Tuesday, November 30, 2010

Хөрөө (SAW) VII 3D

(XI/29 2010) "Өргөө" кинотеатрт бум бужигнаж,түм түжигнэж байлаа. 2004 оноос эхлэн жил бүр цуврал болон гарсан Saw киноны сүүлчийн анги буюу Saw 3D (2010) гарч кино сонирхогчидын сэтгэлийг сэргээж байгаа нь тэр байлаа.

 

Нээлтийн үйл ажиллагаа 19:00 цагт эхэлж урилгаар ирсэн хамтлаг дуучид өөрсдийн урын сангаас бяцхан тоглолт хийж,тэмцээнээр үргэлжилсээр цаг урсах мэт өнгөрч 20:00 цаг болж кино эхлэх болсныг зарлан,танхим өөд зүглэн бүгд суудлаа эзлэн тухаллаа. Кино нийт 1 цаг 31 мин үргэлжлэх ба касттайгаа 1 цаг 46 мин орчим гарах бөгөөд нойр хүрэх завгүй кино юм. Энэ ангийн гол дүрүүдийн хувьд Хоффман /Костас Мэнделор/, Гордон /Кари Элвис/, Жил /Бетси Рассел/, Гибсон /Чад Данеалла/, Бобби /Сеан Патрик Флэйнари/,Жойс /Жина Холден/ нар байлаа. Найруулагчаар Кевин Грайтер ажиллаж зураг авалт Канадад болсон байна.Киноны үйл явц дэлгүүрт байгаа "хөрөө"-нөөс эхлэх ба тасралтгүй үргэлжлэх оньсого мэт үйл явдлууд нь бүхэлдээ өрнөл хэсэг болдог.Киноны зангилаа хэсэг нь Гордон,Хоффманыг барьснаар тайлагдах бөгөөд төгсгөл нь Хоффманыг өөрийг нь "хөрөө"-нд оруулсанаар дуусдаг.

 

2004 оноос эхлэн өдийг хүртэл жил бүр нийт 7 анги гаргаснаар ийнхүү өндөрлөж байгаа уг кино нь олон кино найруулагчдын гарыг дамжсан ч жүжигчид нь солигдоогүйгээрээ маш сонирхолтой болсон. Мөн кино нь үргэлжилсэн зохиолтой буюу өмнөх ангиудтайгаа холбоотой, өмнөх ангиудын нууц нь дараагийн анги дээрээ тайлагдах маягаар анги болгоныг сонирхолтой болгосон ба сүүлчийн анги дээрээ хэзээ ч төгсөшгүй Jigsaw-ийн аллага хүчирхэг, нууцлаг, илүү ээдрэйтэй цаашдаа үргэлжилсээр байна гэдгийг онц сонирхолтойгоор гаргаж чаджээ.

 

Харин сүүлчийн эл анги дээр өмнөх ангиуд дээр гарч байгаагүй хэд хэдэн зүйл байсаны нэг нь кино дөнгөж эхлэнгүүтээ олны нүдэн дээр аллага хийдэг хэсэг байлаа. Өмнөх ангиуд дээр дандаа харанхуй өрөө, эзгүй байшин, газар доорх хонгил зэрэгт болдог байсаныг кино сонирхогчид мэдэж байгаа байх. Бас энэ олны нүдэндээрх аллага нь хоёр сайн найзын дунд нууцаар явалддаг байсан нэг охины үхэлээр дуусах ба энэ нь нөхөрлөлийн хүчийг харуулаад зогсохгүй зарим нэг явдалтай охидод ч гэсэн сургамж болсон байх. Киноны өрнөл хэсэгт үргэлжлэх, эхнэрийгээ аврахаар явж буй Бобби залуугийн өрнөл өмнөх ангийн Виллиамын адал явдалтай төстэй ч ялгаа нь гэвэл Бобби амьд гардаг, гэхдээ тэр хэнийг ч аварч чадаагүй. Jigsaw-гийн зорилго нь ч тийм байсан биз, Бобби маш их ухаарлыг тэндээс олж авдаг. Худлаа ярих дэмий гэдгийг эндээс үзэж болно.

 

Кино өмнөх ангиудын зангилааг тайлахын тулд нэлээн сунжрах ба энэ нь зарим талаараа үзэгчидийг нэлээн уйдаана.Мөн 3D график тун бага гардаг нь трэйлерыг нь үзээд хүлээж байсан график сэтгэлд хүртэл гардаггүй нь үзэгчидэд киног энгийн 2D кино шиг санагдуулна. Нэг бодлын хэтрүүлэгтэй ч кино бүр дээр болон бүх ангиудын хоорондох нарийн, нууцлаг утга учрыг киноны сүүлчийн арав гаран минутанд багтаан нүднээ ил тарган тавьдаг ба кино бүхэлдээ тэрүүхэн агшинд өрнөдөг, тэндээс бүх зүйл ойлгомжтой болж, илүү онц сонирхолтой, дараагийн ангийн хүлээлтийг үүсгэдэг байлаа.Кино зохиолын хамгийн сонирхолтой зүйл бол Jigsaw гэж өөрийгөө нэрлэх хүүхэлдэй урлагч залуугийн аллагууд мөн. Гэхдээ хамгийн хачирхалтай нь тэр 3-р анги дээрээ өөрийн тархинд ухаан алдуулах хэрэгсэлгүйгээр мэс засал хийлгүүлэн амьд гарах боловч өөрийнхөө тоглоомын дүрмээс болж хоолойгоо хөрөөдүүлэн үхдэг. Гэтэл аллага дуусдаггүй нь Jigsaw-гийн нарийн гаргасан төлөвлөгөөний дагуух гэрээслэл ба түүнийг нь эхнэр болоод өмнөх ангиуд дээр хохирогсод учир битүүлгээр үүнийг үргэлжүүлдэг. Үхсэн хойноо ч гэсэн аллагыг тийм нарийн бодож, амьд байхдаа олж харсан нүгэлтэй нөхдийг шийтгэх аргаа тэр маш гайхамшигтайгаар гэрээслэсэн байдаг.

 

График нь сэтгэлд хүртэл харагдахгүй мэт боловч киноны дүрүүдийн ялгаралт нь сайн болж өгсөн.Мэдээж энэ киног нэлээн чимж өгч байгаа туслах жүжигчин бол Линкин Парк хамтлагын дуучин Честер Беннигтон байлаа. Киноны өгүүлэмжийн тал дээр маш олон хүмүүс сөрөг талаас ханддаг. Уг киног ямар нэг аллагын сэдлийг хүмүүст өгөх, хүмүүсийг хэрцгий болгох, үгүй бол аймшгийн гэх маягаар шүүмжлэх нь бий. Гэвч үнэн хэрэгтээ энэ кино бол аймшгийн биш сэтгэхүйн кино болно. Хэрвээ энэ кино хэн нэгэн алуурчинд сэдэл өгсөн бол тэр алуурчин хэзээ ч хүн алж чадахгүй байсан биз. Үнэндээ киноны өрнөл онц сонирхолтой, бодитой мэт боловч бодит амьдрал дээр нухацтай авч хэлэлцэхэд хүрвэл хэзээ ч боломжгүй болох нь харагдана. Туршаад, байг гэхэд сайн бодоод үзээрэй, бүтэхгүй л болов уу. Бүх анги дээр гардаг "хүн өөрийн болон бусдын алдаан дээрээс суралцдаггүй харин эцсийн мөчид өөрийнхөө алдааг ойлгодог,тэр үед түүнийгээ засч чадвал дахин төрж эсвэл хүмүүний амьдралыг орхих болно" гэсэн санааг ч энэ анги дээр гаргасан,

 

 

Эцэст нь дүгнэж өгүүлэхэд энэ анги бусад ангиудаасаа онцлог нь 3D байсан. Энэ нь маш олон фэнүүд болон өмнөх ангийг нь хараагүй хүмүүст ч гэсэн хүлээлт үүсгэсэн байх. Гэхдээ 3D-г төдийлөн сайн ашиглаж чадаагүй гэж хэлмээр байна. Мөн кино болгон дээр хүмүүсийн мэдрэхийг хүсдэг тэр аллагын мөн чанар буюу сэтгэл сэрд хийлгэм сэтгэхүйн өвдөлтүүдийг энэ анги өмнөх ангиудаасаа илүү гарахаар хийж чадаагүй. Харин бүх ангийг нь шимтэн үзсэн уг киноны фэнүүдэд бол энэ анги маш том зангилаа, киноны үнэхээр бахархам сүрийг харуулж чадсан.

 

"Кино хүнийг бий болгодоггүй,кино хүнийг хөгжүүлдэг"

 

Бичсэн: Мөнхбаярын Хасчулуу, Батболдын Билгүү. Редакторласон Ганхүүгийн Эрдэнэбаатар