь ойлгож үзэх байхаа гэж найдаж байна. Киноны эх зохиол болох сүүлийн цуврал номийг бараг 2 жилийн өмнө уншиж байсан болохоор ерөнхийдөө ямархуу үйл явдал өрнөхийг төсөөлж байсан ч дэлгэцэнд гарах өдрийг нь хоног тоолж шахуу хүлээсэн гэхэд болно. Нээлтийн эхний өдөр байсан болоод ч тэр үү кино танхимд үзэгчид ихтэй байсан ч япончуудаас илүү европчууд их байлаа. Кино эхлэхийн зэрэгцээ арийн эгнээнээс Харри гэж орилдон үзэх гэж яарч буй нь илхэн байв. Харин киноны нэрний хувьд, Deathly Hallows гэдгийг монгол хэл дээр үхлийн тахил, үхлийн адис гэх мэт янз бүрээр хүмүүс орчуулсан байсан боловч япон орчуулга нь  `Үхлийн Эрдэнэс` гэсэн байна лээ.

 Кино эхлэлээсээ л нилээдгүй хүнд өнгө аястай байх нь тодорхой байв. Шидтэний яам Волдеморт эргэн ирсэнийг зарлаж,  Харри Поттер өөрийг нь хүлээж буй хувь тавилантайгаа нүүр тулахаас өөр аргагүй байдалд орох болно. Дамбледорийн дагагч нар шидтэний ертөнцийн итгэл найдвар болсон Харрийг Волдемортоос хамгаалахын тулд эргэн нэгдэцгээх боловч тэдний зарим амьд гарч чадахгүй нь Харрид хүнд цохилт болж байлаа. Тиймээс Харригийн хувьд, Волдемортийн эсрэг ганцаар тэмцэх нь түүнд илүү амар байв. Энэ удаагийн киноны гол зангилаа нь  хоёр гол зүйл дээр төвлөрч байв...... Нэгдүгээрт, өмнөх ангид гарсан Дамбледор болон Харри 2-ийн олж чадаагүй Волдемортийн амь нуусан хүзүүний зүүлт (гуу)-ийг хайж устгах, хоёрдугаарт үxлийн эрдэнэс гэж юу болох, Волдемортод яг юу хэрэг болоод байгаа тухай голчлон гарах болно. Түүний дээр энэ ангид урьдны ангиудад цухасхан гараад өнгөрсөн олон дүрүүд эргэн гарч ирдэг. Киноны ихэнхи үзэгдэлүүд бага насны хүүхдэд үзүүлэхэд тохиромжгүй нилээд хүндэдхээр байсан бөгөөд ялангуяа Хогвартийн багшийн аймшигтай үхэл, Хермионегийн тамлагдалт, Харригийн могойтой тулалдах зэрэг үзэгдэлүүд нь нилээдгүй аймшигтай хэрцгийдүү гэмээр байсан. Гэвч мэдээж Эрлийз цуст ханхүү дээр гардаг шиг романтик үзэгдэлүүд тийм ч их биш байсан ч сэтгэлд дотно инээлгэмээр богинохон үйл явдалууд нь киног улам сонирхолтой болгож байсан гэж хувьдаа бодож байна. Жишээ нь, Харрийг аюулгүй газар аваачихын тулд гадаад төрх хувилгагчаар 7н Харрийг бий болгодог үзэгдэл бол үнэхээр инээдтэй байлаа. Мөн сэтгэл хөдөлгөмөөр гунигтай үйл явдалууд ч бас байсан юм шүү. Хермионе аав ээжийнхээ ой дурсамжаас өөрийгөө арилгаж байгаа нь, Харрид үнэнч бяцхан элф Тобигийн үхэл  гээд л ...

  Жил болгон сурагчийн хувцас өмссөн Харри болон дотны найзууд Хермионе, Рон нарын Хогвартад учирах адал явдалийг үздэг байсан бол бид өөр зүйлийг харах болно. Энэ удаа тэд эзэнгүй онгон байгальд Үхэл Идэгч (Death Eater )  нараас зугтаахын зэрэгцээ Волдемортын амь нуусан эд зүйлсийг олж устгах аюултай нөхцөл байдалд тэдний найз нөхөрлөл, үнэнч чанар шалгагдаж, хамтдаа бүхнийг даван туулах хэрэгтэй болдог. Бүтэлгүй дүрээр бидэнд танил болсон Рон энэ удаад нилээд хурц дүрийг гаргаж харуулсан нь бас ч үгүй сонирхолтой санагдаж байв. Хермионегийн хувьд, Рон Харри хоёрын зөрчил нь түүнийг улам хэцүү ганцаардмал байдалд оруулж байлаа.  Мөн номон дээр дурдагдаж гардаггүй ганц хоёр үйл явдал кинон дээр нэмэгдэж гарсан байна билээ.

 Үнэнийг хэлэхэд урьдны анги болох Эрлийз цуст Ханхүү надад тийм ч их таалагдаагүй. Онцын сонин үйл явдалгүй, өрнөл муутай байсан ч David Yates( өмнөх 2 ангийг найруулсан) энэ удаа урамийг минь огтхон ч хугалсангүй.  Хоёр цаг гучин минут үргэлжлэх Үхлийн Эрдэнэс эхлэлээсээ авахуулаад төгсгөл хүртэл танийг үйл явдалдаа бүрэн автуулж,  огтхон ч уйдаахгүй гэдгийг батлаж чадах байна.

 Бас нэгэн зүйлийг энэ удаа бичмээр байсан ч нууц хэвээр нь үлдээе. Харри болон Хермионе хоёрын маш сонирхолтой хэсэг бий. Монголд 12 сард нээлтээ хийхэд нь үзээрэй.

Бичсэн:  Uyanga M (twitter) 

 

No comments:

Post a Comment