Польшын нэрт найруулагч Роман Полански-н 2002 онд бүтээсэн "The Pianist" буюу "Төгөлдөр хуурч" киног кино урлагийн түүхэн дэх үнэхээрийн агуу бүтээл хэмээн магтан шагшихаас өөр аргагүй юм. Кино найруулагчийг дайн тулаан, хүний дотоод сэтгэл, сэтгэлзүй, урлагийн ертөнцийг гаргууд судалж, өчүүхэн жижиг деталиудыг ч алдалгүй уран нарийн гаргасаныг гайхмаар. Гэхдээ миний хувьд энэ бүтээлийн авсан шагнал, жүжигчдийг танилцуулж магтаал урсгахыг алгасаад кинонд гарах нарийн ширийн агшнуудыг анзааран түүвэрлэж өөрийн тайлбарыг нэмэн өгүүлэхийг зорилоо.
Киноны үйл явдал Ервей гаралтай Польш төгөлдөр хуурч Владислав Шпилман хэмээх авьяаслаг залуу (түүхэн бодит хүн) нэгэн радио студид Шопений Nocturne No. 20 in C# minor тоглож байх үед Дэлхийн 2-р дайны довтолгоон Польш улсыг хамарч, түүний тоглож байгаа байшингийн хэсэг бөмбөгдөлтөнд өртөж байгаагаар эхэлдэг. Энэ үед радиогийн нэгэн ажилтан шилэн цонхны цаанаас тоглохоо зогсоо хэмээн дохиход гол дүр маань "үгүй" хэмээн толгой сэгсрэн байшин үргэлжлүүлсээр байгаагаас хөгжимчин хүний хатуу чанд дэг, тэвчээр, сэтгэлийг анзааран харж болно. Энэ аргагүйн тасалдсан хөгжмөө киноны төгсгөл хэрд энх тайван цагт дахиж тоглож байгаагаар мөн харуулдаг.
Шпилманы дараа орох гол дүр гэж хэлж болохуйц дүр бол Германы цэргийн ахмад Wilm Hosenfeld. Эзэнгүй байшингуудаар явж хайж олсон лаазалсан хүнсийг онгойлгох багаж хайж байгаад санамаргүй энэ Герман эрхэмтэй тааралддаг. Тэрээр Шпилманы талаар асууж Төгөлдөр хуурч гэдгийг олж мэдэн цааш дагуулан төгөлдөр хууртай өрөөнд оруулж тоглож өгөхийг хүсэхэд "манай хүн" Шопены Ballade No.1 Op.23-ын хэсгээс тоглож өгдөг. Киноны дээр Хосенфелд төгөлдөр хуур тоглож огт харагддаггүй боловч түүнийг төгөлдөр тоглодог, эргэн тойрныхондоо ч төглөдөр хуур тоглодог гэж танигдсаныг илтгэх хангалттай шалтгаануудыг кинон дээрээс харж болно.
- Хосенфелд, Шпилман хоёр тааралдахаас нэлээд өмнө киноны ард Бетховены 14-р сонатын нэгдүгээр хэсэг буюу Moonlight Sonata-ийн хэсгээс бүдэгхэн эгшиглэдэг. (Польшын хөгжмийн зохиолч Шопен, Германы Бетховений хөгжимд зааг байхгүй гэсэн санааг найруулагч мөн хэлэх гэсэн болов уу)
- Шпилманаар төгөлдөр хуур тоглуулаад сууж байх үед түүний жолооч гадаа нь зүгээр хүлээгээд л зогсч байгаа 2-3 секунд өнгөрдөг.
Эндээс Хосенфелд жолоочоо гаднаа хүлээлгээд өөрөө дотор төгөлдөр хуур тоглодог байсан хэмээн дүгнэх хангалттай "шипи"-г киноны найруулагч бидэнд өгөөд байна :D Мэргэжлийн хөгжимчин биш ч өөрөө тоглодог, урлагийг мэдэрч ойлгож биширдэг, авьяастныг хүндэлж Германы армийг буцтал Шпилманд идэх хүнс илүүчилж, буцахдаа гадуур хувцсаа "дулаан" гэж бэлэглэдэг. Урлагт дуртайгаас гадна Хосенфелдийн ажлын ширээн дээр түүний гэр бүл, 3 хүүхэдтэйгээ авхуулсан жаазтай зураг харагдаж байгаа нь түүнийг "гэр бүл, аз жаргалын үнэ цэнийг мэддэг", "хэзээ ч дайныг үл хүсэмжлэгч" гэсэн ойлголтыг бататгаж өгнө. Үүгээрээ "дайсны" цэрэг болгон дайсан биш, тэд ч гэсэн бидний адил ХҮН. Харин ХҮН бидний эсрэг цорын ганц ДАЙСАН нь ДАЙН юм гэдгийг ойлгуулахаар, батлахаар зорьжээ.
"Төгөлдөр хуурч" киноноос та ямар ч хурц өрнөлтэй адал явдал, фантаз, хошигнол, романтик хайр дурлал, уран сайхны хэтрүүлэг, хийсвэрлэл, компьютер графикийг олж харахгүй. Харин хөгжмийн урлаг, жинхэнэ киноны яруу тунгалаг ертөнц, дотоод сэтгэл, чанадын нууцыг олж харна. Үзээгүй бол заавал үзэх, үзсэн ч дахин үзэх ёстой, ЖИНХЭНЭ КИНО гэсэн дүгнэлтийг л миний зүгээс хэлнэ.
No comments:
Post a Comment