Sunday, November 28, 2010

Мамма Миа (Review by Hantulga)

Амралтын өдрөөр нээлтээ хийсэн UBS тв ийн Universe Best Songs шоуны ялагчдын оролцон тоглосон Мамма Миа киног үзэхээр Өргөөг зорилоо. Хамаатнуудаараа олноороо үзсэн болохоор тун хөгжилтэй байлаа. Өмнөх “Зүрхэнд Гэрэлтэх Од” кино нь нилээд олон хүний таашаалд нийцсэн болохоор энэ удаагийн кино нь ч хүмүүсийн хувьд хүлээлт өндөртэй байж чадсан байх.

Кино зохиол:
Киноны зохиол гээд байлтгүй шууд л Mamma Mia! киноны Монгол хувилбар маягаар хийчихэж. Өөрөөр хэлбэл гадны киног монголчилж дахин бүтээжээ. Тэр утгаараа анхны хувилбарыг нь үзэж байсан үзэгчдийн хувьд оригинал кинотой нь харьцуулах зүйл маш олон гарч байсныг дурьдах нь зүйтэй байх. Тийм ч учраас аливаа киног хийхдээ хуучинаас нь дээрдүүлж үнэхээр чадах уу гэдэг асуултыг нэн тэргүүнд уран бүтээлчид маань өөрсөддөө тавих ёстой байх.

Жүжигчид:
Киноны гол дүрд дуурийн дуучин Ө.Уянга болон Т.Хулан нар тоглосон нь огт таалагдаагүй. Миний бодлоор UBS тэмцээнд 2р байр эзэлсэн Өнөржаргалыг ээж нь болгоод охиныг нь арай өөр хүнээр сонгосон бол гэж бодож суулаа. Universe Best Songs-ийн оролцогчдын тоглохыг үзэх гэж очсон болохоос бид чинь мэргэжлийн дуучин, жүжигчин хүмүүсийг харах гэж очоогүй шүү дээ. Тиймээс оролцогчдыг түлхүү харуулж өгсөн бол илүү ихээр баярлах байлаа.

Зураг авалт, найруулга:
Зураг авалт, зураг авсан газар, найруулгын хувьд хангалттай киноны утга санаар илэрхийлж чадсан. Залуу найруулагч Б.Чингүүний туршлага улам бүр сайжирч байгааг энэ киноноос харж болохоор байлаа. Нэг ойлгомжгүй хэсэг нь Тэрэлжид байрлах Гүнжийн сүмний шатаар уруудаад дүүжин гүүрэн дээр дуулдаг хэсэг яг ямар утгатай байсныг ойлгож чадаагүй өнгөрсөн.

Дуу:
АББА хамтлагийн дуунууд бол яах аргагүй урлагийн бүтээл учраас түүнтэй бол ярих юм байсангүй. Гол дүрүүдэд тоглосон жүжигчид ч эдгээр дуунуудыг өөрийн болгож дуулж чадаж байсан нь киног чимж байлаа.

Дүгнэлт:
Стресс ихтэй өнөөгийн нийгэмд нэг орой кинотеатр ороод үзэхэд гэмгүй хөнгөхөн, хэмнэл сайтай, их хөдөлмөр шингэсэн, гэгээлэг кино болжээ. Мэдээж оригинал киногоо гүйцэхгүй ч гэсэн гүйцэтгэл талаасаа боломжийн. 10 аас 7.5 гэж үнэлье.

Бичсэн: Hantulga  , Үндсэн бичлэг: Hantulga

No comments:

Post a Comment