Sunday, October 31, 2010

“Помогите нам 2 – Хуваарьгүй нислэг”-ийн тухай хуваарилагдаагүй, замбараагүй миний нийтлэл By Tergel Ariunbilegt

Ёс заншил. Гол дүрийн залуус Говь цөлд ( зураг авалтыг +43 градусын халуунд хийсэн гэх мэдээлэл байсан учраас би тухайн тухайн газрыг Өмнөговь аймаг болов уу гэж бодож байна мөн үү) эзгүй айлын гэрт орох гэтэл өвөрмонгол залуугийн эзэн нь ирэхээр оръё гэсэн саналд нөгөө хэд нь бид тэгдэггүй хэмээн хариулдаг. Үнэхээр ч үнэн шүү дээ. Одоогийн зарим залуус итгэхгүй л байх, бидний өвөг дээдэс холын аян замд таарсан айлаараа ороод эзэнгүй байсан ч идэж уугаад явна. Бүр эзэд нь идээ ундааг зочин гийчиддээ бэлдээд явдаг гээд л бодохоор агуу ёс заншилтайг минь мэдрүүлмээр, гоё, надад таалагдсан. Гэхдээ уг нь яг дотор нь ороход аймар зэвүүн идэх юм байсан бол тэ...

Угийн чадварлаг жүжигчид гол дүрүүдэд тоглосон болохлоор яг л тохирсон. Бас зүгээр нэг хошин шогийн тоглолт биш учраас илүү бодитойгоор асуудалд хандаж байгаа санагдсан гэдгийг ч нэмж хэлэх шаардлагагүй байх. Савангийн дуурь, өвөрмонголын талаарх нийтлэг үзэл, эдийн төлөөх шунал, хэдий хэтрүүлсэн байж болох ч Батзаяад гарсан Эрээнээр дамжиж ирүүлэх шийдвэр гээд л. Аан тийм, тэр Ганчимэг гээд охиныг эх барьж авахад гардаг хэсэгт босоогоод зогсоочихсон байсныг анзаарсан бол энэ бас л бидний түүхтэй холбоотой гэдгийг та мэдэж байгаа байх............

“Помагите нам-2” (MMF review by Odgerel Doljin)

Монголын кино сонирхочдын клубын энэ удаагийн уулзалт Монгол кинонд зориулагдсан байснаараа өмнө нь зохиогдож байсан уулзалтуудаас онцгой байлаа. Товолсон цагаасаа багагүй орой эхэлсэн ч удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Помагите нам-2” киноны анхны үзэгчдийн нэг болсондоо сэтгэл хангалуун байлаа.

Өмнөх анги дээр сайн муугаа үзэлцэн хэсэг үеийг хамт туулсан наймаачид  хувь заяаны шоглоомоор дахин уулзацгааснаар кино эхэлнэ. Наймаанд явж байсан 90-ээд оноос хойш 20 хэдэн жил чилийтэл өнгөрсөн тул дүр болгоны нийгэмд эзлэх байр сууриас авхуулаад итгэл үнэмшилд хүртэл ихээхэн өөрчлөлт гарсан байна. Шинэ сонирхотой дүрүүд ч бас нэмэгдсэн байсныг дурдах нь зүйтэй болов уу.

Одоо кино театруудаар гарч байгаа “Татар ажиллагаа”-нд дутуудсан утга санаа гэгч зүйл энэ кинонд тод томруун байгаа нь сайшаалтай. Нэг онгоцонд яваа өөр өөр үзэл бодолтой 13-хан зорчигч боловч эдгээр дүрүүдээр өнөөгийн нийгмийн өнгө төрх, шунал, хүний амьдралын маргашгүй үнэн болох үхэх төрөх агшинд хүн гэдэг амьтан бие биенээсээ ялгарах зүйлгүй болдог гэдгийг хөгжөөн наргиан, хөнгөн гуниг хоёроор чамлалтгүйгээр харуулж  чадсан байна.

Хөгжмийн зохиолын хувьд бидний хар багаасаа сонсож өссөн бүүвэйн дууны аяыг киноны өнгө аясад тохируулан найруулж эвлэг ашиглаж чадсан нь чихэнд наалдацтай илүү дотно сэтгэгдэл төрүүлж байлаа.

Сэтгэлд нийцтэй зүйлс байхын хажуугаар шүүмжлэхгүй өнгөрч боломгүй хэдэн зүйл нүдний үзүүрт булталзаж байсныг дурдахгүй өнгөрч боломгүй санагдлаа. Онгоц сүйрч элсэнд шигдэж байгаа хэсэг ерөнхийдөө манайхныг компьютер график гэдэг юмыг улам сайжруулан судлах хэрэгтэй болохыг сануулж байх шиг. Мөн юу ч ярьдаггүй хоёр загвар өмсөгч хүүхэн байна, бодвол онгоц сүйрч гүн шоконд ороод ярих чадвараа алдсан байх.

Энэ мэт алдаа байгаа боловч дараа дараагийн уран бүтээлүүд улам боловсронгуй сэтгэлд үлдэцтэй болно гэдэг юу юунаас илүүтэйгээр итгэж байгаа бөгөөд миний хувьд 10-аас 7 гэсэн үнэлгээг өгч байна.

 

Хуваарьгүй нислэгт тохироогүй шүүмж тохиромжгүй хүнээс (MMF review by Tamir Davaadulam)

Заа, Өчигдөр буюу аймшгийн баяр(Halloween)-ы баярын өдөр, хошин киног өглөө эрт үзэх сонин, басхүү сонирхолтой байлаа. Өглөө нойртойгоо нилээд тэмцэлдэж байж ирсний үр өгөөж гарч, найруулагч Ш.Даваадорж, жүжигчин Ц.Батхуяг нартай уулзаж, будаг нь ханхалсан шинэхэн кино болох Помагети нам-2 "Хуваарьгүй нислэг"-ийг хэн бүхнээс урьтан, сонирхол нэгт нөхөдтэйгээ хамт өргөө кино театрын үйл ажиллагааг эртэсгэн үзэж нүдээ хужирлалаа. Кино эхлэхийн өмнөх хүлээлтийн үеэр шинэ киноныхоо талаарх сонссон мэдсэнээ манай хэдэн нөхөд хуваалцаж байснаас сонсон, багагүй хүлээлт үүсээд байлаа. 2 зочны маань хурдан бөгөөд сонирхол татсан ярианы араас Л-Гуардсын гитараар кино эхлэв. Нэгдүгээр ангийг үзээгүй миний хувьд зарим нэг хэсгийг ойлгоход бэрхшээл гарч байсан ч энэ ангиа өмнөх ангитайгаа нягт холбосон нь үнэхээр их таалагдаж байсан.

Киноны зохиолын хувьд нийгмийг харуулах гэж хичээсэн нь сайшаалтай. Эл киноноос өнөөгийн нийгэмд оршин тогтнох хэн бүхний мэдэж харж дунд нь дарвиж явдаг хэрүүл, шунал, шашны зөрөлдөөн, улс төрийн эцэс төгсгөлгүй асуудал, албан тушаалын эрх мэдлийн ялгаа, мөнгөний хүч чадал, бас ч гүй энгийн гэр бүл гэх зэрэг бүхий л зүйлийг тусгахыг хичээснийг нь харж болох. Энэ бүхнийг ганцхан цөлд өөр өөр хувь хүнээр үзүүлж чаджээ. Мөнхүү хүний мөс гэгч зүйл энэ нийгэмд хэр байгаа вэ гэдэг ч харагдаж л байлаа. Говьд осолдсоныхоо дараа тэдний гэр барих гэж, ямаа муулах гэж хөглөж байгаа, хэдий говьд ч гэсэн манай монголын говь бол бусад элсэн цөлөөс амьдралтай гэдгээрээ гайхагддаг. Гэтэл тэр газраас ийм олон монголчууд эзэнтэй айл олж чадахгүй байгааг нь харахад өнөөгийн нийгмийн монгол ёс заншил эвдэгдэж байгааг харуулахыг хичээсэн бололтой гэсэн бодол төрөх авч хэт хийсвэр басхүү бага зэрэг харамсалтай мэт санагдлаа. Тийм олон монгол сайхан ханхар эрс байхад очиж очиж нэг өвөр монгол нь хэдэн "хотын" хүүхнүүдийн хамтаар шөнийн шуурга тэсэхгүй гэр барьж байх нь тун ч өрөвдөлтэй санагдаж байлаа.

Үйл явдлын хувьд өрнөлтэй. Эхнээсээ л энэ онгоцонд цуглах этгээдүүдийг нэг нэгээр нь харуулж, зорчигчдыг тодорхойлж байлаа. Энэ үеэс л нэгдүгээр ангитайгаа холбогдож байсан. Онгоцон дахь хэсэг бол ерөнхийдөө маш сонирхолтой байсан нь жүжигчдийн хувийн ур чадвар, тэдний хачирласан хөгжилтэй агшинуудаас мэдрэгдэж байлаа. Харин говийн кадрууд эхэлсний дараагаас бол арай өөр. Ерөнхийд нь хамруулж хэлбэл сонирхолтой мэт боловч өрнөл гэх зүйл харагдахгүй байвуу гэлтэй...........

Saturday, October 30, 2010

Помогите нам 2 – Хуваарьгүй нислэг (MMF Review by Khaschuluu)

Өнөөдөр энэ киног жинхэнэ үздэг орчинд нь, жинхэнэ үздэг хүмүүстэй нь, жинхэнэ тоглосон жүжигчинтэй нь, жинхэнэ зохиолчтой нь, тэр ч байтугай жинхэнэ жолооч энэ тэр ер нь бүх л юмыг жинхэнээр нь мэдэрчхэв бололтой. Монголд анх удаа кино скрийнинг буюу нээлтээс өмнөх туршилтын, миний хэллэгээр release candidate хувилбарыг нь кино сонирхогчдоор хийлгэж байгаа тохиолдол бололтой. Сайхан сайхан, шажигнаж шижигнэсэн киноны фанат залуус маань Монголынхоо кино урлагийг ингээд хөгжүүлээдэхвэл ч сайхан даа. Монголын маань ч кино урлаг залуу ЗАНДАН байна, өшөө хол явна л гэх гээд байгаа юм.

За ер нь бол ая, зураг авалт, эвлүүлэг, график, эффектийн хувьд өөлөх зүйлгүй сайхан болжээ. Би ч өөрөө нээх кино хийгээд, шүүмжлээд явдаг хүн биш л дээ, танууд минь мэдэж байгаа байх :D Гэхдээ би энд сайшаах гээгүй хэдэн шүүмжээ бичих гэж нуршиж яваа минь энэ, таална уу.

Киноны эхлэлээс дуустал хэрүүл байлаа. Мэдээж хэрүүл уруул, үл ойлголцол байлгүй л яах вэ. Гэхдээ энэ кинонд хирээс хэтэрчээ. Эхний кадар дээр Эл-Гуардсынханы амьд дүрсээр эхлээд л төд удалгүй нэг хамгаалагч гарч ирээд л блах блах, тэгсэн нэг эхнэр гарч ирээд л блах блах, тэгээд л нөгөө эхнэр гэртээ ороод л нөхөртэйгөө блах блах. Дараагийн кадр, нэг босс нөхөр онгоцны буудал дээр чихэр зардаг хүүхэдтэй блах блах. Элсэн цөл дээр нөгөө хоёр хөөрхөн охиныг нэг эхнэр л ёстой нэг блах блахдаж байна аа. Гэхдээ яах вэ хэрүүлэн кино байж болох ч хэрүүлд нь жанцан гэж алга аа. Инээх ч үгүй юм, тэр их нүрэглэсэн хэрүүл дунд хэрүүл бол нэг тиймхэн л сэтгэгдэл төрүүллээ.

Жүжиглэлт. Энэ кинон дээр нэг гаргах гэсэн санаа нь одоо Монгол зон олон маань гаднын савангуудад уусч байна, Хангүг сериалд орж байна, блоклогдож, киногоор сэтгэдэг болж байна энэ тэр гэсэн юм байв. Үнэндээ Солонгос сериалын аймшигтай, үзэхээс нүд хорсгом тэр зүйл бол миний хувьд жүжиглэлт байдаг. Айсан хүний нүүр, уйлж байгаа хүний нүүр, инээж байгаа, уурлаж байгаа, загнаж байгаа хүний нүүр гэхээр л арай биш ээ, тэр жүжигчид нь нүүр л үрчийж байвал жүжиглэлт гэж боддог юм шиг байгаа юм. Та нар мэднэ дээ, уйлахаараа л доороо дэвхцээд л, зайрмаг авахуулж чадаагүй жоохон хүүхэд шиг ам нь урвайгаад л, тэгсэн баярлаж байн гэхээр л сонин сонин өнгөөр инээгээд л, хүн амьтан нүдээд л, за тэгээд зодолдох болохоороо л нэг их хашхираад л. Үнэндээ бодит амьдрал хэзээ ч тийм биш, энэ бол зөвхөн тэнэг хүмүүсийг л хуурч байгаа зүйл. Юу хэлэх гээд байгааг минь бараг ойлгосон байх. Энэ кинон дээр жүжиглэлт гэдэг юм алга өө. Тэр Амбий гэж нөхрийг харахаар л арзас хийдэг юм, учир нь гэнэт гэнэт, маш муухай орилдог. Гэтэл жинхэнэ жүжиглэлт гэдэг ямар нэгэн нүүрний хувиралгүйгээр, зөвхөн харцаараа бүх зүйлийг нэвт ойлгуулах шиг л болдог. Киноны гол амин сүнс тэнд нь алга...............................

“ПОМОГИТЕ НАМ 2” (MMF Review by Orgil Kira)

Бямба гарагийн өглөө 9 цагт Өргөө кино театрт "MMF Модератор" залуусын хамтаар "Помогите нам 2" киног үзэж сонирхохоор II танхимд орж суулаа. Үзэгчид ирсэн ч киноны хальс хараахан ирээгүй байв. Учрыг тодруулваас киног хуулах зөөврийн хатуу диск олдоогүй тул компьютерийнхаа процессорийг салган авчирах болсон байна. "Т*т*р ажиллагаа" киноны "Гялбаа" хакер ганц процессор дийлэхгүй хоёр бацаанаар өргүүлдэг юм билээ :P Харин Даваахай найруулагч ганцаараа тэврээд ирж харагдсан. 
Жүжигчин Дооёо говийн сордог элсэнд шигдэж бусдыгаа сандаргасан талаар асуух гэсэн боловч тэрээр ирсэнгүй. Киноны төлөөлөгчид болох Даваахай, жүжигчин Амбий нар хүрэлцэн ирж киноны тухай товч танилцуулга хийснээр хүсэн хүлээж байсан кино маань эхлэв.
Нэгдүгээр ангид 1990-ээд оны (Амбий: “Та нар ч мэдэхгүй л дээ”) ганзгын наймааны үеийг хошин байдлаар дүрсэлж, тухайн үеийн Монголын нийгмийн амьдралыг харуулж байсан. Харин 2 дугаар анги дээр галт тэргэнд учирч байсан наймаачид 20 жилийн дараа онгоцонд дахин тааралдаж, адал явдалтай учирдаг.
Жүжигчид:
Киноны нэгдүгээр ангид оролцон тоглосон жүжигчид дээр нэмэгдэж жүжигчин Өлзийхүү,Чапи буюу Ихбаяр, Батсүх, Булган-Эрдэнэ, Ганчимэг,Лхагвасүрэн зэрэг жүжигчид дүр бүтээжээ. Инээдмийн кино учраас туршлагатай жүжигчид сонгосон байх. Ийм жүжигчдийн тоглолт сүүлийн үеийн кинонуудад гараад байгаа дуучин, эсвэл олны танил хэн нэгний тоглолтоос үнэхээр өөр, ангид, хол илүү, дээр санагдах нь мэдээж. Бас нэг сонин зүйл нь кинонд гол дүрийн жүжигчин гэж үгүй. Бүгд тус тусдаа өөр өөрийн дүрийг бүтээсэн. Тэдгээрийн нэгдэл нь киноны гол дүр юм....................

“ПОМОГИТЕ НАМ 2” БУЮУ “ХУВААРЬГҮЙ НИСЛЭГ” (MMF Review by Bolorbat Khaadag)

Монголын Кино сонирхогчдын /MMF/ клубын ээлжит кино үзвэр, уулзалтын ажиллагаа 2010 оны 10-р сарын 30-ны бямба гарагийн өглөөний 9 цагт Өргөө кино театрын 2 танхимд боллоо. Энэ удаагийн уулзалт, кино үзвэрийн ажиллагаа нь нөгөөдөр буюу 11 сарын 1-ний өдөр албан ёсоор нээлтээ хийх гэж байгаа “Помогите нам 2” кинотой холбоотой байсан юм. “MMF Moderators” группын гишүүд болох 30 залуу энэ уулзалтад ирсэнээс гадна, Өргөө кино театрын маркетингийн албаны дарга, киног бүтээгч Амбий, Даваадорж нар товчхон танилцуулгыг хийснээр анхны үзэгчид нь бид болоодхов.

Кино зохиол.
Бичигч надад энэ киноны зохиолыг унших завшаан санаандгүй байдлаар тохиолдож байсан билээ. Тиймээс ерөнхий утга санаа, учир энэ тэрийг гадарлаж байсан гэхэд болно. Киноны нэгдүгээр ангид үзүүлсэн наймаачдын зовлон, хөг хөгжилтэй явдлыг үзэгчид мэдэх учир өмнөхийг нуршиж цаг барамгүй байна.
Ямартаа ч өнөөх наймаачид шинэ цагийн Монголчуудын нийтлэг дүр төрхөөр дэлгэцнээ амилжээ. Эд баялаг, албан тушаал, худал хуурмагт олонхийн адил автсан хэсэг хүн энэ кино гол дүр боловч, төлөөллийн журмаар нийгмийг харуулах гэсэн санаа нь сэтгэлд нийцлээ. Хөндүүр сэдвийг хөнгөхөн, үзүүштэй болгохын тулд ашигласан үг хэллэг ойлгоход амар болжээ. Харьцангуй нийгэмд хэвшсэн яриа, харилцаа эрхгүй биднийг санагдуулна. Тэгэхээр бидний амьдрал өөрөө инээдэм бололтой. Киноны төгсгөлд дэвшүүлсэн санаа нь ил харагдах агаад аль насны хүнд тохирохуйц санагдлаа.

Дүр сонголт.
Өмнөх ангид тоглосон жүжигчдийн баг бараг тэр чигтээ байлаа. Монголын хошин урлагт нэрээ гаргасан тайз, дэлгэцийн уран бүтээлчид байсан тул алдаа мадаг багатай, оновчтой сонголттой мэт. Тэдгээрээс онцгойрох нь Навчаа, Амбий, Дооёо нар байсан гэхэд болно. Гол нь эдгээр жүжигчид бүгд тайзанд ч, дэлгэцэнд ч хамтран тоглож гаршсан болохоор өгөө аваатай аятайхан болжээ.

Найруулга.
Найруулагчаар Төрийн Соёрхолт кино зураглаач Шаравдорж гуайн хүү Даваадорж ажиллажээ. Тэрээр киноны зохиолыг бичиж, ерөнхий зураглаачаар ажилласан байна. Энэ нь ч оножээ. Найруулга, зураг авалт нь зохиолынхоо үзэл санааг илэрхийлэхийн хажуугаар мэргэжлийн түвшинд болсныг энд дурьдах хэрэгтэй.

Хөгжмийн зохиол.
Хөгжмийн зохиолч нь Аранзаа. Түүний хийсэн киноны эхлэл хөгжим тохирсон гэж жигтэйхэн. Цаашлаад киноны төгсгөл хүртэл үргэлжилэх хөгжим чимэглэлийн найруулга зэргийг тун аятайхан хийснийг үзэгч та бүхэн өөрсдөө мэдрэх болно.

Энэ мэт олон зүйл бичиж болох ч үүгээр түр өндөрлөе. Киног 1-10 оноогоор дүгнэх шаардлагатай болвол 8 гэсэн оноо өргөмөөр байна.