Thursday, September 2, 2010

"The Twilight Saga: Eclipse" , "Salt" movie review by Mazaalai Man ( Тойм шүүмж )

Энэний талаар дурьдахаас өмнө бараг бичигдээгүй хууль болсон нэг зүйлийн талаар дурьдах нь зүйтэй байх. Юу гэхээр кино шүүмжлэгчдийн зүгээс хатуухан үнэлгээ ихэнхдээ хүртдэг хэдий ч аливаа нэгэн борлуулалт сайтай (бэстсэллэр) номыг дэлгэцийн бүтээл болгоод, тэр нь сайн ч бүтээл болсон муу ч бүтээл болсон ашиг орлогыг хүүлдэг, мөн хүмүүс хоорондоо сайн муу дэлгэцийн бүтээл болсон гэх хоёр туйл үүсгэдэг нь бараг бичигдээгүй хууль болсон мэт. Хамгийн том жишээ гэвэл Харри Поттэр, Бөгжний эзэн, Да Винчигийн Код, Загалмайлсан эцэг, Жиргээ шувууг хөнөөх нь (To Kill a Mockingbird) , Нарниагийн домог, Жэймс Бонд өшөө юу юу ч билээ дээ санаанд хамгийн түрүүнд буусан нь энэ хэд гээд л бодоод үз. Дээрээс нь Twilight. Би л багадаа Карлсонд итгээд сэнстэй хүн ид шид мэт байсан бол одоогийн өсөж байгаа жаахан хүүхдүүдийн ихэнх нь Харри Поттэрийн л шидэнд итгэж байна. Карлсон хараад инээд нь хүрнэ биз. Яг л тэрэн шиг одоогийн өсвөр насныхны хайр дурлал нь өвөрмөц хэлбэрээр илэрхийлэгдэж, сэтгэл зүрхний асуудлынх нь гурвалжин дөрвөлжинг Твайлайт дээр л тод харуулах гэж зорьсон мэт. Өмнөх үеийн ээж, аавынхаа үеийн дурлалын түүхийг сонсоод за яшигаа болж үз гэсэн аястай. Үнэндээ дэлгэцийн бүтээл тэр дундаа цаг үеээ даган хувьсаж байдаг урлагийн өнгө аяс нь дараа үеийн бэлтгэл, одоо үеийнхний мөхлийн эхлэл мэт тийм л хатуу. Тэр дундаас хамгийн ихээр тэмүүлэл сэдэл өгч тархи угаах том машин нь кино урлаг. Ер нь бэстсэллэр болж чадсан л бол кану хийнэ ээ араасаа бөөн мөнгө, бөөн амжилт л дагуулдаг гэсэн санаа л хэлэх гэсьюу. Бүтэлгүй зүйл ч мэр сэр байгаал. За энэ эндээ болно.

Дараа нь юу гэхээр вампир буюу цус сорогчтой кино гэдэг нь бүр кино урлаг дотроо нэг төрөл жанр болоод байр суурьтай эд болсон шиг. Мэдээж ямарч хүний сонирхол татна. Зүйрлэмгүй их хүч чадал, гэсэн хэдий ч баяр баясгалан гэж үгүй, гэрлээс ангид мөнхийн гуниг, цэвдэг хүйтэн. Тэгсэн атлаа тийм цэвдэг хэрнээ нигүүлсэлгүй нэгэн цус сорогч хэн нэгэнд яаж хайртай болоод байна аа гээд л. Тэвчиж байгаа нь гайхамшигтай агуу мэт. За нэг иймэрхүү кино бишгүй л. Гэтэл Твайлайт нь юугаараа, энэ цувралууд нь юугаараа онцлог болж чадаад байна вэ? Уншигдах хэлбэрээр хүнд хүрч чадсан юм чинь үзэгдэх хэлбэрээр хүнд заавал хүрэх л ёстой!


За үндсэн канундаа анхаарлаа хандуулья. Ганц энэ ангийн талаар бичвэл юу болоод байнаа? яах гээд байнаа өөш? гэж магад. Тиймээс ерөнхийд нь гэхэд кану нь яагаад амжилт олоод ашиг орлого сайн байгаа талаар дээр баахан нурших зуураа тайлбарласан гээд үзчие. Нийт гурван ангийн олсон ашиг 1,8 тэрбум доллар цохисон шигээ тууж явах шиг. Яахав хайр дурлал гэсэн мөнхийн сэдэв дээр дөрөөлөөд, түүн дээр нь элдэв фантааз нэмээд ашиг орлогын төлөө л бүтсэн эд л дээ. Ашигаа ч боломжийн хэмжээнд анги тус бүр нь олсон. Зохиолын гол санаа нь залуучууд зонхилсон, мөнхийн сэдэв хайрын тухай, бас дээрээс нь цус сорогчтой, хүн чонотой. Алаад хаясан супер холимог, супер фантааз. Гурван ангийн хувьд найруулсан найруулагчид нь залуухан, бас дор бүрнээ төдийлөн сайн туршлагатай бус. Харин онцлууштай нь гурван анги тус бүр дээр ажилласан хөгжмийн зохиолчид хаа очиж мундагууд. Гурвуулаа л энэ цаг үедээ л Энио Морриконы араас явж байгаа гэхэд хилсдэхгүй дөхнө. Кинонд гарах хийцлэл эффэктийн хувьд болхи талдаа, хэдий зөгнөлт кино ч гэлээ панаал ихтэй, элэг хөшөөм. "Хиртэлт"-ийн хувьд л гэхэд нэг сордог нөхөр, зуудаг нөхөртэй тэмцэлдэж байгаа хэсэг гэхэд л гайхам. Нүсэр том зуудаг нь толгойг нь төвөггүй залгихаар тийм том амтай байж их нямбай гэгч нь очиж мөрөн дээрээс нь зуугаад ахин дахин авч шидээд л байх юм. Гайхсан гэж.

Тэрийг анзаараад яахав гээд хаячие. Хамгийн гол соронз нь залуусын хайр дурлал, тэр нь илэрхийлэгдэж байгаа нь эргэлзээ дүүрэн бөгөөд эрсдэлтэй, эрсдэл нь эргээд сэтгэл тамласан, тамлагдсан нь уучилшгүй их гуниг гээд л эргэлдэж өгнө. Хүчтэй дурлалын тухай янз янзын л кино байх. Хэтэрхий энгийн амьдралтай ойр хийх гэж оролдсон байдаг учир тэрүүхэн үедээ үзээд хэсэг сэтгэл арзалзаад мартчихдаг. Касабланка болон сонгодог үеийн хайр дурлал бол тусдаа хэрэг шүү. Одоо үеийн хэд ч хувааж болдог сэтгэл, яаж ч мартаж болдог дурлал гээд л, нэгэндээ тэмүүлэх тэмүүлэл, хүлээлтийн тухай ойлголт гутлаа буруу харуулаад өмсчихсөн юм шиг л шал ондоо. Тэр ээдрээтэй асуудлыг л энэ кануны зохиолд сөхөх гэсэн мэт. Гэхдээ ингэлээ гээд төгс гэж хэлэх гэсэнгүй. Оролдлого нь сайхан санагдсан. Үндсэн санааны хувьд ийм байсан бол дүрүүдийн сонголт яах вэ боломжийн. Гол дүр Белла их тохирсон.

Бас нэг зүйл бий нь зарим хүмүүс хэлэхдээ ном нь илүү гоё, кино нь жаахан сулхан эсвэл эхний анги нь тийм байсан бол, хоёрдох нь ийм гээд л. Хамгийн гол ялгаа нь энэ киног ямар өнцгөөс харж, яаж дүгнээд байна вэ гэдэг нь чухал. Жишээ нь нэг хүн хайр дурлал нь хэрхэн илэрхийлэгдэж, учираа ололцох гэж хэрхэн тэмцэлдэж байгаа талаас нь харж байхад нөгөө хэсэг нь зүгээр л нэг цус сорогчтой, адал явдалтай гоё кану, бас хүн чоно моно гээд л истой айймар гэсэн ухааны юм бодож тэр талаас нь дүгнэлт гаргаж байгаа хэсэг ч бий. Эхний анги бол хоёрхон дүрийн тухай голчлон гарч байсан бол дараагийн анги дээрээ дүрүүдийн задаргаа нэмэгдэж, хүн бүр л дор бүрнээ өөр өөрийн гэсэн зохиомжтой болоод ирсэн. Сүүлийнх дээрээ мөн л нэмэгдэнэ. Цаад зохиол нь ч тийм, канун дээрээ ч тэгэж хийж өгсөн. Ном кану хоёрын нэг ядаргаатай тал бий л дээ. Номон дээр гардаг гол биш нэг дүрийг илэрхийлэн гаргахын тулд тийм ийм гээд л хүний төсөөлөлд буутал нь бичдэг. Тэрийг нь канун дээр гаргахдаа найруулагчийн нүдэнд туссан, болно гэсэн хүнээ тоглуулсан чинь нөгөө номыг нь уншсан нөхөрт төсөөлсөн хүнээс нь шал өөр хүн гарч ирээд л асуудал эхлэх нь тэр. Уншиж байх явцад “энэ ер нь их дажгүй” гэсэн дүр нь дэлгэцэнд бууж гарахдаа хоёр гуравхан үг хэлээд л, кадрт хэдхэн үзэгдээд алга болоод байхаар ямар олиг байв гэж.

Киноны талаарх шүүмж санал бодлоо гэсэн болохоор эргэцүүлэл талаас нь бичих гэж дэмий баахан суучлаа. Бусдаар бол ямар үйл явдал гараад, тэгсэн чинь тэр нь тэгээд гэх нь үзээд мэдчих хүнд шал дэмий сонирхол бууруулсан алхам болдог учир энэ кануг хүмүүс үзэхдээ ямар өнцгөөс харж, ойлгох нь их чухал гэсэн санаа л. За хө дуусгая.

 

 

 

 

 

Хану урлаг нь үүсээд ойролцоогоор зуун тавиад жилийн нүүрийг үзэх дөхөж байх шиг. Хэн мэдлээ хаа нэг гавьяатай тагнуул байсан байгаагүйг дэлгэцнээс л бид хардаг. Ингэж харуулах гэж хэсэг нөхөд болон урьдаж санааг нь олсон нэг хүний шүүс шүү дээ. Ерөнхийдөө хану урлаг нь хоёр л замаар яваад байгаа. Энэ ч хэдийнээ тодорхой болчихсон. Нийтэд болон нэг хүн тус бүрд өгүүлэх өгүүлэмжтэй гэсэн тоймтой. Нийтэд гээд байгаа нь ашиг орлогын төлөө хийгдсэн буюу хүний оюун ухаанд сэтгэлгээний талаасаа биш, өнгөцхөн хэрнээ маш хурдан таашаал өгөөд үлдэх юмгүй арилан оддог тийм л зүйл. Ашиг орлогын төлөө бус нь ямар вэ? гэж байгаа байх. Энэ нь цэвэр уран бүтээл, урлаг талаасаа хүний оюун ухаанд хувь нэмэр оруулсан, сэтгэлгээ талаасаа ямар нэгэн асуулгад хүргэх гэж эрмэлзсэн, эсвэл заавал хүн бүхэнд таалагдаад байх албагүй шинийг эрэлхийлсэн эрэл хайгуул маягтай зүйлийг л хэлээд байх шиг. Энийг хэлэхдээ зарим нь Арт Хаус чиглэлийн гэдэг л.

За энэ яахав. САЛТ-ын тухай бичих санаатай суугаа хүн онолдох гээд ухаан нь талийж. Өршөөг. Ашиг орлогын төлөө хийгдсэн гээд байгаа ангилалд зүй ёсоор багтах энэ хану нь олон хүнд хүлээлт үүсгэсэн нь одоогийн байдлаар олсон 244 сая долларын ашиг бэлхэнээ гэрчилнэ. Бүтээсэн төсөв 110 сая доллар. Хоёр дахин их ашиг бол Холливүүдэд тийм ч сүрдэм амжилт биш. Киноны нэрнээс нь аваад үзэхэд л сонирхол татам байх нь аргагүй. S.A.L.T гэдэг нь "Strategic Arms Limitation Talks" гэсэн Америк, ЗХУ хоёрын хооронд 1974 болон 1979 онд хоёр улсын хооронд байгуулж байсан үл довтлолцох гэрээний нэрний товчлол. Бие биенээ одоог хүртэл тандсан, хардсан байдалтай байгааг хэн хүнгүй л ярилцаж тэрний зэвсэглэл илүү дутуу гэхээсээ гадна орос тагнуул бол тэгдэг, америк нь тэгдэг гээд л бөөн бялуу. Америк бол Холливүүдээрээ тагнуулын ажиллагаа болон цэрэг техникээ хангалттай сайн сурталчилж чадаж байгаа.

Дараагийн нэг сенсаци нь Том Круз тоглох байсан боловч Жолиг сонгосон гэх. Киноны найруулагч гээд байгаа австрали найруулагч Филип Нойс нь 1970-аад оноос хойш кану хийж байгаа туршлагтай нэгэн. Жолитой ч урьд өмнө нь хамтран ажиллаж байсан бие биенээ мэддэг хоёр. Круз бол зүгээр л олны анхаарал татах гэсэн алхам мэт л харагдсан. Тэртээ тэргүй Круз гээд хүн нь мэргэшсэн тагнуулын ажилтаны олонд танигдчихсан канунд дүр бүтээчихсэн хүн ахин тагнуулын мэргэшсэн ажилтан болвол төдийлөн сонирхолтой бус. Тэрийгээ мэдэж байгаа учраас хашир найруулагч Том Крузыг нэр цохсон төдий л болохоос биш сонгох байсан хүн нь Жоли эсбэл хэн нэгэн эмэгтэй байх нь тодорхой байсан. Яагаад хэн нэгэн эмэгтэй гэвэл амжилт олсон мэргэшсэн тагнуулчтай нийт киноны бараг 80-аас илүү хувь нь эрэгтэй гол дүртэй учир Бонд л биш бол хэнд ч сонин биш. Жоли ч урьд нь мэргэшсэн гатнуулчын дүр бүтээж байсан боловч түүнээс өөр сонгочихоор дүр төрхтэй эмэгтэй олдоогүй биз. Байлаа гээд нэр хүнд нь жулдаад байдаг л нэг буу барьсан эмэгтэйтэй кино болох байсан биз. Тэгээд ч Жолигийн нэр хүнд сүүлийн хэдэн жил тогтмол дээгүүр яваа эрэлттэй жүжигчин. За дүрийн сонголт хийгээд сенсацийн талаар товчдоо нэг ийм. Ганц нэг зүйл бий тэр нь ч яшиг биз.

Цаашлаад юу гэхээр кануны хийцлэл болон цаг үеээ олсон байдал. Жоли дорвитой бүтээлд сүүлийн хоёр жил лав үзэгдээгүй гэдгээрээ анхааралд байхаас гадна цагаа олсон хэрэг яах аргагүй мөн. Үүнээс цааш иймэрхүү сүр сар хийсэн кинонд төдийлөн тоглоод байхгүй л болов уу. Ямар сайндаа л кануны ихэнх хэсэгт орлон тоглогч ашиглаагүй өөрөө бүх зүйлд нь хуруу дүрэн оролцох эрмэлзэлтэй байсан гэдгээс л тодорхой байсан. Мөн сүүлийн хоёр жил гаран хугацаанд ийм төрлийн адал явдалтай канунууд гараад дорвитой амжилт олоогүй. Ганц нэг гарсан боловч төдийлөн шинэлэг бус өмнөх байдаг л нэг (action) киноны утга санааг яг таг хуулаад, ганган чамин эффэкт, өндөр технологийн ололт, амжилтыг туршсан байдалтай байсан. САЛТ-д ч бас төдийлөн шинэлэг санаа гэхээсээ үйл явдлын адармаатай, учир нь үл олдсон байдлаараа онцлогтой. Онцлог гэж ер нь тагнуултай кино учир нь үл олдсон байхгүй бол тагнуултай кино гээд ч яах юм. Энгийн хүний ухдаггүй, анзаардаггүй зүйлийг олж хардаг, мэдэрдэг, үйл ажиллагааг мэргэжлийн хэмжээнд цэвэр гүйцэтгэдэг, мөн сүүдрээсээ хүртэл нуугдаж чаддаг тийм л хүнийг тагнуул гэдэг биз дээ. Рэмбо шиг талын нэг дэлбэлээд буудаад сенсацлаад байвал эр зоригтны нэгэн гэнэн түүх болон хувирна биз дээ. Тийм байх. Хийцлэлийн хувьд гэвэл яахав боломжийн. Дууний эффэктийг маш сайн хийж өгсөн байна лээ ер нь. Кану чаатрт үзсэндээ ч биш. Камерийн хөдөлгөөн нь орчин үед их өргөн хэрэглээд байгаа виртуал HD гэх технологийг ашигласан. Тэр нь юу гэхээр бодит дүрсийг 3D эффэкттэй хослуулан хийсэн гээд байх юм байна лээ хэн мэдэхэв.

Эцэст нь тэгээд үйл явдлын талаар цухас дурьдах нь зүйтэй байх. Яг кинонд гарах үйл явдлыг өөрсдөө үзээд мэдчих учир нэг нэгэнгүй тэр ингээд, энэ ингээд гэх нь сонин биш байх. Хүйтэн дайны үед хоёр их гүрэн хоорондоо биенээ тандсан байдалтай байх үед хоёр удаагийн үл довлолцох гэрээг халаасандаа пуужин сумлан байж байгуулж байжээ. S.A.L.T буюу "Strategic Arms Limitation Talks" нь 1974 SALT I, 1979 онд SALT II гэж гэрээ байгуулалцаж байсан байх юм. Энэ үед цөмйн зэвсэглэл болон тэрнээсээ гадна хоёр талын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг гар дээрээ тавьсан мэт мэддэг байхын тулд хоёр тал тагнуулын үйл ажиллагаанд ихээхэн анхаардаг байсан нь илт. Хүйтэн дайн гээд байгаа зүйлийг нэг талаараа тагнуулын дайн гээд ойлгочиход нээх буруутах юмгүй. Энэ дайнд сайн бэлтгэгдсэн тагнуулч л хэрэгтэй. Шалдар булдар зоригтой нэгэн хэрэггүй. Амиа золиослог ч хэрэггүй. Тиймээс тухайн кинонд гаргаж тавьсан санаа нь хоёр гүрэн маань халаасандаа пуужин сумлачихаад энх тайван ярьж байх үедээ цаагуураа тагнуулаар дамжуулан нэгнээ танддаг байсан. Тэр үедээ оросууд хэсэг хүүхдүүдийг багаас нь бэлдсэн. Мэдээж Америкчууд тэгдэг л байсан байх. Гэхдээ кинонд оросууд хэдэн "хүнд гар" бэлдсэн, тэд нар нь очих ёстой газраа бүгд байгаа, хэн нэгнийх нь хэрэгцээ шаардлага гарвал хэзээд юуг ч хийхэд бэлэн болгоод тавьчихсан гагцхүү хэзээ? гэсэн санаа үндсэн нь. Жолигийн бүтээсэн "Салт" гээд дүр нь эерэгдүү, хүн л болсон хойно дурлаа л биз, зорилгоо умартаад оросын талын гаруудыг баллаал биз. Өрнөж өгнө. Төсгөл хүртэл сонин. Дараагийн ангитай юу үгүй юу? ямар нэгэн үйл явдал болох гээд байгаа юм шиг яагаад хэсэг ой модонд гүйлгэв гээд л. Яахав зугтсан. За тэгээд онц ноцтой тагнуулч яаж болгож тавьдагийг яруу тодоор Анжелина Жоли үзүүлж өгнө. "Wanted" гээд канун дээр гардаг шиг буугаа савлаад буудсан чинь сум нь тойрч ирээд тархийг нь хага буудсан мэтийн элэг хөшөөм панаал байхгүй. Яг л нэг ийм бодит эмэгтэй байгаа мэт, байсаар байгаа ч юм уу гэлтэй.

Хангалттай сайн үнэлгээ нь хаашаа юм. Гэхдээ ямар ч байсан үзэхэд сонирхолтой давгүй кино гээд дуусгая даа.

No comments:

Post a Comment