Monday, May 9, 2011

Adjustment Bureau “Хувь тавиланг зохицуулах товчоо”,

“Хувь тавиланг зохицуулах товчоо”, “Хувь тавиланг захирах товчоо”, “Өөрчлөлтийн товчоо” ... уг киноны нэрийг монгол хэл рүү яаж ч оруулж болно. Алийг нь ч сонгосон амьдралыг өөрчлөн зохицуулж байдаг “хүмүүс” –ын тухай гарах нь ойлгомжтой.

The Adjustment Bureau кино нийт 106 минут үргэлжлэх бөгөөд найруулагчаар нь George Nolfi ажиллаж, гол дүрүүдийг Matt Damon /David Norris/, Emily Blunt /Elise Sellas/, Anthony Mackie /Harry Mitchell/, Terence Stamp /Thompson/ бүтээсэн байна.

Зохицуулах товчоо гэдэг нь бурханы зурсан зурагаас өөрөөр явсан тохиолдолд түүнийг нь засахаар ажилладаг байгууллага юм.

Девид Норрис түүхэндээ Нью-Йорк мужын сенаторын сонгуульд өрсөлдсөн хамгийн залуу нэр дэвшигч бөгөөд Брүүклинийн залуучууд түүнийг дэмжсэнээр түүнийг сонгогдоно гэдэгт итгэл дүүрэн томоохон баг ажиллаж байсан ба олон жилийн өмнө гаргасан алдаа нь түүнийг ялалтын ирмэг дээрээс түлхдэг. Сэтгэлээр унасан Девид Норрис хэдий сонгуульд ялагдсан ч өөрийн дэмжигчдэд зориулан мөн ялагчид зориулан индэрийн ард үг хэлэхэд нь Девидэд санаандгүй тохиолдолоор тааралдсан Элисийн үг "сайн талаараа" нөлөөлөх бөгөөд түүний дараагаар Элис зүгээр л гүйж алга болно.

Гэвч тэр хоёрын тааралдах нь санамсаргүй хэрэг биш харин урьдаас төлөвлөсөн бүхэл бүтэн ажиллагаа байсныг Девид хожим нь санаандгүй байдлаар мэдэж авна. Хувь заяа ч гэх үү, аз тохиол ч гэх үү тэр хоёр ахин тааралдах нь тэр. Зохицуулах товчооны ажилтан Доналдсон Девидийг өөрсдийн хэрэглэдэг аргаараа Элисээс холдуулах боловч гурван жил хайсны эцэст Норрис Элисийг ахин олдог. Элис, Девид хоёрын учрал санаандгүй байсан агаад энэ удаад Доналдсоны эрх мэдэл хүрэхээргүй түвшинд хүрсэн санаандгүй учрал байдаг. Ингээд дээд удирдлага Доналдсонг "Алх" хочит Томсоноор солих бөгөөд Томсон ёстой л ажлаа дээд цэгт нь хийж Девидийг Элисээс ахин холдуулж чаддаг.

Өөрийн хийж байгаа зүйлдээ эргэлсэн Зохицуулах Товчооны ажилтан Харри Девидэд хувь тавилан, түүний ажилчидын талаар зарим чухал зүйлийг тайлбарлаж өгөх бөгөөд энэ удаад Девидийн эргэлзээ бүрэн дүүрэн арилж, эргэж буцалтгүйгээр Зохицуулах Товчооны "даргатай" ч хамаагүй уулзаж өөрийн хувь тавиландаа Элисийг оруулахаар Харригийн тусламжтайгаар Элисийг дагуулан байгууллага руу нэвтрэнэ. Гэвч тэр хоёр товчооны ажилчидад баригдаж, гарах гарцгүй болсон үед товчооны "даргаас" тэр хоёрын хэргийг хариуцаж байсан Томсонд тушаал ирдэг. Тушаалын дагуу Девид, Элис хоёрын хувь тавиланг зохицуулалтаас хасдаг бөгөөд цаашдын ирээдүй нь цэвэр өөрсдийнх нь гарт үлддэг.

Хувь тавиланг зохицуулах товчоо киногоор найруулагч хүн өөрийн хүсэл мөрөөдөл,хайр дурлалын төлөө хэрхэн тэмцэх ёстойг харуулахыг хичээсэн болов уу гэж дүгнэж байна. Гэхдээ тэмцэхдээ бусдыг амьдралыг сүйтгэж болохгүй гэдгийг санах хэрэгтэй, хийсэн үйлдэл бүхний чинь үр дагавар өнөөдөр биш ч хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг санах хэрэгтэй гэсэн мессежийг үзэгчдэд өгч байсан бөгөөд нөгөө талаас харах юм бол энэ нь Америкийн "поп культур" болсон бурхан, хувь заяа, чөлөөт сонголт гэсэн санаануудыг гүн гүнзгий шингээсэн байсан.

Кино тэр чигтээ “Бүрх малгайтнуудын эсрэг Девид, Элиз хоёр” гэсэн байдлаар өрнөдөг бөгөөд өөрийн гэсэн чөлөөт сонголттой байж "чаддаггүй" хүн төрөлхтний урьдчилан “дарга” –ын зурсанаар үргэлжлэх хувь тавиланг хангахаар “бүрх малгайтнууд” өдөр шөнөгүй ажиллан гүйлдэж байна гээд төсөөлөхөөр хэнд ч энэ нь их сонирхолтой санагдах байх. Гэсэн ч киноны хамийн сонирхолтой хэсэг нь энэ санаа гэхээсээ илүүтэйгээр “бүрх малгай” –г хэрхэн ашигладаг хэсгүүд л хамгийн сонирхолтой байсан гэж хэлж болно.

Бичлэгийн хувьд эхний 40 орчим минут яг л зурагдсан пянз шиг байсан нь сэтгэлд хүрсэнгүй. Энэ нь магадгүй тээвэрлэлтийн алдаа байсныг үгүйсгэхгүй. Дуу оруулалт нь сайн болсон байсныг энд хэлэхгүй өнгөрч болохгүй, эргэн тойрон гээд бүх зүйлсийг сайн анхаарч хийсэн нь анзаарагдаж байлаа. Гол дүрүүд болон туслах дүрүүдийн уялдаа холбоо болоод жүжиглэлт итгэлтэй, сайн байсан ч киноны орчуулга болон зөв бичих дүрмийн алдаа гэх мэт харилцан ярианы текстийн хяналтын тал дээр олон алдаа гаргасан байсныг хэлэхгүй өнгөрч болохгүй нь.

Найз нөхөдтэйгөө, гэр бүлээрээ үзэхэд сонирхолтой кино боловч Мэтт Деймоны улаан фен л биш бол олон дахин үзээд байхаар гүн гүнзгий утгатай, хэдэн жил яригдах санаатай кино болж чадаагүй нь илт байлаа.

Нэг удаа "Бурхан хүний амьдралын 20 хувийг зурдаг,үлдсэн хувийг нь хүн өөрөө бүтээдэг" гэж дуулж байсан санаанд буулаа. Магадгүй бидний амьдралыг хэн нэгэн чиглүүлж өгч байдаг юм бил үү?

"Кино хүнийг бий болгдоггүй,кино хүнийг хөгжүүлдэг"

Шүүмжийг бичсэн: Билгүүн, Ану Харчу

Thor буюу Бурханы аянган алх (by review team 1)

Хүн төрөлхтөн дайн тулаан, зэвсэгт тэмцлийн дунд мянга мянган жилийг үдэж, энх тайван, амар амгаланг хүссэн сэтгэлээ шингээн энх цагийг авчрах эрэлхэг зоригтой, дайчин баатруудын түүхийг үеээс үед амаар, бичгээр дамжуулан хэлэлцэж ирсэн байдаг. Эрт цагийнх нь үлгэр домог, туульс болж бидэнд уламжилж ирсэн байдаг бол, орчин үед "супер" баатруудын түүх, комик, кино зохиол үзэгч олны мэлмийг баясгах болжээ. Марвел комиксийн ээлжит супер баатруудын нэг болох Тоор өнгөрсөн жилээс албан ёсоор дэлгэцийн бүтээл болж гарах нь зарлагдсан бөгөөд хүмүүсийг багагүй хүлээлтийн байдалд оруулж амжсан билээ. 20-р зууны дунд үеэс Америкаас эхлэн дэлхий дахиныг та бидний мэдэх Hulk, Spiderman гэхмэт олон комик(зурагт) цуврал зохиолуудуудаара байлдан дагуулсан Marvel студийн уран бүтээлүүдийн нэг Thor комик зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн уран сайхны киноны дэлхийн нээлттэй зэрэгцэн Монгол улсад 5-р сарын 6-ны өдрөөс эхлэн Тэнгис кино театрт нээлтээ хийлээ. Америкийн алдарж жүжигчин, кино найруулагчKenneth Baranagh найруулж, Chris Hemsworth, Natalie Portman, Tom Hiddleston, Anthony Hopkins, Stellan Skarsgаrd нарын гол дүрд нь тогложээ. 150сая долларын өртгөөр бүтсэн энэхүү кино нь дэлгэцийн уран бүтээл, компьютер график, 3D технологийн гайхамшгийг шинэ хэлбэрээр мэдрүүлж чадсан гайхалтай бүтээл болж чаджээ. Марвелын комикоос сэдэвлэсэн болхоор түүн дээр гардаг хэсгүүд мөн баатрууд бол бараг л бүрэлдэхүүнээрээ байлаа. Киног үзэж эхэлхийн өмнө комиксийг нь уншдаггүй хүнд ойлгогдох болов уу гэсэн нэг бодол төрсөн боловч кино нь хэн бүхэнд ойлгомжтой болгож хийсэн сонирхолтой байлаа. Транспормерс-ын гуравдугаар ангийг хийгээд тун завгүй байгаа Micheal Bay гүйцэтгэх продюсерээр ажиллажээ. Энэхүү кинон дээр Visual effect-ыг маш сайн ашигласан байсан бөгөөд Бурхадын хотын архетектурын шийдэл бол гайхамшигтай сайхан харагдаж байлаа. Киноны төгсгөлд гардаг гариг эрхэс, одон орон, галактикын зураглалууд бол 3D ээр үзэхэд тун гайхалтай мэдрэмж төрүүлж байв. Энэ кинонд Natali Portman орж дүр бүтээсэн нь сүүлийн үед тэрээр холливудад тун эрэлттэй байгааг илтгэж буй. Тоор нь 1962 оноос анхлан гарч эхэлсэн Асгард хэмээх бурхдын орны ханхүүгийн тухай өгүүлдэг комикс юм. Тэрээр өөрийн эцгээсээ өвлөн авсан Моёлнир лантуутай бөгөөд энэ нь түүнд маш их хүч чадлыг өгдөг юм. Түүний дайн тулаанд дуртай, эзэрхэг зан нь түүний хамгийн том сул тал бөгөөд тэр үүнийгээ ухаардаггүйд гол асуудал нь байлаа. Энэ ертөнцийг энх тайвныг сахиулж чадсан Асхардын хаан Один өөрийн хаан ширээг өөрийн хоёр хүүгийн нэг Тор-т шилжүүлэхийг хүссэн ч Торын ухаангүй, омогтой зан нь Одиныг хилэгнүүлж, Торыг дэлхий рүү цөлөхөд хүргэнэ. Тор дэлхий дээр ирж, энгийн хүмүүсийн дунд амьдарч, судлаач эрдэмтэн Жэйн хэмээх бүсгүйд сэтгэл алдарч, хүн төрөлхтнийг, хайртай хүмүүсийнхээ төлөө тулалдаж эцгийхээ хаан ширээг залгамжилж чадах ухаалаг нэгэн болж төлөвшинө. Один хаан олон жилийн өмнө дайтаж явахдаа дайснаасаа өргөж авсан хүү Локи нь Торын эзгүй, Один хааны бие муудсан хойгуур хуйвалдаан зохиож, хаан ширээг залгамжлахаар санаархаж байсан ч Тор эргэн ирж энэ бүхнийг таслан зогсооно. Тоорын дүрд тоглосон Крис Хэмсворф өмнө нь телевизийн цуврал кинонд тоглодог байсан бөгөөд иймэрхүү төрлийн супер баатрын кинонд тохиромжгүй байх болов уу гэсэн таамаглалыг кино маань бүрэн няцааж чадхаар сайн байлаа. Мөн киноны хамгийн чухал дүр болох эсрэг талын дүрийг Том Хайдлстон үнэхээр гайхалтай бүтээсэн бөгөөд, түүний царай нь цаанаасаа Локигийн дүрд төрчихсөн юм шиг л адилхан байсан нь бас хүчтэй нөлөөлсөн болов уу. Эхэн хэсгийг үзсэний дараагаар киноны төгсгөлд нэг том дайн болох тухай таамаг шууд төрж, ихэд догдлуулав. Ер нь бол холливудын кино найруулагч, продюсер, зохиолч, хөгжмийн зохиолч нарын нэр л тод томруун гараад өнгөрдөг яг үүний ард хамгийн чухал хэсгүүдийг бүтээж байдаг бусад ажилтнуудыг үзэгчид сайн анзаарахгүй өнгөрдөг. Тэдний нэг бол яах араггүй Visual effect-ын инженерүүд юм. Кино эхэлхэд бидний сайн танил Marvel, Paramount, зэрэг том том кино компаниудын нэр гардаг боловч тэд санхүүжилт, маркетинг зэрэг үндсэн тоотой хэдхэн ажлуудыг хийдэг бөгөөд маш чадварлаг ямар нэг төрөл зүйлүүдийг хийж гаршсан, жишээ нь маш сайн үер усны эффект эсвэл гариг эрхэс ч юм уу ингээд нэг нэг төрлөөр гаршсан жижиг студиудаар киноныхоо хүнд хэцүү элемэнтүүдийг хуваан тарааж өгөөд хийлгэчихдэг. Ерөөсөө хэдхэн секундын Visual effect-ыг гаргах гэж маш их хугацаа, их хөдөлмөр орж байдаг тиймээс ч тэд ажлын хөлсөө хангалттай авдаг. Энэхүү кинон дээр Visual effect ын инженерүүд маш сайн ажиллажээ.Марвелийн бүтээлүүдийн бас нэгэн онцлог болох киноны титр урсаж дууссаны дараагаар үзүүлдэг минут орчим гарах богино хэсэгт киноны гол түлхүүр гарах бөгөөд Тоор нь ирэх жил гарах Марвелийн баатруудын цуглуулга болох The Avengers дээр хэрхэн үргэлжлэх тухай байлаа. Энэ киног 3D-ээр, каст(Уран бүтээлчдийн нэрс)-ыг гарч дуустал үзэхийг хувийн зүгээс аминчлан захих байна. Хэрэв та хэзээ нэгэн цагт уудан огторгүй, одот ертөнцөөр элин халин нисэхийг хүсч байсан бол тэр мэдрэмжийг 3D технологи танд тэр мэдрэмжийг өгөх болно. Заавал үзээрэй :) гэвч үзэгчид кино дуусаад каст гараад эхлэнгүүт л танхимаас гараад явчихдаг нь харамсалтай.

Бичсэн: Г. Эрдэнэбаатар (MMF), Б. Гансүх (MMF) Э. Ананда (MMF) from review team 1