Saturday, May 7, 2011

Хувь тавиланг зохицуулах товчоо ( Тойм шүүмж: Review Team #1 )

Хүнд урьдаас бичигдсэн хувь заяа гэж байдаг уу? Эсвэл хүн бүр өөр өөрсдийн сонголтоор амьдардаг уу? Өөрийн дураар амьдрах гэтэл яагаад үргэлж саад бэрхшээл, тооцоолоогүй хүчин зүйлс нөлөөлөөд байдаг юм бол? Өөр хэн нэгэн бидний хувь заяаг тодорхойлдог юм бол тэд хэн байж таарах вэ? Нэгэнтээ зурагсан хувь төөрөг байдаг бол түүнийг өөрчилж болох уу?

Америкийн зохиолч Филип Дикийн "Adjustment Team" богино өгүүллэгээс сэдэвлэсэн бүтээсэн "Хувь тавиланг зохицуулах хороо" онц сонирхилтой романтик кино энэ оны хоёрдугаар сарын 14-нд нээлтээ хийснээсээ хойш л гэхэд 100 гаруй сая долларын орлоготой байна. Гол дүрүүдэд Matt Damon, Emily Blunt нар тогложээ. Миний мэдэхийн нилээн чухал, төвийн байрны, жишээ нь Борнын цуврал мэтээрээ олонд танигдсан жүжигчин Matt Damon энэ удаад хөгжилтэй, бүтэлгүй сенатын сонгуульд нэр дэвшигч David Norris-ийн дүрийг бүтээсэн нь өвөрмөц, бас их зохисон санагдана.

Романс, зөгнөл, триллэр гээд ер нь их олон жанарыг хольсон ч тэр нь бантагнах биш, харин ч сонирхолтой байдлаар холбож өгсөнөөр гэр бүл, хамт олон, амраг хосууд, гийк, нэрдүүд гээд тал бүрийнхэн шимтэж үзэж болох боломжоор хангагджээ.

Хүн бүр л улс төр, брэнд, корпорациуд, дуучид, сонин хэвлэл, тэр ч байтугай найз нөхдийнх нь яриа хүртэл нэгэн систем дор базагдаж, хувь хүн бүрийн тархийг угаах зорилгоор хөшигний цаадах далд ерөнцөөс уягдсан утсан хүүхэлдэй мэт холбогдсон жүжиг байдаг гэдэгт итгэдэг байх. Тэгвэл энэ кинонд хүүхэд, залуучууд, ер нь пивондоо халаад эд яриандаа орсон хүн бүхний ярианд байдаг дээрх зүйлийн яг голыг нь олоод маажих мэт хачирхалтай, бас онц сонирхолтой, олон өнцгөөс харсан байдлаар нь тайлбарлахыг хичээжээ. Үгүй бол хайр дурлал, шинжлэх ухаан, бурхан чөтгөрийн талаас дээрх асуудлыг харсан ч бай маш олон зүйлийг нэг дор багтааж, зангидан хором ч уйдах аргагүйгээр найруулсан сайхан кино болсон гэдгийг бардам хэлэхэд таатай байна

Adjustment_bureau_poster

Бүх зүйлд хувь тавилан байдаг бөгөөд ямар ч зүйл бурханы зурсан замаар явах атлаа өөрөө тэр замыг татуулан, өөрөө өртөө бурхан мэт явдаг нь харамсалтай. Гэж боддог хүмүүс байдаг, бас эсэргээр нь ч гэсэн. Тэгвэл энэ кинонд алийг нь ч үгүйсгэхгүй авч алинаас нь ч халихгүй. Заасан замаар явдаг хүмүүс утсан хүүхэлдэй мэт хүн амын дийлэнх хувийг эзэлж, энд тэнд үхширмэл байдалтайгаар амьдармар аяддаг байхад зарим хүн харин ч эсэргээр, бурханы заасан замаас мултарч, хяналтаас нь гараад зогсохгүй, өөрийн ухаалаг, шаргуу, хөдөлмөрч, дайчин чанараараа бусдаас ялгарч, өөрөө өөрийнхөө замыг тоос татуулан, од мэт гялалзаж, сар мэт гийж, нар мэт гялалзаж явдагийг харуулахыг зорьжээ. Гэвч киноны эцсийн эцэст хэлхийг зорьсон санаа бол хэн ч тэр од, сар, нар байж болохыг харуулах гэсэн болохоос биш хэн нэг од, сар, нарыг харуулах гээгүйг төвөггүй олж харж болж байгаа нь ихэд ухаарал хайрлах түвшинд буй.

Шинжлэх ухаанд боломжтой болсон ч цаг үеээ хүлээж буй цаасан дэлгэц, одоо Хятад улсад хориод буй цаг хугацааны аялал буюу хаалганаас хаалганд порталдах технологи, хүний төөрөг заяаг бодогч тооцоолуур болон түүнийг хянаж, хадаглаж чаддаг хэл, номын сан, тэр ч байтугай дэлхийн төөрөг заяаг тэр чигт нь хяналтандаа байлгагч, цаг хугацааг зогсоогч урт наст төөрөг заяаг зохицуулагчид, түүнийг бэлтгэгчид, бэлтгэгдэгчид, мөн дарга цэргийн депдатурт ажиллах товчоо хүртэл байдаг нь энэ киног шинжлэх ухааны зөгнөлт кино мэт болгож байгаа ч хачирхалтай гэмээр огцом учрал, дурлал, удаан ч гэсэн үл мохох хүлээлт, эцэстээ хэн нь ч хэнийхээ төлөө, юугаа ч золиослохоос буцахгүйд хүрсэн галзуу хайрыг өгүүлсэнээрээ романс ч юм шиг. Хажуугаар нь хар дарж зүүдлэхэд л тохиолддог эцэс төгсгөлгүй зугталт, саад бартааг даван туулах адал явдалт байдал нь эл киног трилэр ангилалд ч мөн багтахыг нь илтгэнэ.

Хайр дурлал зарим үед яахын аргагүй сонголтоос болж салаа замаар салах явдал байдаг ч жинхэнэ оригинал нь бол хэзээ ч тийм байдаггүй. Хэн ч хайртай хүнийхээ төлөө хайртыгаа өөрөөсөө түлхэж хүртэл чаддагийг харуулсан бол эцэстээ бүр илүү агуу, жинхэнэ хайр нь эцсийн мөчийг хүртэл хамт байх явдлыг эрхэмлэгч байдал хэмээн харуулахыг зорьжээ.

Хэн нэг бурхан биш юм аа гэхэд үл үзэгдэгч утасаар гар хөлийг чинь баглаж, хөшигний цаанаас олны өмнө таныг мэдрэлгүй хүүр мэт жүжиг тоглуулж байгаа хүчирхэг сарвуу байлаа ч танд тэр сарвуунаас дутах зүйл үгүй, өөрөө өөрийгөө удирдаж, өөрөө өөрийнхөө заяа төөргийн замыг шинэхэн хувь тавилангийн цав цагаахан цаасан дээгүүр татуулан давхих нь гарцаагүй зүйлийг ч сөрөх чадвар хүн бүхэнд бий гэдгийг илтгэхийн сацуу та ч гэсэн тэр нь байгаарай гэсэн үгээр кино ч төгсдөг, мөн би ч энэ л үгээр өндөрлөх нь кинонд араваас есөн оноо өгч байгаагийн илрэл буйзаа.

 

“Хэн нэгэн бидний хувь заяаг зурж, залж байлаа ч бидний сэтгэлийн чин хүсэл эрмэлзэл тэр зурсан зураг төөргийг өөрчлөх хүчтэй, хүн бүр хувь заяаныхаа эзэн байж чадах учиртай. Өөрийн хувь заяаг өөрийн гарт эс атгаваас өөр хэн нэгэн таны хувь заяаг жолооодох болно.”

 

 

Бичсэн: Khashchuluu , Ж.Хулан Батжаргалын Гансүх  , ( MMF Review Team 1 ) 

Кино тойм нь Mongolian Movie Fanatcs -ийн өмч бөгөөд, зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлахыг хориглоно.

CEO & President of Монголын Кино Сонирхогч, Шүүмжлэгчдийн холбоо )  

Монголын Кино сонирхогч, шүүмжлэгчдийн холбоо (2010)

 

No comments:

Post a Comment