Friday, February 18, 2011

“Ногоон хэдгэнэ”

“Ногоон хэдгэнэ” киноны нээлт албан ёсоор 2011 оны 02 сарын 15-нд "Өргөө" кинотеатрт нээлтээ хийлээ. Монголын кино сонирхогч,шүүмжлэгчдийн холбооны залуус
нээлтийн ажиллагаанд эртнээс бэлтгэж, кинотой холбоотой богино хэмжээний үзүүлбэр толилуулсан нь олон ч үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн харагдаж байлаа..
Нээлтийг урьд, урьдынхаас илүү сонирхолтой хийхийг зорьсон залуусын хичээл, зүтгэл талаар өнгөрөлгүй, "Өргөө" кино театрт хүрэлцэн ирсэн холбооны гишүүд төдийгүй үзэгчдэд сэтгэгдэл төрүүлж чадсан. Ямартай ч дараачийн үйл ажиллагаанд энэ эрчээрээ шинийг эрэлхийлж, далайцтай сэтгэх юм бол бүр ихийг хийнэ гэдэгт итгэлтэй байна
"Ногоон хэдгэнэ" /Green Hornet/ киноны тухайд 1930-аад оны радио цуврал бөгөөд түүнээс хойш комик цуврал болон дэлгэцийн бүтээл хэлбэрээр гарч байсныг үзэгчид мэднэ.
"Ногоон хэдгэнэ" хийгдэж байгаа тухай яриа кино сонирхогчидийн дунд байсаар 2011 онд"Ногоон хэдгэнэ"-ий шинэ бүтээл дахин дэлгэцнээ амилж олон ч кинонд дурлагчидийн сэтгэлийг сэргээлээ.

Өмнө нь гарч байсан ангиудаас хамгийн нэр хүндтэй 1966 онд George W.Trendel найруулж Britt Reid /Van Williams/,Kato /Bruce Lee/ дүрүүдийг амилуулж байсан гэдэг.
Харин шинэчилсэн уг хувилбарыг 2011 онд Францын найруулагч Michel Gondry найруулагчаар нь ажиллаж Britt Reid /Seth Rogen/,Kato /Jay Chou/,Lenore Case /Cameron Diaz/ ,James Reid /Tom Wilkonson/,Mike Axford /Edward James Olmos/,Chudnovsky or Bloodnovsky /Christoph Waltz/ нар гол дүрүүдийг бүтээсэн байна. Seth Rogen телевизийн цувралууд болон инээдмийн кинонд түлхүү тоглохын зэрэгцээ цөөнгүй хүүхэлдэйн кинонд дуу оруулж байсан билээ. Хэдгэнийн хамтрагч Катогийн дүрийг Тайванийн дуучин, жүжигчин Jay Chou бүтээжээ. Гурван настайгаасаа төгөлдөр хуур тоглож, цаашлаад ая зохион, дууны үг бичиж, 2000 оноос эхлэн жил алгасалгүй 9 цомог гаргасан гээд түүний намтар тун ч сонирхолтой. Тэгвэл Jay Chou жүжигчний замналаа 2003 онд эхлүүлсэн билээ. Улмаар өөрөө кино найруулж "Secret" бүтээлээрээ үзэгчдэд бэлэг барьсан. Баттай мэдээлэл биш ч, энэ онд "Secret"-ийн хоёрдугаар анги дэлгэцэнд амилна гэсэн.

Киноны эхлэл хэсэг James Reid алагдаж Britt Reid аавынхаа үүсгэн байгуулсан Daily Sentinental компанийг өвлөж байгаагаар эхлэж,Britt Kato-тай уулзаж байгаагаар өрнөдөг.Britt тойргийн шүүгч Scanlon-той рестаронд уулзахдаа James Reid-г Scanlon алсан болон Chudnovsky/Bloodnovsky-тай гэрээ байгуулан L.A-г гэмт хэргийн ертөнц болгож байгааг ойлгодог нь киноны зангилааг тайлж өгдөг.Киноны төгсгөлд Chudnovsky-г Като алж,Scanlon-г байшингийн 15 давхараас мөргөн унагаж байгаагаар төгсдөг.

Тулаантай хэсгүүд нь зарим талаараа хэт үлгэрийн мэт санагдаж байсныг өгүүлэхгүй байхын аргагүй.Britt аавынхаа хөшөөний толгойг салгаж аван зугтаж байхад камерт бичигдсэн ч Kato бичигддэггүй,учир нь түүний хөдөлгөөн камерт бичигдэхээр гүй хурдан байсан учраас.

Kato-гийн бүтээсэн Black Beauty,Gas Gun гээд л техникийн гайхалтай бүтээлүүдийг өгүүлэхгүй байхын аргагүй.Магадгүй хэдхэн жилийн дараа бидний төсөөлж байсан дүрслэлүүд амьдрал дээр бий болохыг үгүйсгэхгүй.Хүн авьяасаа хөгжүүлж байхыг ч Kato-гийн дүрээр харуулж өгсөн.

Киноны аль ч хэсэгт хөгжилтэй явдлууд гол дүрийн хоёрт тохиолддог нь кино үзэж байгаа үзэгчдийг уйдахааргүй.Britt аливаа юманд хөнгөн хуумгай ханддаг бол Kato бүх зүйлд хянамгай хандаж бас түүний техник сэтгэлгээ нь киног улам бүр чимж байлаа."Ногоон хэдгэнэ" кино 3д-р хийгдсэн ба шилний бутарч байгаа болон,гал дүрэлзэн асч байгаа зэрэг олон хэсгүүд нь үнэхээрийн сайн болсон ба ялгарал нь үнэхээр гайхалтай харагдаж байлаа.
Киног агуулгын хувьд дүгнэвэл адал явдалт-инээдмийн кино тул хөнгөн инээд, болон сонирхолтой "тулаант" хэсэг ихтэй. Мөн гурван хэмжээст зураглал нь урьдны кинонуудыг бодвол арай илүү нь мэдрэгдэж байсан. Гэхдээ мэдээж "Resident Evil"-ийг гүйцэхгүй гэдэгтэй фанатууд санал нэгтэй байв.Ер нь энэ кино хийцийн хувьд дажгүй болсон бөгөөд, санаа нь шалихгүй мэт боловч, цааш бодвол хүн төрөлхтний мөнхөд үнэлсээр ирсэн шударга ёс, сайн сайхны төлөөх тэмцлийг харуулсан ажээ.

"Кино хүнийг бий болгодоггүй,кино хүнийг хөгжүүлдэг."
Бичсэн Хулан, Билгүүн