Tuesday, November 22, 2011

“Учиртай гурав” УСК-ны тойм шүүмж /2-р баг/

75 минут үргэлжлэх "Учиртай гурав" кинонд О.Амгаланбаатар /Хангай ба Юндэн/,Б.Сайнаа /Учрал ба Нансалмаа/,З.Онон /Хоролмаа ба Намуунаа /,Д.Баттөмөр /Балган ба Баяраа / нар гол дүрүүдийг бүтээж,найруулагчаар Д.Золбаяр ажилласан бол зураг авалт Улаанбаатар хот болон Архангай аймагт болсон байна.
Хангайгийн бичсэн тулааны сэдэвтэй кино зохиол Баяраагийн аавын сэтгэлд хүрдэггүй бөгөөд сэтгэлээр унасан хоёрт Баяраагийн аавтай хамт ажилладаг хүн урамын үг хэлсэнээр кино эхэлнэ.Ийнхүү шинэ санааны эрэлд оюун санаа нь тэнэж байх Хангайг багын найз болох Намуунаа нь дуурь үзэхийг санал болгоно.Хангай Намуунаагийн саналыг зөвшөөрч дуурь үзэхээр явж байхдаа Учралтай тааралдсанаар киноны өрнөл хэсэг эхэлдэг.

Кинон дээр гарч буй эд зүйлүүд тухай бүрийн үзэгдлүүдийг чимж байснаас гадна орчинтойгоо харьцсан байдал нь киног шинэ түвшинд авчирсан.Батаа /Д.Баттөмөр/ киног амилуулж чадсан ба түүний Баяраагийн дүр нь үзэгчидийг сэргээж өгч байсан бол Юндэнгийн дүр нь догшин төрхийг гаргаж хүний сэтгэл хөдлөлийг үнэхээр сайн илэрхийлж чадсан байлаа.Батаагийн тоглосон дүр бүхэн үзэгчидэд сайн хүрдэгийг энд дурдахгүй өнгөрч болохгүй.XX зууны эхэн үеийг харуулсан үзэгдлүүд үзэгчидийг яг л тэр үед байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр орчинг сайн бүрдүүлсэнээс гадна зураг авалтууд нь киног улам бүр утга төгөлдөр болгож өгсөн байлаа.Цэцэгсийн талд уулзах Юндэн Хоролмаа хоёр,нарны гялбаанд цацрах усан оргилуурын дэргэд муудалцах Намуунаа Учрал хоёр гэх мэтчилэн дурдах хэсгүүд болон байсан.Кинонд онцолж хэлэх бас нэгэн чухал зүйл бол киноны дуу байлаа.Шинээр төрөн гарсан боловч бүтээл туурвихгүй байна хэмээн шүүмжлэл хүртээд байсан Anemone киноны дууг дуулсан ба дууных нь ая кинон дундуур явахдаа үзэгдэл бүртээ сайн зохицож байлаа.


О.Амгаланбаатар,Б.Сайнаа хоёрын жүжиглэлт хиймэл байснаас гадна хувцаслалт нь амьгүй болгож байлаа.Хэдий зун ч гэсэн даашинзнаас үл салах Учралын хувцаслалт орчиндоо нэг л хөндий харагдаж байв.Хангай Учрал хоёрын Намуунаагаас зугтдаг хэсэгт шиврээ борооноос дайжин гүйж буйгаар харуулусан бол илүү өвөрмөц болох байсан болов уу.Үзэгдэл хоорондын шилжилтийн үед аяны зохицол бага зэрэг зөрж байснаас зарим хэсэгт үзэгчидийн анхаарлыг сарниулж байлаа.Хасалт хийсэн болов уу,гэсэн сэтгэгдэл төрүүлэх огцом үсрэлттэй хэсэг байсан нь киноны утгыг цаг хугацааны хувьд бага зэрэг алдагдуулсан болно.

Гол дүрүүдийн нэр үргэлжийн баяр хөөр дүүрэн сэтгэл өөдрөг нэгэн болох Баяраа,аглаг уулсын модны сэрчигнээн сонсдох Хангай,зүрхний үгээ гаргаж чаддаггүй даруу дөлгөөн Намуунаа,санаандгүй танилцсан учирсан Учрал гэсэн санааг илэрхийлэх мэт.
Хажууханд нь байгаа боловч алсаас амьдрал хайдаг,хүмүүний түгээмэл нэгэн занг Хангайгийн дүрээр гаргасан бөгөөд нийгэмд тохиолдох амьдралын даваа,хайрынх нь түүхээр харуулж чадсан байлаа.Мөнтүүнчлэн өнөөгийн хүмүүсийн урсгал мэт амьдралыг харуулахыг зорьсон ч ажиглагдаж байлаа.
"Амьдралыг туулсан туршлагаараа биш,амьдралаас мэдэрсэн мэдрэмжээрээ бичих хэрэгтэй" гэсэн хоёр мөрт үг сэтгэлд хоногшсон гайхалтай үг байлаа.Өөрийн мэдэрсэн бүхнээ,эргэцүүлэн тунгааж цаасан дээр буулган бусдын сэтгэлийг хөдөлгөнө гэдэг зохиолч хүний гайхамшиг.

"Кино хүнийг бий болгодоггүй,кино хүнийг хөгжүүлдэг"

“Учиртай гурав” УСК-ны тойм шүүмж /3-р баг/

Uchirtai-3

2011 оны 11-р сарын 21-ний өдөр нэгэн шинэ бүтээл нээлтээ хийсэн нь “Аравт”, “Тэнгэрийн хүү”, “Миний муу аав”, “Зөрлөг” зэрэг сүүлийн үеийн олон киноны зохиолыг бичсэн бид бүхэнд багагүй танигдаад байгаа СТА О.Эрдэний зохиолыг нь бичиж, “Аравт”, “Үхэж үл болно-Чингис хаан” зэрэг кинон дээр найруулагчаар ажиллаж байсан СТА Д.Золбаяр найруулсан, “Монголфильм” студийн бүтээл “Учиртай гурав” кино байлаа.
            Их зохиолч Д.Нацагдоржийн “Үйлийн гурван толгой” зохиолоос сэдэвлэсэн уг кино нь түүхийн хоёр өөр цаг үеийг тун ч эвтэйхэн хослуулан санагдлаа. Одоогоос зуугаад жилийн тэртээх манжийн үеийн монголын байдлыг, өнөөгийн бидний амьдарч буй 21-р зууны энэ л 2011 онтой хамтатган үзүүлсэн нь үнэхээр авууштай санаа байв. Түүхэн хэсгийн зураг авалтыг энэ зун нар хур нь тэгширч сайхан зуншлага болсон Архангай аймгийн Чулуут сумын Даваатын голд авсан бөгөөд Архангай театрынхан маш ихээр дэмжиж, бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсоноор олны хэсэгт жинхэнэ монгол төрхийг олж харахад хялбар байлаа. Бас нэгэн сонирхолтой ч гэмээр юм уу, харамсмаар ч гэмээр юм уу зүйл нь гэвэл Монгол аж ахуйг харуулах гэж бэлдсэн бүх зүйлээ уран бүтээлчид цоо шинээр хийжээ. Тэгээд ч зогсохгүй хөдөөнөөсөө Монгол банхар олж чадалгүй хотоос аваачсан байна. Тэгтэл нөгөө монгол банхраа хараад хөдөөнийхөн маань дуу алдацгаасан байх юм. Эндээс бид хот хөдөөгүй л монголоо алдаад байгаа юм болов уу даа гэсэн бодол төрж сууна.
            Найруулагч Д.Золбаяр Гөүгөүт өгсөн нэгэн ярилцлагандаа “Би Монголд кино хийж байгаа болохоор Монгол ахуйг л харуулах ёстой гэж боддог.” гэж хэлсэн нь энэ киноны харуулах гэсэн санаатай ч яв цав таарч байсныг харвал киноны бүтээгчид үнэхээр санаа нийлэн ажилласан бололтой. Үнэхээр ч энэ киног үзэж суухад монголын эртний үеийн, эртний гэдэг маань тэрхүү дөнгөж зуу орчим жилийн өмнөх боловч одоо бараг таг мартагдсан тэр л ёс заншил, эдлэл хэрэглэл, хувцас зэргийг алдаа мадаггүй харуулах гэсэн нь сэтгэл хөдөлгөж, өвөө эмээ, тэдний өвөө эмээгээр бахархах сэтгэлийг төрүүлж байлаа. Киноны дараа миний хэд хэдэн анд “Би Нацагдоржийн эх зохиолыг нь олж унших хэрэгтэй байна” гэж хэлж байсан нь энэ кино орчин үеийн залуус бидэнд эртний хэмээн нэрлэгдэж мартагдаад байгаа тэр л оюуны сор болсон гайхамшигт бүтээлүүдийг эргэн санаж, судлахад хүргэж байгаагийн нэг хэлбэр мэт.
            Зохиолчийн хувьд агуу зохиолоос сэдэвлэн одоогийн залуучуудад хүргэх гэсэн нь зохиолын ололт байснаас гадна мөн одоо цагийн кино ямар шатаар бүтэж байна, үүнд зохиол хэр чухал байна гэдгийг ч хавчуулан өгүүлж чаджээ. Тэрбээр дан ганц Нацагдоржийн зохиолыг кино болгон дэлгэж тавъя гэсэн бол одоогийн залууст төдийлөн хүрч чадахгүй байсан болов уу гэсэн бодлоор орчин үетэй хослуулсан мэт. Харин энэ нь ч онож тэр тухайн үеийн үлгэр домог мэт, эсвэл зөвхөн дуурьт л байдаг гэх тэр “Учиртай гурван толгой” нь одоогийн бидний амьдралд ч үл анзаарагдам байдаг гэдгийг харуулахыг зорьжээ. Гэхдээ орчин үеийн амьдрал дээр учиртай гурвын маань хүйс солигдсон байлаа. Эх зохиол дээрээ учиртай гурав хэмээн Юндэн, Нансалмаа, Балганы гурвалыг хэлдэг байсан бол одоо цагийнх дээр нь Юндэн, Нансалмаа, Хоролмаа гурвыг гурвыг илүү харуулчихав уу, эсвэл учиртай “Дөрвөн” толгой болгочихов уу гэсэн эргэлзээ төрж байсныг нуух юун. Мэдээж зохиолчийн санаагаар одоо үед байгаа өнгө мөнгө хөөдөг бүсгүйн илэрхийллийг тусгахыг хүссэн нь энэ байсан болов уу.
Мөн Хангай Намуунаагаас зайлсхийн Учралыг дагуулан гүйдэг хэсэг тэр хоёрыг түргэн хугацаанд дотносгох гэж ядсан ядмаг арга шиг ажиглагдаж байлаа. Ямар ч кинон дээр нэг энгийн хүүхнээс зугатаж тэгж гүйж, гүйхдээ цаашаа чигээрээ гүйнэ гэдэг бол үнэхээр утгагүй асуудал. Үүнээс өөрөөр шийдэх шийдлийг хялбархаан олчихож болмоор байсан шиг санагдана. Мөн Учралын үнэн нүүр царайг Хангай мэдэх тэр мөчид Учралын харамсал илүү байсан болов уу? Харин нэг юм анзаарч суусан маань хугацаанаас болсон уу? Хөрөнгө мөнгөнөөс болсон уу? Кинонд хэт их хасалт хийснээс болоод зарим нэг санаа нь дутуу гарсан ажиглагдлаа. Учрал бүсгүйн Хангайг өөртөө дурлуулах гэсэн үнэн санаа нь юу байв? гэдэг асуултын хариуг олж чадалгүй театраас гарлаа. Мөн киноны үйл явдал хэт хурдан өрнөсөн тал ч байлаа.
            Киноны бас нэгэн сайшаалтай, ололттой тал нь Учиртай гурвын зураг тавилт байлаа. Үнэхээр ч сүүлийн үеийн кинонуудад бараг харагдаагүй сайн зураг авалт болжээ. Бидний мэдэх маш олон киноны зураглаачаар ажиллаж байсан UBS телевизийн зураглаач Г.Баттулгыг та “Гараг” студийн “Аяллын цаг”-н зураглаач гэдгээр нь илүү сайн мэдэх болов уу. Үнэхээр эртний хэсгийн зураг авалтан дээрхи Байгаль-Монголын хослолыг камерын дуранд гайхалтай гаргаж иржээ. Гэсэн хэдий ч зураг авалтанд хэд хэдэн алдаа ажиглагдсаныг нуух юун.
            Нансалмаагийн үхдэг хэсэг үнэмшилгүй байв. Нансалмаагийн цээжний хөдөлгөөнийг та ажиглаж болно. Мөн дараа кадр дээр нь Нансалмааг Хоролмаа гэрийн хойморь хэсэгт араас нь хутгалан алсныг харуулдаг. Тэгвэл амиа алдсан Нансалмаа гэрийн зүүн орыг түшсэн байдалтайгаар, мөн цусны дусал ч толбогүй олдоно. Дээрээс нь аав нь охиноо өвдгөө түшүүлэн хэвтүүлчихээд амийг нь хүн хорлосныг анзаардаггүй. Энэ мэтээр өө харж болохоор байсан ч бусад хэсгийн зураг авалтууд нь эдгээр алдаануудаа аанай л цагаатгаж байсан юм.
            Киноны жүжигчдийн хувьд Х-Түц-н Батаа(Д.Баттөмөр) тун ч дүрээ олсон санагдсан. Мэдээж бусад киноноос ялгарах бас нэгэн онцлог нь нэг жүжигчин 2 дүр бүтээж байсан учраас киноны жүжигчдээс илүү ур чадвар шаардсан биз. Харин гол дүрийн 2 буюу Юндэн Нансалмаа хоёроо найруулагч буруу сонгосон юм болов уу? Гэнэн цайлган, хүсэл мөрөөдлөөр дүүрэн зохиолч залууд Монгол модель агентлагийн залуу модель О.Амгаланбаатарын төрх арай л ширүүдсэн харагдана лээ. О.Амгаланбаатар, Б.Сайнаа(Учрал буюу Нансалмаа) нарын жүжиглэлт үнэхээр дутмаг санагдлаа. Хэдийгээр тэднийг мэргэжлийн биш юм чинь энэ зэрэгтээ байгаа нь их юм гэж цайруулж болох ч кинон дахь жүжигчдийн ач холбогдлыг бодвол анхнаас нь мэргэжлийн жүжигчид тоглуулсан бол эдгээр дүрүүд нь илүү амьдрах байсан болов уу?!
            Кино бүрт нийгэмд хүргэх гэсэн санаа байдаг. Үүнийг киногоороо, киноныхоо нэгэн дүрээр нь эсвэл киноныхоо хэсгээр нь ч юм уу харуулдаг санагддаг. Энэ киноны хувьд тийм л дүр байсныг онцлох нь зүйтэй. СТА Д.Гүрсэд(Цэнд буюу Захирлын туслах)-тэй бид “Говийн зэрэглээ”, “Гэрлэж амжаагүй явна”, “Эзэнгүй айл” зэрэг та бидний сэтгэлд хоногшсон бүтээлээр танилцаж байсан билээ. Эртний хэсэгт хохь ноёны дүрийг тунчиг гарамгай амилуулсан тэрээр орчин цагийн хэсэгт үндсэндээ хоёр удаа л камерт өртдөг. Гэхдээ тэр л агшиндаа залуу зохиолчид урам хайрлан “Кино зохиоход амьдралын туршлага биш амьдралаас мэдэрч байгаа тэр мэдрэмж илүү чухал” гэж хэлсэн нь өнөөгийн кино урлагийг тэр чигт нь илэрхийлэх шиг.
Энэ кинонд 7/10 гэсэн оноо өгөхөөр байна.
Кино урлаг мандтугай.
Монголын Кино Сонирхогч Шүүмжлэгчдийн Холбоо
Шүүмжийн 3-р баг