Sunday, May 29, 2011

Kung Fu Panda 2

Kung-fu-panda-2-poster
DreamWorks кино компани 2008 онд анх гаргаж байсан Kung Fu Panda анимейшныхээ үргэлжлэл болгон Kung Fu Panda 2: Kaboom of Doom энэ оны 5-р сарын 26-нд дэлхий даяар кино театруудад нээлээ. Ихэнх шүүмжлэгчид киноны хоёрдугаар ангийг өмнө ангийнхаа амжилта дээр тулгуурлан ашиг олох зорилгоор хийдэг учир харьцангуйгаар амжилт олох нь муу байдаг гэдэг ч Kung Fu Panda 2 кино Загалмайлсан эцэг киноны адилаар хоёр дугаар анги нь эхнийхийгээ давсан амжилт олох магадлалтай кинонуудын нэг яахын аргагүй болсон байх нь анзаарагдана.

Kung Fu Panda, Sprit: Stallion of the Cimarron зэрэг анимейшнуудын storyboard зураач /анимейшн болон киноны үзэгдлүүдийн дарааллыг зургаар илэрхийлэх/ Jennifer Yuh Kun Fu Panda 2 дээр анх удаагаа бүрэн хэмжээний киноны найруулагчаар ажилласан бөгөөд түүний дебют тун сайн ажиллажээ. Кино жүжигчидийн багийнханы хувьд эхний ангийн дуу оруулагчид болох Jack Black /Po/, Angelina Jolie /Tigress - эм бар/, Jackie Chan /Monkey - сармагчин/, Lucy Liu /Viper - могой/, Seth Rogen /Mantis - цөгөрцөг/, Dustin Hoffman /Shifu/, David Cross /Crane - дэглий/ нар солигдоогүй бөгөөд шинээр Холливудын Gary Oldman /Shen/, Dennis Haysbert /Master Ox - бух/, Jean-Claude Van Damme /Master Croc - матар/ нар багт нэгджээ. Мөн Оскарын шагналт Hans Zimmer, Josh Powell нар хөгжимөөр кинонд сүр нэмжээ.

Киноны үйл явдалаас цухас дурьдвал Гонмен хотын хунтайж Shen /Gary Oldman/ кунфуд гоц авъяасгүй ч Хятадыг тэр чигээр нь эзлэх хүсэлтэй. Энэ их хүсэлд нь санаа нь зовсон Гонмен хотын хаан, хатан тогос нар төлөгчид хандах бөгөөд түүний зөнд Shen /Gary Oldman/ хар, цагаан хосолсон арга билгийн амьтанд ялагдана хэмээн зөгнөнө. Ялагдахгүйн тулд Shen /Gary Oldman/ -ы хийсэн үйлдэл эцэг эхийг нь айлгах бөгөөд арга буюу түүнийг ордоноос хөөдөг. Хаан, хатан хоёрыг нас барсаны дараа Shen /Gary Oldman/ өөрийн бүтээсэн зэвсэгтэйгээр Гонмен хотод кунфуг түүхийн хуудаснаас арилган Хятадыг эзлэн авахаар эргэн ирдэг. Харин түүний энэ галзуурсан зорилгыг Луугийн дайчин Po /Jack Black/ л домогт 5 дайчны хамтаар зогсоож чадах байлаа. Гэсэн ч тэд Shen /Gary Oldman/ -ы шинэ зэвсэгийн талаар "асар их хүчтэй" гэхээс өөр юу ч мэдэхгүй байлаа. Кино зохиолын хувьд нэг иймэрхүү энгийн боловч харин хийц, хүртээмж, дүр бүтээлтийн хувьд сайн болсон байлаа. Дүрүүдийн харилцан яриа, Po /Jack Black/ -оос бусад дүрүүдийн сэтгэл хөдлөл дээр өндөр ажилласан байв.

Тэдний хийж буй үйлдэл, алхам бүр нь хөгжилтэй байх бөгөөд үзэгчийг хөгжөөгөөгүй нэг ч хором бараг байсангүй гэж хэлж болно. Эхний ангитайгаа харьцуулахад Kung Fu Panda 2 илүүтэйгээр өнгөрсөнийг эргэн дурссан хэсгүүд их байсан бөгөөд тэдгээрийг зураглалын маш сонирхолтой, өхөөрдөм байдлаар хийсэн нь кино танхим дахь хүмүүсийн өхөөрдсөн дуунуудаас мэдэгдэж байв. Мөн түүнчлэн хүмүүст ухаарал хайрласан шинжтэй байсан бөгөөд философийг нь нэг өгүүлбэрт базаад хэлбэл: "Амьдрал сонголтоор дүүрэн байдаг ба чамайг өнгөрсөн чинь бус харин одоо чинь тодохойлно."

Технологийн хувьд 3D хэлбэрээр бүтсэн бөгөөд анимейшн төрлийн кинонууд дундаасаа 3D үзүүлбэрийг хангалттай сайн хүргэж чадсан. Кунфу тулаануудыг илүү үзүүштэй болгож өгсөн байв. Өөлөх боломжтой зүйлс байсан хэдийн ч магтууштай зүйлс нь Kung Fu Panda 2: Kaboom of Doom -ыг энэ зуны хамгийн хөгжилтэй, үзүүштэй кинонуудын нэг болгож байгаатай маргах аргагүй юм. Гэр бүл, найз нөхөд, хэнтэй ч эсвэл ганцаараа ч үзэхэд маш тохиромжтой бөгөөд та үзсэндээ яагаад ч харамсахгүй. Kung Fu Panda 3 -ыг гарахыг хүлээх л үлдлээ.SKADOOSH!

Бичсэн Ану Харчу,(MMF) Ананда Эрдэнэбат,(MMF) Энхмандах Дорж (MMF)