Saturday, October 30, 2010

Помогите нам 2 – Хуваарьгүй нислэг (MMF Review by Khaschuluu)

Өнөөдөр энэ киног жинхэнэ үздэг орчинд нь, жинхэнэ үздэг хүмүүстэй нь, жинхэнэ тоглосон жүжигчинтэй нь, жинхэнэ зохиолчтой нь, тэр ч байтугай жинхэнэ жолооч энэ тэр ер нь бүх л юмыг жинхэнээр нь мэдэрчхэв бололтой. Монголд анх удаа кино скрийнинг буюу нээлтээс өмнөх туршилтын, миний хэллэгээр release candidate хувилбарыг нь кино сонирхогчдоор хийлгэж байгаа тохиолдол бололтой. Сайхан сайхан, шажигнаж шижигнэсэн киноны фанат залуус маань Монголынхоо кино урлагийг ингээд хөгжүүлээдэхвэл ч сайхан даа. Монголын маань ч кино урлаг залуу ЗАНДАН байна, өшөө хол явна л гэх гээд байгаа юм.

За ер нь бол ая, зураг авалт, эвлүүлэг, график, эффектийн хувьд өөлөх зүйлгүй сайхан болжээ. Би ч өөрөө нээх кино хийгээд, шүүмжлээд явдаг хүн биш л дээ, танууд минь мэдэж байгаа байх :D Гэхдээ би энд сайшаах гээгүй хэдэн шүүмжээ бичих гэж нуршиж яваа минь энэ, таална уу.

Киноны эхлэлээс дуустал хэрүүл байлаа. Мэдээж хэрүүл уруул, үл ойлголцол байлгүй л яах вэ. Гэхдээ энэ кинонд хирээс хэтэрчээ. Эхний кадар дээр Эл-Гуардсынханы амьд дүрсээр эхлээд л төд удалгүй нэг хамгаалагч гарч ирээд л блах блах, тэгсэн нэг эхнэр гарч ирээд л блах блах, тэгээд л нөгөө эхнэр гэртээ ороод л нөхөртэйгөө блах блах. Дараагийн кадр, нэг босс нөхөр онгоцны буудал дээр чихэр зардаг хүүхэдтэй блах блах. Элсэн цөл дээр нөгөө хоёр хөөрхөн охиныг нэг эхнэр л ёстой нэг блах блахдаж байна аа. Гэхдээ яах вэ хэрүүлэн кино байж болох ч хэрүүлд нь жанцан гэж алга аа. Инээх ч үгүй юм, тэр их нүрэглэсэн хэрүүл дунд хэрүүл бол нэг тиймхэн л сэтгэгдэл төрүүллээ.

Жүжиглэлт. Энэ кинон дээр нэг гаргах гэсэн санаа нь одоо Монгол зон олон маань гаднын савангуудад уусч байна, Хангүг сериалд орж байна, блоклогдож, киногоор сэтгэдэг болж байна энэ тэр гэсэн юм байв. Үнэндээ Солонгос сериалын аймшигтай, үзэхээс нүд хорсгом тэр зүйл бол миний хувьд жүжиглэлт байдаг. Айсан хүний нүүр, уйлж байгаа хүний нүүр, инээж байгаа, уурлаж байгаа, загнаж байгаа хүний нүүр гэхээр л арай биш ээ, тэр жүжигчид нь нүүр л үрчийж байвал жүжиглэлт гэж боддог юм шиг байгаа юм. Та нар мэднэ дээ, уйлахаараа л доороо дэвхцээд л, зайрмаг авахуулж чадаагүй жоохон хүүхэд шиг ам нь урвайгаад л, тэгсэн баярлаж байн гэхээр л сонин сонин өнгөөр инээгээд л, хүн амьтан нүдээд л, за тэгээд зодолдох болохоороо л нэг их хашхираад л. Үнэндээ бодит амьдрал хэзээ ч тийм биш, энэ бол зөвхөн тэнэг хүмүүсийг л хуурч байгаа зүйл. Юу хэлэх гээд байгааг минь бараг ойлгосон байх. Энэ кинон дээр жүжиглэлт гэдэг юм алга өө. Тэр Амбий гэж нөхрийг харахаар л арзас хийдэг юм, учир нь гэнэт гэнэт, маш муухай орилдог. Гэтэл жинхэнэ жүжиглэлт гэдэг ямар нэгэн нүүрний хувиралгүйгээр, зөвхөн харцаараа бүх зүйлийг нэвт ойлгуулах шиг л болдог. Киноны гол амин сүнс тэнд нь алга...............................

“ПОМОГИТЕ НАМ 2” (MMF Review by Orgil Kira)

Бямба гарагийн өглөө 9 цагт Өргөө кино театрт "MMF Модератор" залуусын хамтаар "Помогите нам 2" киног үзэж сонирхохоор II танхимд орж суулаа. Үзэгчид ирсэн ч киноны хальс хараахан ирээгүй байв. Учрыг тодруулваас киног хуулах зөөврийн хатуу диск олдоогүй тул компьютерийнхаа процессорийг салган авчирах болсон байна. "Т*т*р ажиллагаа" киноны "Гялбаа" хакер ганц процессор дийлэхгүй хоёр бацаанаар өргүүлдэг юм билээ :P Харин Даваахай найруулагч ганцаараа тэврээд ирж харагдсан. 
Жүжигчин Дооёо говийн сордог элсэнд шигдэж бусдыгаа сандаргасан талаар асуух гэсэн боловч тэрээр ирсэнгүй. Киноны төлөөлөгчид болох Даваахай, жүжигчин Амбий нар хүрэлцэн ирж киноны тухай товч танилцуулга хийснээр хүсэн хүлээж байсан кино маань эхлэв.
Нэгдүгээр ангид 1990-ээд оны (Амбий: “Та нар ч мэдэхгүй л дээ”) ганзгын наймааны үеийг хошин байдлаар дүрсэлж, тухайн үеийн Монголын нийгмийн амьдралыг харуулж байсан. Харин 2 дугаар анги дээр галт тэргэнд учирч байсан наймаачид 20 жилийн дараа онгоцонд дахин тааралдаж, адал явдалтай учирдаг.
Жүжигчид:
Киноны нэгдүгээр ангид оролцон тоглосон жүжигчид дээр нэмэгдэж жүжигчин Өлзийхүү,Чапи буюу Ихбаяр, Батсүх, Булган-Эрдэнэ, Ганчимэг,Лхагвасүрэн зэрэг жүжигчид дүр бүтээжээ. Инээдмийн кино учраас туршлагатай жүжигчид сонгосон байх. Ийм жүжигчдийн тоглолт сүүлийн үеийн кинонуудад гараад байгаа дуучин, эсвэл олны танил хэн нэгний тоглолтоос үнэхээр өөр, ангид, хол илүү, дээр санагдах нь мэдээж. Бас нэг сонин зүйл нь кинонд гол дүрийн жүжигчин гэж үгүй. Бүгд тус тусдаа өөр өөрийн дүрийг бүтээсэн. Тэдгээрийн нэгдэл нь киноны гол дүр юм....................

“ПОМОГИТЕ НАМ 2” БУЮУ “ХУВААРЬГҮЙ НИСЛЭГ” (MMF Review by Bolorbat Khaadag)

Монголын Кино сонирхогчдын /MMF/ клубын ээлжит кино үзвэр, уулзалтын ажиллагаа 2010 оны 10-р сарын 30-ны бямба гарагийн өглөөний 9 цагт Өргөө кино театрын 2 танхимд боллоо. Энэ удаагийн уулзалт, кино үзвэрийн ажиллагаа нь нөгөөдөр буюу 11 сарын 1-ний өдөр албан ёсоор нээлтээ хийх гэж байгаа “Помогите нам 2” кинотой холбоотой байсан юм. “MMF Moderators” группын гишүүд болох 30 залуу энэ уулзалтад ирсэнээс гадна, Өргөө кино театрын маркетингийн албаны дарга, киног бүтээгч Амбий, Даваадорж нар товчхон танилцуулгыг хийснээр анхны үзэгчид нь бид болоодхов.

Кино зохиол.
Бичигч надад энэ киноны зохиолыг унших завшаан санаандгүй байдлаар тохиолдож байсан билээ. Тиймээс ерөнхий утга санаа, учир энэ тэрийг гадарлаж байсан гэхэд болно. Киноны нэгдүгээр ангид үзүүлсэн наймаачдын зовлон, хөг хөгжилтэй явдлыг үзэгчид мэдэх учир өмнөхийг нуршиж цаг барамгүй байна.
Ямартаа ч өнөөх наймаачид шинэ цагийн Монголчуудын нийтлэг дүр төрхөөр дэлгэцнээ амилжээ. Эд баялаг, албан тушаал, худал хуурмагт олонхийн адил автсан хэсэг хүн энэ кино гол дүр боловч, төлөөллийн журмаар нийгмийг харуулах гэсэн санаа нь сэтгэлд нийцлээ. Хөндүүр сэдвийг хөнгөхөн, үзүүштэй болгохын тулд ашигласан үг хэллэг ойлгоход амар болжээ. Харьцангуй нийгэмд хэвшсэн яриа, харилцаа эрхгүй биднийг санагдуулна. Тэгэхээр бидний амьдрал өөрөө инээдэм бололтой. Киноны төгсгөлд дэвшүүлсэн санаа нь ил харагдах агаад аль насны хүнд тохирохуйц санагдлаа.

Дүр сонголт.
Өмнөх ангид тоглосон жүжигчдийн баг бараг тэр чигтээ байлаа. Монголын хошин урлагт нэрээ гаргасан тайз, дэлгэцийн уран бүтээлчид байсан тул алдаа мадаг багатай, оновчтой сонголттой мэт. Тэдгээрээс онцгойрох нь Навчаа, Амбий, Дооёо нар байсан гэхэд болно. Гол нь эдгээр жүжигчид бүгд тайзанд ч, дэлгэцэнд ч хамтран тоглож гаршсан болохоор өгөө аваатай аятайхан болжээ.

Найруулга.
Найруулагчаар Төрийн Соёрхолт кино зураглаач Шаравдорж гуайн хүү Даваадорж ажиллажээ. Тэрээр киноны зохиолыг бичиж, ерөнхий зураглаачаар ажилласан байна. Энэ нь ч оножээ. Найруулга, зураг авалт нь зохиолынхоо үзэл санааг илэрхийлэхийн хажуугаар мэргэжлийн түвшинд болсныг энд дурьдах хэрэгтэй.

Хөгжмийн зохиол.
Хөгжмийн зохиолч нь Аранзаа. Түүний хийсэн киноны эхлэл хөгжим тохирсон гэж жигтэйхэн. Цаашлаад киноны төгсгөл хүртэл үргэлжилэх хөгжим чимэглэлийн найруулга зэргийг тун аятайхан хийснийг үзэгч та бүхэн өөрсдөө мэдрэх болно.

Энэ мэт олон зүйл бичиж болох ч үүгээр түр өндөрлөе. Киног 1-10 оноогоор дүгнэх шаардлагатай болвол 8 гэсэн оноо өргөмөөр байна.