Monday, May 9, 2011

Adjustment Bureau “Хувь тавиланг зохицуулах товчоо”,

“Хувь тавиланг зохицуулах товчоо”, “Хувь тавиланг захирах товчоо”, “Өөрчлөлтийн товчоо” ... уг киноны нэрийг монгол хэл рүү яаж ч оруулж болно. Алийг нь ч сонгосон амьдралыг өөрчлөн зохицуулж байдаг “хүмүүс” –ын тухай гарах нь ойлгомжтой.

The Adjustment Bureau кино нийт 106 минут үргэлжлэх бөгөөд найруулагчаар нь George Nolfi ажиллаж, гол дүрүүдийг Matt Damon /David Norris/, Emily Blunt /Elise Sellas/, Anthony Mackie /Harry Mitchell/, Terence Stamp /Thompson/ бүтээсэн байна.

Зохицуулах товчоо гэдэг нь бурханы зурсан зурагаас өөрөөр явсан тохиолдолд түүнийг нь засахаар ажилладаг байгууллага юм.

Девид Норрис түүхэндээ Нью-Йорк мужын сенаторын сонгуульд өрсөлдсөн хамгийн залуу нэр дэвшигч бөгөөд Брүүклинийн залуучууд түүнийг дэмжсэнээр түүнийг сонгогдоно гэдэгт итгэл дүүрэн томоохон баг ажиллаж байсан ба олон жилийн өмнө гаргасан алдаа нь түүнийг ялалтын ирмэг дээрээс түлхдэг. Сэтгэлээр унасан Девид Норрис хэдий сонгуульд ялагдсан ч өөрийн дэмжигчдэд зориулан мөн ялагчид зориулан индэрийн ард үг хэлэхэд нь Девидэд санаандгүй тохиолдолоор тааралдсан Элисийн үг "сайн талаараа" нөлөөлөх бөгөөд түүний дараагаар Элис зүгээр л гүйж алга болно.

Гэвч тэр хоёрын тааралдах нь санамсаргүй хэрэг биш харин урьдаас төлөвлөсөн бүхэл бүтэн ажиллагаа байсныг Девид хожим нь санаандгүй байдлаар мэдэж авна. Хувь заяа ч гэх үү, аз тохиол ч гэх үү тэр хоёр ахин тааралдах нь тэр. Зохицуулах товчооны ажилтан Доналдсон Девидийг өөрсдийн хэрэглэдэг аргаараа Элисээс холдуулах боловч гурван жил хайсны эцэст Норрис Элисийг ахин олдог. Элис, Девид хоёрын учрал санаандгүй байсан агаад энэ удаад Доналдсоны эрх мэдэл хүрэхээргүй түвшинд хүрсэн санаандгүй учрал байдаг. Ингээд дээд удирдлага Доналдсонг "Алх" хочит Томсоноор солих бөгөөд Томсон ёстой л ажлаа дээд цэгт нь хийж Девидийг Элисээс ахин холдуулж чаддаг.

Өөрийн хийж байгаа зүйлдээ эргэлсэн Зохицуулах Товчооны ажилтан Харри Девидэд хувь тавилан, түүний ажилчидын талаар зарим чухал зүйлийг тайлбарлаж өгөх бөгөөд энэ удаад Девидийн эргэлзээ бүрэн дүүрэн арилж, эргэж буцалтгүйгээр Зохицуулах Товчооны "даргатай" ч хамаагүй уулзаж өөрийн хувь тавиландаа Элисийг оруулахаар Харригийн тусламжтайгаар Элисийг дагуулан байгууллага руу нэвтрэнэ. Гэвч тэр хоёр товчооны ажилчидад баригдаж, гарах гарцгүй болсон үед товчооны "даргаас" тэр хоёрын хэргийг хариуцаж байсан Томсонд тушаал ирдэг. Тушаалын дагуу Девид, Элис хоёрын хувь тавиланг зохицуулалтаас хасдаг бөгөөд цаашдын ирээдүй нь цэвэр өөрсдийнх нь гарт үлддэг.

Хувь тавиланг зохицуулах товчоо киногоор найруулагч хүн өөрийн хүсэл мөрөөдөл,хайр дурлалын төлөө хэрхэн тэмцэх ёстойг харуулахыг хичээсэн болов уу гэж дүгнэж байна. Гэхдээ тэмцэхдээ бусдыг амьдралыг сүйтгэж болохгүй гэдгийг санах хэрэгтэй, хийсэн үйлдэл бүхний чинь үр дагавар өнөөдөр биш ч хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг санах хэрэгтэй гэсэн мессежийг үзэгчдэд өгч байсан бөгөөд нөгөө талаас харах юм бол энэ нь Америкийн "поп культур" болсон бурхан, хувь заяа, чөлөөт сонголт гэсэн санаануудыг гүн гүнзгий шингээсэн байсан.

Кино тэр чигтээ “Бүрх малгайтнуудын эсрэг Девид, Элиз хоёр” гэсэн байдлаар өрнөдөг бөгөөд өөрийн гэсэн чөлөөт сонголттой байж "чаддаггүй" хүн төрөлхтний урьдчилан “дарга” –ын зурсанаар үргэлжлэх хувь тавиланг хангахаар “бүрх малгайтнууд” өдөр шөнөгүй ажиллан гүйлдэж байна гээд төсөөлөхөөр хэнд ч энэ нь их сонирхолтой санагдах байх. Гэсэн ч киноны хамийн сонирхолтой хэсэг нь энэ санаа гэхээсээ илүүтэйгээр “бүрх малгай” –г хэрхэн ашигладаг хэсгүүд л хамгийн сонирхолтой байсан гэж хэлж болно.

Бичлэгийн хувьд эхний 40 орчим минут яг л зурагдсан пянз шиг байсан нь сэтгэлд хүрсэнгүй. Энэ нь магадгүй тээвэрлэлтийн алдаа байсныг үгүйсгэхгүй. Дуу оруулалт нь сайн болсон байсныг энд хэлэхгүй өнгөрч болохгүй, эргэн тойрон гээд бүх зүйлсийг сайн анхаарч хийсэн нь анзаарагдаж байлаа. Гол дүрүүд болон туслах дүрүүдийн уялдаа холбоо болоод жүжиглэлт итгэлтэй, сайн байсан ч киноны орчуулга болон зөв бичих дүрмийн алдаа гэх мэт харилцан ярианы текстийн хяналтын тал дээр олон алдаа гаргасан байсныг хэлэхгүй өнгөрч болохгүй нь.

Найз нөхөдтэйгөө, гэр бүлээрээ үзэхэд сонирхолтой кино боловч Мэтт Деймоны улаан фен л биш бол олон дахин үзээд байхаар гүн гүнзгий утгатай, хэдэн жил яригдах санаатай кино болж чадаагүй нь илт байлаа.

Нэг удаа "Бурхан хүний амьдралын 20 хувийг зурдаг,үлдсэн хувийг нь хүн өөрөө бүтээдэг" гэж дуулж байсан санаанд буулаа. Магадгүй бидний амьдралыг хэн нэгэн чиглүүлж өгч байдаг юм бил үү?

"Кино хүнийг бий болгдоггүй,кино хүнийг хөгжүүлдэг"

Шүүмжийг бичсэн: Билгүүн, Ану Харчу

No comments:

Post a Comment