Sunday, October 31, 2010

“Помагите нам-2” (MMF review by Odgerel Doljin)

Монголын кино сонирхочдын клубын энэ удаагийн уулзалт Монгол кинонд зориулагдсан байснаараа өмнө нь зохиогдож байсан уулзалтуудаас онцгой байлаа. Товолсон цагаасаа багагүй орой эхэлсэн ч удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Помагите нам-2” киноны анхны үзэгчдийн нэг болсондоо сэтгэл хангалуун байлаа.

Өмнөх анги дээр сайн муугаа үзэлцэн хэсэг үеийг хамт туулсан наймаачид  хувь заяаны шоглоомоор дахин уулзацгааснаар кино эхэлнэ. Наймаанд явж байсан 90-ээд оноос хойш 20 хэдэн жил чилийтэл өнгөрсөн тул дүр болгоны нийгэмд эзлэх байр сууриас авхуулаад итгэл үнэмшилд хүртэл ихээхэн өөрчлөлт гарсан байна. Шинэ сонирхотой дүрүүд ч бас нэмэгдсэн байсныг дурдах нь зүйтэй болов уу.

Одоо кино театруудаар гарч байгаа “Татар ажиллагаа”-нд дутуудсан утга санаа гэгч зүйл энэ кинонд тод томруун байгаа нь сайшаалтай. Нэг онгоцонд яваа өөр өөр үзэл бодолтой 13-хан зорчигч боловч эдгээр дүрүүдээр өнөөгийн нийгмийн өнгө төрх, шунал, хүний амьдралын маргашгүй үнэн болох үхэх төрөх агшинд хүн гэдэг амьтан бие биенээсээ ялгарах зүйлгүй болдог гэдгийг хөгжөөн наргиан, хөнгөн гуниг хоёроор чамлалтгүйгээр харуулж  чадсан байна.

Хөгжмийн зохиолын хувьд бидний хар багаасаа сонсож өссөн бүүвэйн дууны аяыг киноны өнгө аясад тохируулан найруулж эвлэг ашиглаж чадсан нь чихэнд наалдацтай илүү дотно сэтгэгдэл төрүүлж байлаа.

Сэтгэлд нийцтэй зүйлс байхын хажуугаар шүүмжлэхгүй өнгөрч боломгүй хэдэн зүйл нүдний үзүүрт булталзаж байсныг дурдахгүй өнгөрч боломгүй санагдлаа. Онгоц сүйрч элсэнд шигдэж байгаа хэсэг ерөнхийдөө манайхныг компьютер график гэдэг юмыг улам сайжруулан судлах хэрэгтэй болохыг сануулж байх шиг. Мөн юу ч ярьдаггүй хоёр загвар өмсөгч хүүхэн байна, бодвол онгоц сүйрч гүн шоконд ороод ярих чадвараа алдсан байх.

Энэ мэт алдаа байгаа боловч дараа дараагийн уран бүтээлүүд улам боловсронгуй сэтгэлд үлдэцтэй болно гэдэг юу юунаас илүүтэйгээр итгэж байгаа бөгөөд миний хувьд 10-аас 7 гэсэн үнэлгээг өгч байна.

 

No comments:

Post a Comment