Saturday, October 30, 2010

“ПОМОГИТЕ НАМ 2” БУЮУ “ХУВААРЬГҮЙ НИСЛЭГ” (MMF Review by Bolorbat Khaadag)

Монголын Кино сонирхогчдын /MMF/ клубын ээлжит кино үзвэр, уулзалтын ажиллагаа 2010 оны 10-р сарын 30-ны бямба гарагийн өглөөний 9 цагт Өргөө кино театрын 2 танхимд боллоо. Энэ удаагийн уулзалт, кино үзвэрийн ажиллагаа нь нөгөөдөр буюу 11 сарын 1-ний өдөр албан ёсоор нээлтээ хийх гэж байгаа “Помогите нам 2” кинотой холбоотой байсан юм. “MMF Moderators” группын гишүүд болох 30 залуу энэ уулзалтад ирсэнээс гадна, Өргөө кино театрын маркетингийн албаны дарга, киног бүтээгч Амбий, Даваадорж нар товчхон танилцуулгыг хийснээр анхны үзэгчид нь бид болоодхов.

Кино зохиол.
Бичигч надад энэ киноны зохиолыг унших завшаан санаандгүй байдлаар тохиолдож байсан билээ. Тиймээс ерөнхий утга санаа, учир энэ тэрийг гадарлаж байсан гэхэд болно. Киноны нэгдүгээр ангид үзүүлсэн наймаачдын зовлон, хөг хөгжилтэй явдлыг үзэгчид мэдэх учир өмнөхийг нуршиж цаг барамгүй байна.
Ямартаа ч өнөөх наймаачид шинэ цагийн Монголчуудын нийтлэг дүр төрхөөр дэлгэцнээ амилжээ. Эд баялаг, албан тушаал, худал хуурмагт олонхийн адил автсан хэсэг хүн энэ кино гол дүр боловч, төлөөллийн журмаар нийгмийг харуулах гэсэн санаа нь сэтгэлд нийцлээ. Хөндүүр сэдвийг хөнгөхөн, үзүүштэй болгохын тулд ашигласан үг хэллэг ойлгоход амар болжээ. Харьцангуй нийгэмд хэвшсэн яриа, харилцаа эрхгүй биднийг санагдуулна. Тэгэхээр бидний амьдрал өөрөө инээдэм бололтой. Киноны төгсгөлд дэвшүүлсэн санаа нь ил харагдах агаад аль насны хүнд тохирохуйц санагдлаа.

Дүр сонголт.
Өмнөх ангид тоглосон жүжигчдийн баг бараг тэр чигтээ байлаа. Монголын хошин урлагт нэрээ гаргасан тайз, дэлгэцийн уран бүтээлчид байсан тул алдаа мадаг багатай, оновчтой сонголттой мэт. Тэдгээрээс онцгойрох нь Навчаа, Амбий, Дооёо нар байсан гэхэд болно. Гол нь эдгээр жүжигчид бүгд тайзанд ч, дэлгэцэнд ч хамтран тоглож гаршсан болохоор өгөө аваатай аятайхан болжээ.

Найруулга.
Найруулагчаар Төрийн Соёрхолт кино зураглаач Шаравдорж гуайн хүү Даваадорж ажиллажээ. Тэрээр киноны зохиолыг бичиж, ерөнхий зураглаачаар ажилласан байна. Энэ нь ч оножээ. Найруулга, зураг авалт нь зохиолынхоо үзэл санааг илэрхийлэхийн хажуугаар мэргэжлийн түвшинд болсныг энд дурьдах хэрэгтэй.

Хөгжмийн зохиол.
Хөгжмийн зохиолч нь Аранзаа. Түүний хийсэн киноны эхлэл хөгжим тохирсон гэж жигтэйхэн. Цаашлаад киноны төгсгөл хүртэл үргэлжилэх хөгжим чимэглэлийн найруулга зэргийг тун аятайхан хийснийг үзэгч та бүхэн өөрсдөө мэдрэх болно.

Энэ мэт олон зүйл бичиж болох ч үүгээр түр өндөрлөе. Киног 1-10 оноогоор дүгнэх шаардлагатай болвол 8 гэсэн оноо өргөмөөр байна.

No comments:

Post a Comment