Monday, May 30, 2011

Луугийн дайчин “ПО”

Kung-fu-panda-2-poster
Дэлхийн нээлттэй зэрэгцэн Монголд луугийн дайчин баатар болох По-гийн адал явдалт хөгжилтэй түүхийг өгүүлсэн нэгэн анимэшн тавдугаар сарын 26-нд нээлтээ хийлээ. Үзэгчид их ирсэн нь энэхүү киноны эхний үзвэрийг хүлээсэн хүмүүсийн уур амьсгал янзтай байлаа. Кино эхлэхээс өмнө хүн бүр л өөрийн гэсэн санаа оноог дэвшүүлж байв.

Тэр тусмаа 3Д үзвэр болохоор ямар байх бол гэж тэсэн ядан хүлээж байлаа. Кино нийтдээ 90 мин үргэлжилдэг ба найруулагчаар Jennifer Yuh ажилласан байна. Jack Black /Po/ , Angelina Jolia /Tigress/ ,Dustin Hoffman /Shifu/ ,Gary Oldman /Shen/ ,Jackie Chan /Monkey/нар дүрүүдийг дуу хоолойгоороо амилуулж өгсөн байна.Кино бүхэлдээ мартагдсан байсан По-гийн амьдралыг харуулсан бөгөөд зүүд гэж боддог байсан тэр дурсамжууд нь түүний өнгөрсөн амьдрал,мөн хэн бэ? гэдгийг тайлбарлаж өгсөн. Кунфу Панда 2 үнэхээр сайн зохиолтой санагдав , тэр холбоосуудын найруулга бол гайхалатай байв.

Гол дүрийн баатар болох ПО панда уулын дээрмчидтэй тулалдах үедээ нэгэн сонин тэмдгийг олж харах ба энэ цагаас киноны учир зангилаа илүү сонирхолтой болж ирнэ. Кино эхлэхэд нэгэн хотын түүхийг ярьж эхэлдэг. Эрт цагт хятадын Гонмэн хотыг тогос захирдаг байж,тогосууд ид шидийг бүтээж ард иргэддээ бишрэгддэг байсан гэдэг.Тогосуудын эрдэм мэдлэгийн хүчинд хот хөгжин цэцэглэж,үлгэрийн гэмээр хотын нэр нь хятад даяар түгэн дэлгэрчээ.Хотын захирагчийн хүү Шен өөрийн эрдэм мэдлэгээ муу зүйлд зориулж эхлэхэд,эцэг эх нь санаа зовон төлөгчид үзүүлэхэд " .... хар цагаан өнгөтэй дайчин түүнийг ялах болно" хэмээн айлдаж.Тэр хэдэн үгийг нууцаар сонссон Шен өөрийн цэргүүд болох чононуудыг дагуулан Хулсны баавгайнуудын тосгон руу дайрдаг.Тосгоныг гал хучин авч тэнгэр хүртэл суунагласан утаа аймшигтай харагдана. Хулсны баавгай чононуудын хооронд тулаан болох үед По-гийн эх По-г аван зугатаж худалдаачины тэргэнд нууснаар нэг түүх домог болон үлдэж өөр нэг түүх эхэлдэг. “ПО” бага байхдаа их хөөрхөн байсан шүү. Нээх хөөрхөн жижигхэн том нүдтэй, иднэ гэж яг мангас шиг, хайр хүрэхгүй байж чадахгүй. За тэгээд нэмээд хэлэхэд сэтгэл хөдлөлийг маш сайн гаргаж ирсэн. Тухайн дүрүүдийн чанаруудыг илүү тодорхой болгож өгсөн гэхүү дээ.

Үг сонголт нь үнэхээр гайхалтай. Кино дуустлаа үзэгчдийн инээлгэж одоогийн нийгэмд зохицсон үг хэллэгтэй байхаас гадна , үйл хөдлөл бол яриангүй шинэ оролдлого байсан. Мэдээж бодит жүжигчид шиг нүүрний хувирлыг төгс хийж чадахгүй ч Кунфу панда 2 дээр бол чадсан гэж бодож байна. Кино эхлэлээсээ төгсөх хүртлээ үзэгдэл бүр таныг инээлгэх бөгөөд бас зарим хэсэгт гүн бодолд дарагдуулах болно. Тулаантай хэсгүүд нь 3д технологийн дэмжлэгтэйгээр үнэхээр гайхалтай болсон ба зэвсгийн тулаантай хэсгүүд дээр жадны тодрол нь үнэхээр гайхалтай харагдаж байлаа.Графикийн хувьд ганцхан жадыг авч үзэх нь учир дутагдалтай бөгөөд салхинд хийсэн унах малгай,гудамжинд цацрах галт бөмбөлөг зэрэг нь хэсэг бүртээ гайхалтай харагдах үзэгдлүүд олон байлаа.Мэдээж өндөр технологиор кино бүтээсэн ч хүний сэтгэлд хүрсэн зохиолгүй бол юу ч биш болно.Зохиол дээр удаан ажилласан гэдэг нь харагдаж байсан.Учир нь кинонд ямар ч илүү хэсэг байхгүй бөгөөд мөн ойлгомжгүй байхааргүйгээр бүх үзэгдэл дээр ажилласан нь ажиглагдаж байлаа.Өчүүхэн ч өө сэвгүй чулуу шиг байлаа.

Дээр өгүүлсэнчлэн уг кинонд маань амьдралын философийг ч шингээж өгсөн байлаа."Дотоод амар амгалан","Өөрийгөө таньж мэдэх тухай", "Хайрын сургааль" зэргийг дурдаж болно. Дотоод амар амгалан гэж юу бэ: үүнийг “По” та бүхэнд харуулах болно. Хүн амар жимэр амьдран сууж байхдаа хичнээн олон жил болсон ч төдийлөн анзаарч ажихгүй байсан зүйлсээ зовлон зүдгүүртэй хүнд үед ахархан хугацаанд ухааран таньж мэдэж буй мэт сэдэлийг Дотоод амар амгалан хэмээх ухагдхуунаар харуулж буй гарна. Кино маань Интернет кино мэдээлэлийн сангаас 8.1 гэсэн нилээд өндөр үнэлгээ авсан юм. Барууны кино шүүмжлэгчидийн нийтлэлийг уншиж байхад ихэнх нь ам сайтай байсан бөгөөд уулга алдсан техт ихээхэн харагдсан. Тулаан гарах үзэгдлүүд нь үзэгчидийг сандлаас хөндийрүүлж, Пандаг үзэж буй үзэгчид сэтгэл хөдлөлөө байнга гаргаж байсан нь киног ямархуу сайн байсанг батлах мэт.Киноны каст,титр хараад сууж байхдаа дараагийн анги гарах магадлал байгаа бөгөөд бүр 2 ч шалтгаан байгааг оллоо.

Ийнхүү дараагийн ангийн ерөнхий тоймыг гаргаж суулаа. Үзсэн хүн бүр өөрсдийн дүгнэлтийг гаргана гэдэгт итгэлтэй байна. Надад хамгийн их таалагдсан юу вэ гэвэл үзэгчдэд үнэхээр хүрч чадаж байгаа нь акшион хэсгүүд дээр дүрүүдийн нүүрний хувирал маш сайн байсан. Гунигтай үе, баярласан үе, хэн нэгнээс итгэл хайсан, зөвхөн л сайн найзуудын тулгарах харц гээд л энэ бүгд яг бидний амьдрал дунд болдог шиг үнэмшилтэй байсан нь сэтгэл догдлуулмаар байсан. Тэр хэсэг болгон дээ үзэгчид нам жим болж дотроо нэгийг бодож суусан байх. Бас нэг содон зүйл нь зохиогчдын зүгээс үзэгчдийн /элэгийг авхаар/ шийдсэн мэт санагдав. Тэр дунд болох хөгжилтэй хэсгүүд дээр ашиглагдаж байгаа ҮГС бол тасархай шүү.

"Кино хүнийг бий болгодоггүй,кино хүнийг хөгжүүлдэг" Бичсэн Эрдэнэбаатар, (MMF) Билгүүн, (MMF) Гантулга (MMF)

Sunday, May 29, 2011

Kung Fu Panda 2

Kung-fu-panda-2-poster
DreamWorks кино компани 2008 онд анх гаргаж байсан Kung Fu Panda анимейшныхээ үргэлжлэл болгон Kung Fu Panda 2: Kaboom of Doom энэ оны 5-р сарын 26-нд дэлхий даяар кино театруудад нээлээ. Ихэнх шүүмжлэгчид киноны хоёрдугаар ангийг өмнө ангийнхаа амжилта дээр тулгуурлан ашиг олох зорилгоор хийдэг учир харьцангуйгаар амжилт олох нь муу байдаг гэдэг ч Kung Fu Panda 2 кино Загалмайлсан эцэг киноны адилаар хоёр дугаар анги нь эхнийхийгээ давсан амжилт олох магадлалтай кинонуудын нэг яахын аргагүй болсон байх нь анзаарагдана.

Kung Fu Panda, Sprit: Stallion of the Cimarron зэрэг анимейшнуудын storyboard зураач /анимейшн болон киноны үзэгдлүүдийн дарааллыг зургаар илэрхийлэх/ Jennifer Yuh Kun Fu Panda 2 дээр анх удаагаа бүрэн хэмжээний киноны найруулагчаар ажилласан бөгөөд түүний дебют тун сайн ажиллажээ. Кино жүжигчидийн багийнханы хувьд эхний ангийн дуу оруулагчид болох Jack Black /Po/, Angelina Jolie /Tigress - эм бар/, Jackie Chan /Monkey - сармагчин/, Lucy Liu /Viper - могой/, Seth Rogen /Mantis - цөгөрцөг/, Dustin Hoffman /Shifu/, David Cross /Crane - дэглий/ нар солигдоогүй бөгөөд шинээр Холливудын Gary Oldman /Shen/, Dennis Haysbert /Master Ox - бух/, Jean-Claude Van Damme /Master Croc - матар/ нар багт нэгджээ. Мөн Оскарын шагналт Hans Zimmer, Josh Powell нар хөгжимөөр кинонд сүр нэмжээ.

Киноны үйл явдалаас цухас дурьдвал Гонмен хотын хунтайж Shen /Gary Oldman/ кунфуд гоц авъяасгүй ч Хятадыг тэр чигээр нь эзлэх хүсэлтэй. Энэ их хүсэлд нь санаа нь зовсон Гонмен хотын хаан, хатан тогос нар төлөгчид хандах бөгөөд түүний зөнд Shen /Gary Oldman/ хар, цагаан хосолсон арга билгийн амьтанд ялагдана хэмээн зөгнөнө. Ялагдахгүйн тулд Shen /Gary Oldman/ -ы хийсэн үйлдэл эцэг эхийг нь айлгах бөгөөд арга буюу түүнийг ордоноос хөөдөг. Хаан, хатан хоёрыг нас барсаны дараа Shen /Gary Oldman/ өөрийн бүтээсэн зэвсэгтэйгээр Гонмен хотод кунфуг түүхийн хуудаснаас арилган Хятадыг эзлэн авахаар эргэн ирдэг. Харин түүний энэ галзуурсан зорилгыг Луугийн дайчин Po /Jack Black/ л домогт 5 дайчны хамтаар зогсоож чадах байлаа. Гэсэн ч тэд Shen /Gary Oldman/ -ы шинэ зэвсэгийн талаар "асар их хүчтэй" гэхээс өөр юу ч мэдэхгүй байлаа. Кино зохиолын хувьд нэг иймэрхүү энгийн боловч харин хийц, хүртээмж, дүр бүтээлтийн хувьд сайн болсон байлаа. Дүрүүдийн харилцан яриа, Po /Jack Black/ -оос бусад дүрүүдийн сэтгэл хөдлөл дээр өндөр ажилласан байв.

Тэдний хийж буй үйлдэл, алхам бүр нь хөгжилтэй байх бөгөөд үзэгчийг хөгжөөгөөгүй нэг ч хором бараг байсангүй гэж хэлж болно. Эхний ангитайгаа харьцуулахад Kung Fu Panda 2 илүүтэйгээр өнгөрсөнийг эргэн дурссан хэсгүүд их байсан бөгөөд тэдгээрийг зураглалын маш сонирхолтой, өхөөрдөм байдлаар хийсэн нь кино танхим дахь хүмүүсийн өхөөрдсөн дуунуудаас мэдэгдэж байв. Мөн түүнчлэн хүмүүст ухаарал хайрласан шинжтэй байсан бөгөөд философийг нь нэг өгүүлбэрт базаад хэлбэл: "Амьдрал сонголтоор дүүрэн байдаг ба чамайг өнгөрсөн чинь бус харин одоо чинь тодохойлно."

Технологийн хувьд 3D хэлбэрээр бүтсэн бөгөөд анимейшн төрлийн кинонууд дундаасаа 3D үзүүлбэрийг хангалттай сайн хүргэж чадсан. Кунфу тулаануудыг илүү үзүүштэй болгож өгсөн байв. Өөлөх боломжтой зүйлс байсан хэдийн ч магтууштай зүйлс нь Kung Fu Panda 2: Kaboom of Doom -ыг энэ зуны хамгийн хөгжилтэй, үзүүштэй кинонуудын нэг болгож байгаатай маргах аргагүй юм. Гэр бүл, найз нөхөд, хэнтэй ч эсвэл ганцаараа ч үзэхэд маш тохиромжтой бөгөөд та үзсэндээ яагаад ч харамсахгүй. Kung Fu Panda 3 -ыг гарахыг хүлээх л үлдлээ.SKADOOSH!

Бичсэн Ану Харчу,(MMF) Ананда Эрдэнэбат,(MMF) Энхмандах Дорж (MMF)

Monday, May 9, 2011

Adjustment Bureau “Хувь тавиланг зохицуулах товчоо”,

“Хувь тавиланг зохицуулах товчоо”, “Хувь тавиланг захирах товчоо”, “Өөрчлөлтийн товчоо” ... уг киноны нэрийг монгол хэл рүү яаж ч оруулж болно. Алийг нь ч сонгосон амьдралыг өөрчлөн зохицуулж байдаг “хүмүүс” –ын тухай гарах нь ойлгомжтой.

The Adjustment Bureau кино нийт 106 минут үргэлжлэх бөгөөд найруулагчаар нь George Nolfi ажиллаж, гол дүрүүдийг Matt Damon /David Norris/, Emily Blunt /Elise Sellas/, Anthony Mackie /Harry Mitchell/, Terence Stamp /Thompson/ бүтээсэн байна.

Зохицуулах товчоо гэдэг нь бурханы зурсан зурагаас өөрөөр явсан тохиолдолд түүнийг нь засахаар ажилладаг байгууллага юм.

Девид Норрис түүхэндээ Нью-Йорк мужын сенаторын сонгуульд өрсөлдсөн хамгийн залуу нэр дэвшигч бөгөөд Брүүклинийн залуучууд түүнийг дэмжсэнээр түүнийг сонгогдоно гэдэгт итгэл дүүрэн томоохон баг ажиллаж байсан ба олон жилийн өмнө гаргасан алдаа нь түүнийг ялалтын ирмэг дээрээс түлхдэг. Сэтгэлээр унасан Девид Норрис хэдий сонгуульд ялагдсан ч өөрийн дэмжигчдэд зориулан мөн ялагчид зориулан индэрийн ард үг хэлэхэд нь Девидэд санаандгүй тохиолдолоор тааралдсан Элисийн үг "сайн талаараа" нөлөөлөх бөгөөд түүний дараагаар Элис зүгээр л гүйж алга болно.

Гэвч тэр хоёрын тааралдах нь санамсаргүй хэрэг биш харин урьдаас төлөвлөсөн бүхэл бүтэн ажиллагаа байсныг Девид хожим нь санаандгүй байдлаар мэдэж авна. Хувь заяа ч гэх үү, аз тохиол ч гэх үү тэр хоёр ахин тааралдах нь тэр. Зохицуулах товчооны ажилтан Доналдсон Девидийг өөрсдийн хэрэглэдэг аргаараа Элисээс холдуулах боловч гурван жил хайсны эцэст Норрис Элисийг ахин олдог. Элис, Девид хоёрын учрал санаандгүй байсан агаад энэ удаад Доналдсоны эрх мэдэл хүрэхээргүй түвшинд хүрсэн санаандгүй учрал байдаг. Ингээд дээд удирдлага Доналдсонг "Алх" хочит Томсоноор солих бөгөөд Томсон ёстой л ажлаа дээд цэгт нь хийж Девидийг Элисээс ахин холдуулж чаддаг.

Өөрийн хийж байгаа зүйлдээ эргэлсэн Зохицуулах Товчооны ажилтан Харри Девидэд хувь тавилан, түүний ажилчидын талаар зарим чухал зүйлийг тайлбарлаж өгөх бөгөөд энэ удаад Девидийн эргэлзээ бүрэн дүүрэн арилж, эргэж буцалтгүйгээр Зохицуулах Товчооны "даргатай" ч хамаагүй уулзаж өөрийн хувь тавиландаа Элисийг оруулахаар Харригийн тусламжтайгаар Элисийг дагуулан байгууллага руу нэвтрэнэ. Гэвч тэр хоёр товчооны ажилчидад баригдаж, гарах гарцгүй болсон үед товчооны "даргаас" тэр хоёрын хэргийг хариуцаж байсан Томсонд тушаал ирдэг. Тушаалын дагуу Девид, Элис хоёрын хувь тавиланг зохицуулалтаас хасдаг бөгөөд цаашдын ирээдүй нь цэвэр өөрсдийнх нь гарт үлддэг.

Хувь тавиланг зохицуулах товчоо киногоор найруулагч хүн өөрийн хүсэл мөрөөдөл,хайр дурлалын төлөө хэрхэн тэмцэх ёстойг харуулахыг хичээсэн болов уу гэж дүгнэж байна. Гэхдээ тэмцэхдээ бусдыг амьдралыг сүйтгэж болохгүй гэдгийг санах хэрэгтэй, хийсэн үйлдэл бүхний чинь үр дагавар өнөөдөр биш ч хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг санах хэрэгтэй гэсэн мессежийг үзэгчдэд өгч байсан бөгөөд нөгөө талаас харах юм бол энэ нь Америкийн "поп культур" болсон бурхан, хувь заяа, чөлөөт сонголт гэсэн санаануудыг гүн гүнзгий шингээсэн байсан.

Кино тэр чигтээ “Бүрх малгайтнуудын эсрэг Девид, Элиз хоёр” гэсэн байдлаар өрнөдөг бөгөөд өөрийн гэсэн чөлөөт сонголттой байж "чаддаггүй" хүн төрөлхтний урьдчилан “дарга” –ын зурсанаар үргэлжлэх хувь тавиланг хангахаар “бүрх малгайтнууд” өдөр шөнөгүй ажиллан гүйлдэж байна гээд төсөөлөхөөр хэнд ч энэ нь их сонирхолтой санагдах байх. Гэсэн ч киноны хамийн сонирхолтой хэсэг нь энэ санаа гэхээсээ илүүтэйгээр “бүрх малгай” –г хэрхэн ашигладаг хэсгүүд л хамгийн сонирхолтой байсан гэж хэлж болно.

Бичлэгийн хувьд эхний 40 орчим минут яг л зурагдсан пянз шиг байсан нь сэтгэлд хүрсэнгүй. Энэ нь магадгүй тээвэрлэлтийн алдаа байсныг үгүйсгэхгүй. Дуу оруулалт нь сайн болсон байсныг энд хэлэхгүй өнгөрч болохгүй, эргэн тойрон гээд бүх зүйлсийг сайн анхаарч хийсэн нь анзаарагдаж байлаа. Гол дүрүүд болон туслах дүрүүдийн уялдаа холбоо болоод жүжиглэлт итгэлтэй, сайн байсан ч киноны орчуулга болон зөв бичих дүрмийн алдаа гэх мэт харилцан ярианы текстийн хяналтын тал дээр олон алдаа гаргасан байсныг хэлэхгүй өнгөрч болохгүй нь.

Найз нөхөдтэйгөө, гэр бүлээрээ үзэхэд сонирхолтой кино боловч Мэтт Деймоны улаан фен л биш бол олон дахин үзээд байхаар гүн гүнзгий утгатай, хэдэн жил яригдах санаатай кино болж чадаагүй нь илт байлаа.

Нэг удаа "Бурхан хүний амьдралын 20 хувийг зурдаг,үлдсэн хувийг нь хүн өөрөө бүтээдэг" гэж дуулж байсан санаанд буулаа. Магадгүй бидний амьдралыг хэн нэгэн чиглүүлж өгч байдаг юм бил үү?

"Кино хүнийг бий болгдоггүй,кино хүнийг хөгжүүлдэг"

Шүүмжийг бичсэн: Билгүүн, Ану Харчу

Thor буюу Бурханы аянган алх (by review team 1)

Хүн төрөлхтөн дайн тулаан, зэвсэгт тэмцлийн дунд мянга мянган жилийг үдэж, энх тайван, амар амгаланг хүссэн сэтгэлээ шингээн энх цагийг авчрах эрэлхэг зоригтой, дайчин баатруудын түүхийг үеээс үед амаар, бичгээр дамжуулан хэлэлцэж ирсэн байдаг. Эрт цагийнх нь үлгэр домог, туульс болж бидэнд уламжилж ирсэн байдаг бол, орчин үед "супер" баатруудын түүх, комик, кино зохиол үзэгч олны мэлмийг баясгах болжээ. Марвел комиксийн ээлжит супер баатруудын нэг болох Тоор өнгөрсөн жилээс албан ёсоор дэлгэцийн бүтээл болж гарах нь зарлагдсан бөгөөд хүмүүсийг багагүй хүлээлтийн байдалд оруулж амжсан билээ. 20-р зууны дунд үеэс Америкаас эхлэн дэлхий дахиныг та бидний мэдэх Hulk, Spiderman гэхмэт олон комик(зурагт) цуврал зохиолуудуудаара байлдан дагуулсан Marvel студийн уран бүтээлүүдийн нэг Thor комик зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн уран сайхны киноны дэлхийн нээлттэй зэрэгцэн Монгол улсад 5-р сарын 6-ны өдрөөс эхлэн Тэнгис кино театрт нээлтээ хийлээ. Америкийн алдарж жүжигчин, кино найруулагчKenneth Baranagh найруулж, Chris Hemsworth, Natalie Portman, Tom Hiddleston, Anthony Hopkins, Stellan Skarsgаrd нарын гол дүрд нь тогложээ. 150сая долларын өртгөөр бүтсэн энэхүү кино нь дэлгэцийн уран бүтээл, компьютер график, 3D технологийн гайхамшгийг шинэ хэлбэрээр мэдрүүлж чадсан гайхалтай бүтээл болж чаджээ. Марвелын комикоос сэдэвлэсэн болхоор түүн дээр гардаг хэсгүүд мөн баатрууд бол бараг л бүрэлдэхүүнээрээ байлаа. Киног үзэж эхэлхийн өмнө комиксийг нь уншдаггүй хүнд ойлгогдох болов уу гэсэн нэг бодол төрсөн боловч кино нь хэн бүхэнд ойлгомжтой болгож хийсэн сонирхолтой байлаа. Транспормерс-ын гуравдугаар ангийг хийгээд тун завгүй байгаа Micheal Bay гүйцэтгэх продюсерээр ажиллажээ. Энэхүү кинон дээр Visual effect-ыг маш сайн ашигласан байсан бөгөөд Бурхадын хотын архетектурын шийдэл бол гайхамшигтай сайхан харагдаж байлаа. Киноны төгсгөлд гардаг гариг эрхэс, одон орон, галактикын зураглалууд бол 3D ээр үзэхэд тун гайхалтай мэдрэмж төрүүлж байв. Энэ кинонд Natali Portman орж дүр бүтээсэн нь сүүлийн үед тэрээр холливудад тун эрэлттэй байгааг илтгэж буй. Тоор нь 1962 оноос анхлан гарч эхэлсэн Асгард хэмээх бурхдын орны ханхүүгийн тухай өгүүлдэг комикс юм. Тэрээр өөрийн эцгээсээ өвлөн авсан Моёлнир лантуутай бөгөөд энэ нь түүнд маш их хүч чадлыг өгдөг юм. Түүний дайн тулаанд дуртай, эзэрхэг зан нь түүний хамгийн том сул тал бөгөөд тэр үүнийгээ ухаардаггүйд гол асуудал нь байлаа. Энэ ертөнцийг энх тайвныг сахиулж чадсан Асхардын хаан Один өөрийн хаан ширээг өөрийн хоёр хүүгийн нэг Тор-т шилжүүлэхийг хүссэн ч Торын ухаангүй, омогтой зан нь Одиныг хилэгнүүлж, Торыг дэлхий рүү цөлөхөд хүргэнэ. Тор дэлхий дээр ирж, энгийн хүмүүсийн дунд амьдарч, судлаач эрдэмтэн Жэйн хэмээх бүсгүйд сэтгэл алдарч, хүн төрөлхтнийг, хайртай хүмүүсийнхээ төлөө тулалдаж эцгийхээ хаан ширээг залгамжилж чадах ухаалаг нэгэн болж төлөвшинө. Один хаан олон жилийн өмнө дайтаж явахдаа дайснаасаа өргөж авсан хүү Локи нь Торын эзгүй, Один хааны бие муудсан хойгуур хуйвалдаан зохиож, хаан ширээг залгамжлахаар санаархаж байсан ч Тор эргэн ирж энэ бүхнийг таслан зогсооно. Тоорын дүрд тоглосон Крис Хэмсворф өмнө нь телевизийн цуврал кинонд тоглодог байсан бөгөөд иймэрхүү төрлийн супер баатрын кинонд тохиромжгүй байх болов уу гэсэн таамаглалыг кино маань бүрэн няцааж чадхаар сайн байлаа. Мөн киноны хамгийн чухал дүр болох эсрэг талын дүрийг Том Хайдлстон үнэхээр гайхалтай бүтээсэн бөгөөд, түүний царай нь цаанаасаа Локигийн дүрд төрчихсөн юм шиг л адилхан байсан нь бас хүчтэй нөлөөлсөн болов уу. Эхэн хэсгийг үзсэний дараагаар киноны төгсгөлд нэг том дайн болох тухай таамаг шууд төрж, ихэд догдлуулав. Ер нь бол холливудын кино найруулагч, продюсер, зохиолч, хөгжмийн зохиолч нарын нэр л тод томруун гараад өнгөрдөг яг үүний ард хамгийн чухал хэсгүүдийг бүтээж байдаг бусад ажилтнуудыг үзэгчид сайн анзаарахгүй өнгөрдөг. Тэдний нэг бол яах араггүй Visual effect-ын инженерүүд юм. Кино эхэлхэд бидний сайн танил Marvel, Paramount, зэрэг том том кино компаниудын нэр гардаг боловч тэд санхүүжилт, маркетинг зэрэг үндсэн тоотой хэдхэн ажлуудыг хийдэг бөгөөд маш чадварлаг ямар нэг төрөл зүйлүүдийг хийж гаршсан, жишээ нь маш сайн үер усны эффект эсвэл гариг эрхэс ч юм уу ингээд нэг нэг төрлөөр гаршсан жижиг студиудаар киноныхоо хүнд хэцүү элемэнтүүдийг хуваан тарааж өгөөд хийлгэчихдэг. Ерөөсөө хэдхэн секундын Visual effect-ыг гаргах гэж маш их хугацаа, их хөдөлмөр орж байдаг тиймээс ч тэд ажлын хөлсөө хангалттай авдаг. Энэхүү кинон дээр Visual effect ын инженерүүд маш сайн ажиллажээ.Марвелийн бүтээлүүдийн бас нэгэн онцлог болох киноны титр урсаж дууссаны дараагаар үзүүлдэг минут орчим гарах богино хэсэгт киноны гол түлхүүр гарах бөгөөд Тоор нь ирэх жил гарах Марвелийн баатруудын цуглуулга болох The Avengers дээр хэрхэн үргэлжлэх тухай байлаа. Энэ киног 3D-ээр, каст(Уран бүтээлчдийн нэрс)-ыг гарч дуустал үзэхийг хувийн зүгээс аминчлан захих байна. Хэрэв та хэзээ нэгэн цагт уудан огторгүй, одот ертөнцөөр элин халин нисэхийг хүсч байсан бол тэр мэдрэмжийг 3D технологи танд тэр мэдрэмжийг өгөх болно. Заавал үзээрэй :) гэвч үзэгчид кино дуусаад каст гараад эхлэнгүүт л танхимаас гараад явчихдаг нь харамсалтай.

Бичсэн: Г. Эрдэнэбаатар (MMF), Б. Гансүх (MMF) Э. Ананда (MMF) from review team 1

 

 

 

 

 

 

 

 

Sunday, May 8, 2011

Thor 3D

Эртний умард Германаас гаралтай Герман-Скандонивийн бурхан Одиний хүү болох домогт аянгаар ниргэгч хэмээх алхчин бурхан Thor-оос сэдэвлэгдсэн мөнгөн үе гэгдэх жараад оны Marvel-ийн нэгэн дүр дэлгэцнээ амиллаа.Thor нь Marvel-ийн комиксын зохиолоор хийгдсэн энэхүү кино нь сүүлийн үед мөнгөн үе болон тэдний үр хүүхдүүдийг үеийн үед нь байлдан дагуулж, мөн хүсэн хүлээгдэж байгаа Халк, Төмөр хүн, Хүн аалз, Wolverine, Captain America зэрэг кино дэлгэцнээ амилаад байгаа комикс зохиолуудын оргил бүтээл болох The Avengers-ийн өмнөтгөл нь билээ. Бодит 3D технологи болон нөр их хүч хөдөлмөр, хүн хөлсөөр бүтсэн агуу график дизайн, чадварлаг жүжигчид,гайхалтай бүтээл туурвисан продакшнуудууд, найруулагч, зураглаачдаас бүтсэн энэ киноны нээлт нь Австралид өнгөрсөн сарын 21-ээс (IV/21) эхлэн VI/1 хүртэл дэлхий даяар үргэлжлэх юм. Тэр ч байтугай Тэнгис кино театр, MMF бүлгэмтэй хамтран дэлхийн нээлттэй цуг Монголд албан ёсны нээлтийг хийсэн нь өчигдөр буюу V/6-ны өдөр байлаа.

 

Кино нийт 115 минут үргэлжлэх ба найруулагчаар нь Kenneth Branagh ажиллаж гол дүрүүдийг Antony Hopkins /Odin/ , 2009 онд “Star Trek” кинонд туслах дүрийг бүтээсэн Chris Nemsworth /Thor/ , “Хар хун“ киноны гол дүрNatalie Portman /Jane/ ,Tom Hiddleston /Loki/ ,Stellan Skarfsgard /Erik/ ,Kat Dennings /Darcy/ ,Idris Elba /Heimdall/ ,Colm Feore /Laufi/ нар бүтээсэн байна.Эрт цагт Ёотунхэймийн үлэмж биетнүүд Мидгардад халдаж дэлхийд мөстлөгийн үеийг авчирдаг ч Одинаар удирдуулсан Асгардын дайчид тулалдан ялсанаар Мидгардад бурхадын түүх эхэлдэг.Түүнээс хойш олон жил өнгөрч Одиний хоёр хүүхэд өсөн том болж,Тор хаан ширээнд суух өдөр хэсэг үлэмж биетнүүд Асгардын зэвсгийн агуулахад эвийн гэрээг зөрчиж халдсанаар хаан ширээнд суух ёслол цуцлагддаг.Үүнд уурссан Тор Ёотунхэймийн үлэмж биетнүүдийн ертөнц рүү найзуудын хамт явдаг.Тулаан ялагдлаар дуусч мэдэх үед Один Ёотунхэймд Слейпнирээ хөлөглөж ирдэг.Ийнхүү Торын болчимгүй алхамаас үүдэн хоёр ертөнцийн хооронд дахин дайн гарахад хүрдэг.Один үүнд ихэд хилэгнэн Торын хүчийг Мьёлнирт тарнидаад Мидгард луу цөллөгт явуулснаар кино эхэлдэг бөгөөд Тор цөллөгт байх хооронд хаан ширээнд суух хүсэлтэй Торын дүү Локи өөрийгөө Ёотунхэймийн иргэн гэдгээ мэдэж байдлыг улам бүр дордуулна.

 

 

Тор гарах яриа гарсан цагаас эхлэн ямархуу болох бол,ямар түүхийг харуулах бол гээд л олон асуултууд кино сонирхогчидийн дунд байсаар байлаа.Хүмүүсийн хүсэн хүлээж байсанчлан "гайхалтай" байсан.

Кино нь сүүлийн мөчид гарах багахан хайр дурлалын драм хэсэг болон дэлхий дээр болох ганц хоёр инээдмийн хэсгүүдийг эс тооцвол тэр чигээрээ адал явдалт экшион киноны төрөлд багтахаар болсон байна.

Мөн өмнө нь төдийлөн гарч байгаагүй эртний Ано Домины тооллын үеийг орчин үетэй цаг хугацааны солонгон гүүрээр холбож өгсөн нь тун ч сонирхолтой. Эртний Найман эрхэсийн доторх эрх мэдлийн төлөөх хаанд засаглалын сүрлэг дүр төрх дотор гүн орж, бахдан биширч байгаад гэнэт өнөөгийн өөрсдийн ертөнц, цаг хугацаа, нийгэмийг харахаар эрс тэс хоёр өөр мэдрэмж төрүүлдэг учир ер уйдамгүй.Мэдээж киноны хамгийн чухал зүйл бол график эффект, гурван хэмжээст бодит мэдрэмж байлаа. 3D технологийг шинээр гарч байгаа кино болгон бодитой талруу нь хөгжүүлэн сайжруулсаар байна. Энэ кино дээр ч гэсэн үнэхээр чадварлагаар ашиглаж чадсан. Од эрхэст огторгуйн гүнрүү гэрлийн хурдаар сүлжин явах мэдрэмжийг хамгийн бодитойгоор энэ киноноос л мэдэрч болно. Шуурга болох,гал дүрэлзэх,тоос босох үеийн эффектүүд маш өндөр байсан ч,цөөн хэдэн хэсэгт жижиг эффектүүдийг болхи хийсэн нь ажиглагдлаа.Мэдээж энэ нь киноны рейтингийг унагахааргүй бөгөөд өчүүхэн зүйлийг ч орхиж үзэхийг хүсдэггүй хүнд бол бага зэрэг урам хугармаар санагдах болов уу?

Киноны турш ам ангайлгам график эффект, зураг авалтууд нь үзэгчдийг байнгын сэтгэл хөдлөлд автуулж, сандалаасаа босгож дөнгөх байх. Мэдээж дуу, ая бол гайхалтай биш гэж хэлэхийн аргагүй сайн, дотор нь ормоор болгосон. Өмнө нь сонссоор уйдаад байсан дуу оруулалт энд илүү өөр, зэвүүн, шинэлэг байх болно гэдгийг хэлмээр байна.

 

 

Мэдээж кинон дээр бага сагахан алдаанууд гарна. Жишээ нь цаг хугацааны гүүрээр явах гээд бөмбөрцөг асар хурдан эргэж байхад дотороос нь авсан кадр дээр цонхны цаана юу ч болоогүй мэт тайван байх. Мөн Найман эрхэсийг зангидагч цэнхэр хайрцагийг Асгардын зүгээс хамгаалагч Дестройер дэлхий дээр Тортой тулалдаж байх үед Тороос үл ялиг том мэт гардаг багахан хэсэг бий, уул нь тэр хоёр давхар байшинтай дүйцэх аврага биетэй билээ.

 

 

Киноны аянаас авахуулаад туслах дүр хүртэлх бүх нэгж хэсгүүд нь кинонд бүрэн зохицож чадсан бөгөөд од эрхэс,аянга цахилгаан гээд л хүрээлэн буй орчин нь киноны утга санааг бүрэн илэрхийлж байлаа.

Кино нэг талаараа яриа ихтэйгээс гадна сул хэсгүүд ихтэй мэт санагдуулах ч 2012 онд гарахаар төлөвлөгдөөд байгаа "the Avengers" киноны баатарт хэрхэн хамаарагдаж байгааг өгүүлж байгаа нь тэр.Энэ гарч байгаа кино маань нэг үгээр илэрхийлбэл Тhe Avengers киноны Торын "оршил" хэсэг юм.

Кино эхлэлээсээ төгсгөл хүртэл үзэгч таныг өчүүхэн ч уйдахгүй гэдэгт итгэлтэй байна.Энэхүү дэлгэцийн ээлжит гайхалтай бүтээлийн ерөнхий зохиол "хүний амьдрал гэдэг ямар үнэтэй,ямар гайхалтай.Харин бид түүнийгээ олж хардаггүй" гэдгийг харуулахыг зорьсон болов уу?!

Орчин цагийн кино ертөнцийн гайхамшигт технологи, эртний үлгэр домог, ахмад үеийн сэтгэлд хоногшсон комикс хэрхэн амилж байгааг та үзэхийг хүсвэл Тор-г зөвлөж байна.

 

"Кино хүнийг бий болгодоггүй,Кино хүнийг хөгжүүлдэг"

 

Бичсэн: Билгүүн (MMF), Хасчулуу (MMF), Ану (MMF) from review teaw two

Saturday, May 7, 2011

Хувь тавиланг зохицуулах товчоо ( Тойм шүүмж: Review Team #1 )

Хүнд урьдаас бичигдсэн хувь заяа гэж байдаг уу? Эсвэл хүн бүр өөр өөрсдийн сонголтоор амьдардаг уу? Өөрийн дураар амьдрах гэтэл яагаад үргэлж саад бэрхшээл, тооцоолоогүй хүчин зүйлс нөлөөлөөд байдаг юм бол? Өөр хэн нэгэн бидний хувь заяаг тодорхойлдог юм бол тэд хэн байж таарах вэ? Нэгэнтээ зурагсан хувь төөрөг байдаг бол түүнийг өөрчилж болох уу?

Америкийн зохиолч Филип Дикийн "Adjustment Team" богино өгүүллэгээс сэдэвлэсэн бүтээсэн "Хувь тавиланг зохицуулах хороо" онц сонирхилтой романтик кино энэ оны хоёрдугаар сарын 14-нд нээлтээ хийснээсээ хойш л гэхэд 100 гаруй сая долларын орлоготой байна. Гол дүрүүдэд Matt Damon, Emily Blunt нар тогложээ. Миний мэдэхийн нилээн чухал, төвийн байрны, жишээ нь Борнын цуврал мэтээрээ олонд танигдсан жүжигчин Matt Damon энэ удаад хөгжилтэй, бүтэлгүй сенатын сонгуульд нэр дэвшигч David Norris-ийн дүрийг бүтээсэн нь өвөрмөц, бас их зохисон санагдана.

Романс, зөгнөл, триллэр гээд ер нь их олон жанарыг хольсон ч тэр нь бантагнах биш, харин ч сонирхолтой байдлаар холбож өгсөнөөр гэр бүл, хамт олон, амраг хосууд, гийк, нэрдүүд гээд тал бүрийнхэн шимтэж үзэж болох боломжоор хангагджээ.

Хүн бүр л улс төр, брэнд, корпорациуд, дуучид, сонин хэвлэл, тэр ч байтугай найз нөхдийнх нь яриа хүртэл нэгэн систем дор базагдаж, хувь хүн бүрийн тархийг угаах зорилгоор хөшигний цаадах далд ерөнцөөс уягдсан утсан хүүхэлдэй мэт холбогдсон жүжиг байдаг гэдэгт итгэдэг байх. Тэгвэл энэ кинонд хүүхэд, залуучууд, ер нь пивондоо халаад эд яриандаа орсон хүн бүхний ярианд байдаг дээрх зүйлийн яг голыг нь олоод маажих мэт хачирхалтай, бас онц сонирхолтой, олон өнцгөөс харсан байдлаар нь тайлбарлахыг хичээжээ. Үгүй бол хайр дурлал, шинжлэх ухаан, бурхан чөтгөрийн талаас дээрх асуудлыг харсан ч бай маш олон зүйлийг нэг дор багтааж, зангидан хором ч уйдах аргагүйгээр найруулсан сайхан кино болсон гэдгийг бардам хэлэхэд таатай байна

Adjustment_bureau_poster