Sunday, May 8, 2011

Thor 3D

Эртний умард Германаас гаралтай Герман-Скандонивийн бурхан Одиний хүү болох домогт аянгаар ниргэгч хэмээх алхчин бурхан Thor-оос сэдэвлэгдсэн мөнгөн үе гэгдэх жараад оны Marvel-ийн нэгэн дүр дэлгэцнээ амиллаа.Thor нь Marvel-ийн комиксын зохиолоор хийгдсэн энэхүү кино нь сүүлийн үед мөнгөн үе болон тэдний үр хүүхдүүдийг үеийн үед нь байлдан дагуулж, мөн хүсэн хүлээгдэж байгаа Халк, Төмөр хүн, Хүн аалз, Wolverine, Captain America зэрэг кино дэлгэцнээ амилаад байгаа комикс зохиолуудын оргил бүтээл болох The Avengers-ийн өмнөтгөл нь билээ. Бодит 3D технологи болон нөр их хүч хөдөлмөр, хүн хөлсөөр бүтсэн агуу график дизайн, чадварлаг жүжигчид,гайхалтай бүтээл туурвисан продакшнуудууд, найруулагч, зураглаачдаас бүтсэн энэ киноны нээлт нь Австралид өнгөрсөн сарын 21-ээс (IV/21) эхлэн VI/1 хүртэл дэлхий даяар үргэлжлэх юм. Тэр ч байтугай Тэнгис кино театр, MMF бүлгэмтэй хамтран дэлхийн нээлттэй цуг Монголд албан ёсны нээлтийг хийсэн нь өчигдөр буюу V/6-ны өдөр байлаа.

 

Кино нийт 115 минут үргэлжлэх ба найруулагчаар нь Kenneth Branagh ажиллаж гол дүрүүдийг Antony Hopkins /Odin/ , 2009 онд “Star Trek” кинонд туслах дүрийг бүтээсэн Chris Nemsworth /Thor/ , “Хар хун“ киноны гол дүрNatalie Portman /Jane/ ,Tom Hiddleston /Loki/ ,Stellan Skarfsgard /Erik/ ,Kat Dennings /Darcy/ ,Idris Elba /Heimdall/ ,Colm Feore /Laufi/ нар бүтээсэн байна.Эрт цагт Ёотунхэймийн үлэмж биетнүүд Мидгардад халдаж дэлхийд мөстлөгийн үеийг авчирдаг ч Одинаар удирдуулсан Асгардын дайчид тулалдан ялсанаар Мидгардад бурхадын түүх эхэлдэг.Түүнээс хойш олон жил өнгөрч Одиний хоёр хүүхэд өсөн том болж,Тор хаан ширээнд суух өдөр хэсэг үлэмж биетнүүд Асгардын зэвсгийн агуулахад эвийн гэрээг зөрчиж халдсанаар хаан ширээнд суух ёслол цуцлагддаг.Үүнд уурссан Тор Ёотунхэймийн үлэмж биетнүүдийн ертөнц рүү найзуудын хамт явдаг.Тулаан ялагдлаар дуусч мэдэх үед Один Ёотунхэймд Слейпнирээ хөлөглөж ирдэг.Ийнхүү Торын болчимгүй алхамаас үүдэн хоёр ертөнцийн хооронд дахин дайн гарахад хүрдэг.Один үүнд ихэд хилэгнэн Торын хүчийг Мьёлнирт тарнидаад Мидгард луу цөллөгт явуулснаар кино эхэлдэг бөгөөд Тор цөллөгт байх хооронд хаан ширээнд суух хүсэлтэй Торын дүү Локи өөрийгөө Ёотунхэймийн иргэн гэдгээ мэдэж байдлыг улам бүр дордуулна.

 

 

Тор гарах яриа гарсан цагаас эхлэн ямархуу болох бол,ямар түүхийг харуулах бол гээд л олон асуултууд кино сонирхогчидийн дунд байсаар байлаа.Хүмүүсийн хүсэн хүлээж байсанчлан "гайхалтай" байсан.

Кино нь сүүлийн мөчид гарах багахан хайр дурлалын драм хэсэг болон дэлхий дээр болох ганц хоёр инээдмийн хэсгүүдийг эс тооцвол тэр чигээрээ адал явдалт экшион киноны төрөлд багтахаар болсон байна.

Мөн өмнө нь төдийлөн гарч байгаагүй эртний Ано Домины тооллын үеийг орчин үетэй цаг хугацааны солонгон гүүрээр холбож өгсөн нь тун ч сонирхолтой. Эртний Найман эрхэсийн доторх эрх мэдлийн төлөөх хаанд засаглалын сүрлэг дүр төрх дотор гүн орж, бахдан биширч байгаад гэнэт өнөөгийн өөрсдийн ертөнц, цаг хугацаа, нийгэмийг харахаар эрс тэс хоёр өөр мэдрэмж төрүүлдэг учир ер уйдамгүй.Мэдээж киноны хамгийн чухал зүйл бол график эффект, гурван хэмжээст бодит мэдрэмж байлаа. 3D технологийг шинээр гарч байгаа кино болгон бодитой талруу нь хөгжүүлэн сайжруулсаар байна. Энэ кино дээр ч гэсэн үнэхээр чадварлагаар ашиглаж чадсан. Од эрхэст огторгуйн гүнрүү гэрлийн хурдаар сүлжин явах мэдрэмжийг хамгийн бодитойгоор энэ киноноос л мэдэрч болно. Шуурга болох,гал дүрэлзэх,тоос босох үеийн эффектүүд маш өндөр байсан ч,цөөн хэдэн хэсэгт жижиг эффектүүдийг болхи хийсэн нь ажиглагдлаа.Мэдээж энэ нь киноны рейтингийг унагахааргүй бөгөөд өчүүхэн зүйлийг ч орхиж үзэхийг хүсдэггүй хүнд бол бага зэрэг урам хугармаар санагдах болов уу?

Киноны турш ам ангайлгам график эффект, зураг авалтууд нь үзэгчдийг байнгын сэтгэл хөдлөлд автуулж, сандалаасаа босгож дөнгөх байх. Мэдээж дуу, ая бол гайхалтай биш гэж хэлэхийн аргагүй сайн, дотор нь ормоор болгосон. Өмнө нь сонссоор уйдаад байсан дуу оруулалт энд илүү өөр, зэвүүн, шинэлэг байх болно гэдгийг хэлмээр байна.

 

 

Мэдээж кинон дээр бага сагахан алдаанууд гарна. Жишээ нь цаг хугацааны гүүрээр явах гээд бөмбөрцөг асар хурдан эргэж байхад дотороос нь авсан кадр дээр цонхны цаана юу ч болоогүй мэт тайван байх. Мөн Найман эрхэсийг зангидагч цэнхэр хайрцагийг Асгардын зүгээс хамгаалагч Дестройер дэлхий дээр Тортой тулалдаж байх үед Тороос үл ялиг том мэт гардаг багахан хэсэг бий, уул нь тэр хоёр давхар байшинтай дүйцэх аврага биетэй билээ.

 

 

Киноны аянаас авахуулаад туслах дүр хүртэлх бүх нэгж хэсгүүд нь кинонд бүрэн зохицож чадсан бөгөөд од эрхэс,аянга цахилгаан гээд л хүрээлэн буй орчин нь киноны утга санааг бүрэн илэрхийлж байлаа.

Кино нэг талаараа яриа ихтэйгээс гадна сул хэсгүүд ихтэй мэт санагдуулах ч 2012 онд гарахаар төлөвлөгдөөд байгаа "the Avengers" киноны баатарт хэрхэн хамаарагдаж байгааг өгүүлж байгаа нь тэр.Энэ гарч байгаа кино маань нэг үгээр илэрхийлбэл Тhe Avengers киноны Торын "оршил" хэсэг юм.

Кино эхлэлээсээ төгсгөл хүртэл үзэгч таныг өчүүхэн ч уйдахгүй гэдэгт итгэлтэй байна.Энэхүү дэлгэцийн ээлжит гайхалтай бүтээлийн ерөнхий зохиол "хүний амьдрал гэдэг ямар үнэтэй,ямар гайхалтай.Харин бид түүнийгээ олж хардаггүй" гэдгийг харуулахыг зорьсон болов уу?!

Орчин цагийн кино ертөнцийн гайхамшигт технологи, эртний үлгэр домог, ахмад үеийн сэтгэлд хоногшсон комикс хэрхэн амилж байгааг та үзэхийг хүсвэл Тор-г зөвлөж байна.

 

"Кино хүнийг бий болгодоггүй,Кино хүнийг хөгжүүлдэг"

 

Бичсэн: Билгүүн (MMF), Хасчулуу (MMF), Ану (MMF) from review teaw two

No comments:

Post a Comment