Sunday, October 31, 2010

Хуваарьгүй нислэгт тохироогүй шүүмж тохиромжгүй хүнээс (MMF review by Tamir Davaadulam)

Заа, Өчигдөр буюу аймшгийн баяр(Halloween)-ы баярын өдөр, хошин киног өглөө эрт үзэх сонин, басхүү сонирхолтой байлаа. Өглөө нойртойгоо нилээд тэмцэлдэж байж ирсний үр өгөөж гарч, найруулагч Ш.Даваадорж, жүжигчин Ц.Батхуяг нартай уулзаж, будаг нь ханхалсан шинэхэн кино болох Помагети нам-2 "Хуваарьгүй нислэг"-ийг хэн бүхнээс урьтан, сонирхол нэгт нөхөдтэйгээ хамт өргөө кино театрын үйл ажиллагааг эртэсгэн үзэж нүдээ хужирлалаа. Кино эхлэхийн өмнөх хүлээлтийн үеэр шинэ киноныхоо талаарх сонссон мэдсэнээ манай хэдэн нөхөд хуваалцаж байснаас сонсон, багагүй хүлээлт үүсээд байлаа. 2 зочны маань хурдан бөгөөд сонирхол татсан ярианы араас Л-Гуардсын гитараар кино эхлэв. Нэгдүгээр ангийг үзээгүй миний хувьд зарим нэг хэсгийг ойлгоход бэрхшээл гарч байсан ч энэ ангиа өмнөх ангитайгаа нягт холбосон нь үнэхээр их таалагдаж байсан.

Киноны зохиолын хувьд нийгмийг харуулах гэж хичээсэн нь сайшаалтай. Эл киноноос өнөөгийн нийгэмд оршин тогтнох хэн бүхний мэдэж харж дунд нь дарвиж явдаг хэрүүл, шунал, шашны зөрөлдөөн, улс төрийн эцэс төгсгөлгүй асуудал, албан тушаалын эрх мэдлийн ялгаа, мөнгөний хүч чадал, бас ч гүй энгийн гэр бүл гэх зэрэг бүхий л зүйлийг тусгахыг хичээснийг нь харж болох. Энэ бүхнийг ганцхан цөлд өөр өөр хувь хүнээр үзүүлж чаджээ. Мөнхүү хүний мөс гэгч зүйл энэ нийгэмд хэр байгаа вэ гэдэг ч харагдаж л байлаа. Говьд осолдсоныхоо дараа тэдний гэр барих гэж, ямаа муулах гэж хөглөж байгаа, хэдий говьд ч гэсэн манай монголын говь бол бусад элсэн цөлөөс амьдралтай гэдгээрээ гайхагддаг. Гэтэл тэр газраас ийм олон монголчууд эзэнтэй айл олж чадахгүй байгааг нь харахад өнөөгийн нийгмийн монгол ёс заншил эвдэгдэж байгааг харуулахыг хичээсэн бололтой гэсэн бодол төрөх авч хэт хийсвэр басхүү бага зэрэг харамсалтай мэт санагдлаа. Тийм олон монгол сайхан ханхар эрс байхад очиж очиж нэг өвөр монгол нь хэдэн "хотын" хүүхнүүдийн хамтаар шөнийн шуурга тэсэхгүй гэр барьж байх нь тун ч өрөвдөлтэй санагдаж байлаа.

Үйл явдлын хувьд өрнөлтэй. Эхнээсээ л энэ онгоцонд цуглах этгээдүүдийг нэг нэгээр нь харуулж, зорчигчдыг тодорхойлж байлаа. Энэ үеэс л нэгдүгээр ангитайгаа холбогдож байсан. Онгоцон дахь хэсэг бол ерөнхийдөө маш сонирхолтой байсан нь жүжигчдийн хувийн ур чадвар, тэдний хачирласан хөгжилтэй агшинуудаас мэдрэгдэж байлаа. Харин говийн кадрууд эхэлсний дараагаас бол арай өөр. Ерөнхийд нь хамруулж хэлбэл сонирхолтой мэт боловч өрнөл гэх зүйл харагдахгүй байвуу гэлтэй...........Говьд сүйрч байгаа нь алдарт "Lost" гэх киног санагдуулж байв. Гэхдээ нэгэнт энэ бол эзгүй арал биш Монголын говь гэж бодохоор арай л "паналтай" болсон мэт. Хэдий хүн ховор ч энэ бол цөл биш говь.

Жүжигчдийн сонголтын хувьд ярих юмгүй сайн байлаа. Гэтэл бас л сайны хажуугаар саар гэгчээр... Уг нь монголын одоогийн загварын ертөнцийн хэв маягийг шигтгэж өгөх гэсэн бололтой... Харин надад тэр онгоцны багийнхан тун ч таалагдсан. Насаараа тэнгэрт дүүлсэн жаахан тэнэгдүү ч хүнлэг сэтгэлтэй ахмад нисгэгч, юм мэдэхгүй, юу ч чадахгүй хэдий ч дуулгавартай "арын хаалга"-ны туслах нисгэгч, эелдэг тусч стюарт бүсгүй.

Явцын тухайд ярьвал жаахан авцалдаагүй гэлтэй. Хэдийгээр хөгжилтэй ч яг яаж гээд байгаа нь ойлгогдохгүй хэсэг цөөнгүй ажиглагдаж байсныг нуух юун.

Кинон дээр ашиглагдсан компьютер график, эффектийн хувьд урьдны кинонуудаас дэвшилттэй болсон тал ажиглагдаж байсан ч алдаа нь бас л шууд мэдэгдэж, болоогүй л байна даа гэдгийг сануулж байлаа. Ялангуяа онгоц сүйрч, дэлбэрч гал гарч байгаа хэсэг нь... Харин сордог хэсэг дээр дажгүй болсон мэт санагдсан.

Эцэст нь гэхэд нөгөө үүсээд байсан нилээд том хүлээлт маань бага зэрэг талаар болж бага зэрэг гонсойж байлаа. Үнэлгээ өгөх цаг болоход хэд гэж бичихээ мэдэхээ байв. 3 гээд тавьчихмаар санагдавч хэтэрхий урамгүй юм болчих вий гэж сэрэмжлэнэ. Эцэст нь арай гэж үзэг цаасаа нийлүүлээд 5/10 гэлээ. Гарч ирсэний хойно хүмүүс өмнөх ангиасаа хамаагүй дээр болжээ гэж хөөрөлдөхийг сонсоод ах нар маань нэгдүгээр ангийг нь амаа олохгүй магтацгааж байсны шалтгааныг нь эрэн гайхсаар өргөөгийн хаалгыг татлаа.

No comments:

Post a Comment