Monday, February 28, 2011

Оскарын тухай зарим нэгэн юм ( Mazaalai's Personal Opinion )

Нэг ингэжээ. За яахав өнгөрсөн гэхдээ. Оскар болдог жамаараа болоод өнгөрөв өө. Kings Speech магадгүй сайн кану. Би өөрөө ч үзсэн сайн бүтээл болсон нь дамжиггүй. Бүтээсэн австраличууд нь Кино наадмуудын "Гадаад хэл дээрх номинацид" өрсөлдүүлэхгүй гэж Английн кану академийн нэрийн өмнөөс оруулж. Тэгснээрээ найруулагч болон оны кино мино гэх олон төрөлд өрсөлдөх боломжтой болж байгаа юм. Оскарын гадаад (англиас бусад) хэл дээрх киног татан хамруулдаг бүсэд нь Австралчууд багтдаг учир тэгсэн хэрэг л дээ. За за үүний нарийн учрыг сайн мэдэхгүй учир ингээд орхичие төвөг. Зөвхөн бусад буюу англиас өөр хэл дээрх гэсэн хувь тэнцүүлэх санаа агуулдаг номинацийн шагналыг баараггүй авах нь ойлгомжтой санагдаж, улмаар ганц номинацын уг шагнал хангалтгүй санагдсан хэрэг л дээ. Аргагүй бүтээлийнхээ хувьд ч "гадаад хэл дээрх" гэх ганц төрлийн номинацийн, ер нь Америкаас, Англиас бусад орны кино бүтээлийг товчхон авч хэлэлцдэг уг шагнал нь жижигдсэн хэрэг л дээ. Оскарын оны кануны хувьд ийм байж. Цааш нь юу гэхээр Оскарын шилдэг найруулагчид олгодог шагналыг нэг сайн ойлгодоггүй гэдгээ нуугаад яахав. Сүртэй түүх сөхөж, тэрийг тэгэж гомдоогоод тэгсэн ингэсэн гэсэн Оскарын гоморхлын түүхийг ойр үеийн түүхээс авч үзье. Алдарт Мартин Скорсэс гэх найруулагч 1970-аад оноос 2006 оныг хүртэл зүтгэж байж авсан шагналыг зарим нэгэн одтой, адтай, донжтой, бас мундаг гарууд эхнийхээ удаа нэр дэвшээд л хусчих юм. Өнгөрсөн оны болон энэ оны гэх мэт нөхөд. Мартин Скорсэсийн хувьд яагаад вэ гэвэл? 80 нас дөхөж явахад нь Дэпартад хэмээх канунд нь яаруу сандруу шахуу л шилдэг найруулагч хэмээх шагналыг өгч орхисон. Магадгүй 80 хүрч яваа энэ өвгөн нэг өдөр үхчихвэл уг шагналын нэр хүндэд муугаар нөлөөлнө гэж олны түрлэгээс айсандаа өгчихсөн нь тэр. Өмнөх үеийн ийм түүх хэд хэд бий. Үхсэн хойно нь элдэв шалдвийн хүндэтгэлийн гэх мэт алиа шагналаар доромжилдог хөгтэй явдлын сургамжаас үүдэн авсных нь таг хаагдахаас өмнө "биднийг энэ олон жил удаасанд уучлаарай" ухааны л юм болж байсан санагдана. Ер нь кино урлагт шагналын төлөө уралдах нь онц чухал хэрэг явдал биш ч хүний дотроо тээх хүлээлт гэж бий л дээ. Тойрон хүрээлэгчид нь чи гарцаагүй шагнал авна гээд л ам алдан цуваад байхаар өөрийн эрхгүй бага зэрэг найдвар цээжинд нь асаж, яг нэр дуудах мөчид багахан хэмжээний лугшилт зүрхэнд нь өгөх нь мэдээж. Энэ сэтгэлийн тамаас ангижирсан хүн манай гариг дээр хуруу дарам цөөн л болов уу. За энэ яахав гээд өнгөрсөн оны Оскар дээр Камеронд бас тийм мэдрэмж төрсөн нь эргэлзээгүй. Энэ оны оскарын хувьд бол Оны киногоо King Speech-д өгөөд, найруулагчаа арай өөр тийшээ онилох нь зүйтэй байсан болов уу. Хүн болгон Инсэпш, Хар хун гэж ам алдаад байхаар олны түрлэг дагаад хэт туйлширсан болчихвий гэсэндээ "арьсаа" боддог өвчин нь дийлж оны шилдгээ дагаад найруулгагч нь ч бас авах нь зүйтэй гэдэг бичигдээгүй хуулиндаа захирагдчихсан мэт санагдав. Хэт туйлшралаас зайлсхийж нухацтай хандах нь зүйн хэрэг мөн боловч хэр оновчтой онилдог нь зарим үед тун эргэлзээтэй. Өнгөрсөн оны үйл явдал мөн л ижил. Оны шилдгээ Аватарт, шилдэг найруулгаа Катринд? өгчихөд дүйцэх байсан мэт. Хүмүүсийн туйлширсан "COMMERCIAL" кино нь "бүтээл биш" харин сэтгэл зүйн, мэдрэл сэтгэцрүү халдаж байгаа цөөнхийн үнэлдэг зүйлийг бүтээл гээд байх нь хэт өрөөсгөл. Бас дэндүү өрөвдөлтэй хэрэг болно. Үгүйдээ гэхэд өнгөрсөн онд 2,7-н тэрбумын орлогыг нь хүндэтгээд Оны киногоо Аватар гээд зарлачихаж болох л байв. Учир юу гэвэл тухайн цэнхэр биетнүүдтэй харийнхний тухай киног дор хаяж нэг хүн хоер удаа үзсэн гээд бодохоор манай гариг дээрх 1 тэрбум гаруй хүн таалсан нь дамжиггүй хэрэг мөн. Гэтэл Оскар 1 тэрбум хүний хүсэл эрмэлзлийг хөнгөн хуумгай шийдвэр мэт үзэж, мөн цаашлаад Оскарын маань нэр хүнд уначихвий гэсэндээ албаар сөргүүлсэн нь түүх болоод л үлдсэн. Бусад төрлийн сайн киноны дэргэд Аватарыг харьцуулаад өөлж болох л. Технологи ашигласан байдал, ядаж л түүнийг бүтээхэд зарцуулсан цаг хугацааг нь үнэлэж болох л. Анзаарсанаар бол Оскарын шилдэг кинонууд нэгэн хүний намтар маягтай эсвэл хүн хоорондын адармаатай харилцааны асуудал, дайны сэдэвтэй бүтээлүүд давамгайлдаг. Уран зөгнөлт, шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийн бүтээлүүд төдийлөн тоогдож байсан нь цөөн. 90-ээд оноос өмнө (1982?) бүхэл бүтэн жил гаруй хугацаанд Америкийн бокс оффисийн жагсаалтанд тэргүүлж, дээд амжилт тогтоосон Спилбэргийн хар гаригийн амьтантай нөхөрлөдөг жаахан пацааны тухай киног бас нэрлэж болно. Магадгүй Камероны Аватарт шилдэг найруулга, мөн оны киног өгье гэхэд өмнөх үед техник,дүрслэл, дууны талын наминаацыг нь гардуулж байсан Спилбэргтэй тэнцэтгэсэн хэрэг байж болох. Гээд уран зөгнөлт, технологи талын кино үнэлдэггүй юм бол үүнийг хэрхэн үнэлмээр байна гэж Шиндлэрийн бүртгэлээ бүтээсэн байдаг ... ... Гээд элдэв янзын дэмий харьцуулалтаа өндөрлөөд Оскарын гэрэл гэгээ сайхан зүйлсийг дурьдвал Натал Портман гэх еврэй хүүхэн 1994 оноос хойш содон өвөрмөц дүрүүдээ чадварлаг бүтээж ирснийхээ хүчинд түүнийгээ үнэлүүлж чадлаа. Шилдэг эрэгтэй дүрд анхандаа эргэлзэж байсан боловч King Speech-ийг үзсэний дараа бодол маань өөрчлөгдсөн. Харин туслах эмэгтэй дүрд King Speech-ийн эмэгтэй дүр авах байх гэсэн боловч хэтэрхий туйшлралаас зайлсхийсан шийдвэр нь оносон. Туслах эрэгтэй дүрд онцын таамаггүй байсан учир шагнал эзнээ яг олсон эсэхийг мэдэхгүй. Хамгийн төгсгөлд нь гэхэд "Гадаад хэл дээрх кану наминацид" Biutiful, Dogtooth хоёрын аль нэг нь гэсэн болбочиг Даничууд энэ жил тухайн шагналыг авахыг хүссэн бололтойдог. За тэгээд бусад төрлүүд дээр эргэлзээд байх зүйл болсонгүй. Харин Пиксартай салам өрсөлдөх шинэ өрсөлдөгч хэрэгтэй байгаа мэт санагдах юм. Пиксар нэг юм хийлээ Оскар авлаа гэдэг уламжлал бараг тогтлоо шүү. За за дууслаа, тайвшрав. Аан нээрэн Том Хүүпэр гээд шилдэг найруулагчийн шагналын эзэн маань яван чангарч байгаа "залуу" найруулагчдын эгнээнд багтах нэгэн яах аргагүй мөн гэж тодотгох хэрэгтэй байх.

Written By Mazaalai Man

Friday, February 18, 2011

“Ногоон хэдгэнэ”

“Ногоон хэдгэнэ” киноны нээлт албан ёсоор 2011 оны 02 сарын 15-нд "Өргөө" кинотеатрт нээлтээ хийлээ. Монголын кино сонирхогч,шүүмжлэгчдийн холбооны залуус
нээлтийн ажиллагаанд эртнээс бэлтгэж, кинотой холбоотой богино хэмжээний үзүүлбэр толилуулсан нь олон ч үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн харагдаж байлаа..
Нээлтийг урьд, урьдынхаас илүү сонирхолтой хийхийг зорьсон залуусын хичээл, зүтгэл талаар өнгөрөлгүй, "Өргөө" кино театрт хүрэлцэн ирсэн холбооны гишүүд төдийгүй үзэгчдэд сэтгэгдэл төрүүлж чадсан. Ямартай ч дараачийн үйл ажиллагаанд энэ эрчээрээ шинийг эрэлхийлж, далайцтай сэтгэх юм бол бүр ихийг хийнэ гэдэгт итгэлтэй байна
"Ногоон хэдгэнэ" /Green Hornet/ киноны тухайд 1930-аад оны радио цуврал бөгөөд түүнээс хойш комик цуврал болон дэлгэцийн бүтээл хэлбэрээр гарч байсныг үзэгчид мэднэ.
"Ногоон хэдгэнэ" хийгдэж байгаа тухай яриа кино сонирхогчидийн дунд байсаар 2011 онд"Ногоон хэдгэнэ"-ий шинэ бүтээл дахин дэлгэцнээ амилж олон ч кинонд дурлагчидийн сэтгэлийг сэргээлээ.

Өмнө нь гарч байсан ангиудаас хамгийн нэр хүндтэй 1966 онд George W.Trendel найруулж Britt Reid /Van Williams/,Kato /Bruce Lee/ дүрүүдийг амилуулж байсан гэдэг.
Харин шинэчилсэн уг хувилбарыг 2011 онд Францын найруулагч Michel Gondry найруулагчаар нь ажиллаж Britt Reid /Seth Rogen/,Kato /Jay Chou/,Lenore Case /Cameron Diaz/ ,James Reid /Tom Wilkonson/,Mike Axford /Edward James Olmos/,Chudnovsky or Bloodnovsky /Christoph Waltz/ нар гол дүрүүдийг бүтээсэн байна. Seth Rogen телевизийн цувралууд болон инээдмийн кинонд түлхүү тоглохын зэрэгцээ цөөнгүй хүүхэлдэйн кинонд дуу оруулж байсан билээ. Хэдгэнийн хамтрагч Катогийн дүрийг Тайванийн дуучин, жүжигчин Jay Chou бүтээжээ. Гурван настайгаасаа төгөлдөр хуур тоглож, цаашлаад ая зохион, дууны үг бичиж, 2000 оноос эхлэн жил алгасалгүй 9 цомог гаргасан гээд түүний намтар тун ч сонирхолтой. Тэгвэл Jay Chou жүжигчний замналаа 2003 онд эхлүүлсэн билээ. Улмаар өөрөө кино найруулж "Secret" бүтээлээрээ үзэгчдэд бэлэг барьсан. Баттай мэдээлэл биш ч, энэ онд "Secret"-ийн хоёрдугаар анги дэлгэцэнд амилна гэсэн.

Киноны эхлэл хэсэг James Reid алагдаж Britt Reid аавынхаа үүсгэн байгуулсан Daily Sentinental компанийг өвлөж байгаагаар эхлэж,Britt Kato-тай уулзаж байгаагаар өрнөдөг.Britt тойргийн шүүгч Scanlon-той рестаронд уулзахдаа James Reid-г Scanlon алсан болон Chudnovsky/Bloodnovsky-тай гэрээ байгуулан L.A-г гэмт хэргийн ертөнц болгож байгааг ойлгодог нь киноны зангилааг тайлж өгдөг.Киноны төгсгөлд Chudnovsky-г Като алж,Scanlon-г байшингийн 15 давхараас мөргөн унагаж байгаагаар төгсдөг.

Тулаантай хэсгүүд нь зарим талаараа хэт үлгэрийн мэт санагдаж байсныг өгүүлэхгүй байхын аргагүй.Britt аавынхаа хөшөөний толгойг салгаж аван зугтаж байхад камерт бичигдсэн ч Kato бичигддэггүй,учир нь түүний хөдөлгөөн камерт бичигдэхээр гүй хурдан байсан учраас.

Kato-гийн бүтээсэн Black Beauty,Gas Gun гээд л техникийн гайхалтай бүтээлүүдийг өгүүлэхгүй байхын аргагүй.Магадгүй хэдхэн жилийн дараа бидний төсөөлж байсан дүрслэлүүд амьдрал дээр бий болохыг үгүйсгэхгүй.Хүн авьяасаа хөгжүүлж байхыг ч Kato-гийн дүрээр харуулж өгсөн.

Киноны аль ч хэсэгт хөгжилтэй явдлууд гол дүрийн хоёрт тохиолддог нь кино үзэж байгаа үзэгчдийг уйдахааргүй.Britt аливаа юманд хөнгөн хуумгай ханддаг бол Kato бүх зүйлд хянамгай хандаж бас түүний техник сэтгэлгээ нь киног улам бүр чимж байлаа."Ногоон хэдгэнэ" кино 3д-р хийгдсэн ба шилний бутарч байгаа болон,гал дүрэлзэн асч байгаа зэрэг олон хэсгүүд нь үнэхээрийн сайн болсон ба ялгарал нь үнэхээр гайхалтай харагдаж байлаа.
Киног агуулгын хувьд дүгнэвэл адал явдалт-инээдмийн кино тул хөнгөн инээд, болон сонирхолтой "тулаант" хэсэг ихтэй. Мөн гурван хэмжээст зураглал нь урьдны кинонуудыг бодвол арай илүү нь мэдрэгдэж байсан. Гэхдээ мэдээж "Resident Evil"-ийг гүйцэхгүй гэдэгтэй фанатууд санал нэгтэй байв.Ер нь энэ кино хийцийн хувьд дажгүй болсон бөгөөд, санаа нь шалихгүй мэт боловч, цааш бодвол хүн төрөлхтний мөнхөд үнэлсээр ирсэн шударга ёс, сайн сайхны төлөөх тэмцлийг харуулсан ажээ.

"Кино хүнийг бий болгодоггүй,кино хүнийг хөгжүүлдэг."
Бичсэн Хулан, Билгүүн

Saturday, February 5, 2011

Монголын кино урлаг: Миний нүдээр

2 жилийн дотор монголын кино урлаг өсрөнгүй хөгжөөгүй ч хийгдсэн киноны тоо асар хурдан өссөн, эхэн үед хийгдэж байсан кинонууд зохиолдоо анхаарсан мөн мэргэжлийн болон чадварлаг жүжигчдийг гол дүрээр сонгодог байсан нь монголын кино урлаг хөгжих итгэл найдварыг төрүүлж байлаа. Боолын гэрээ, Ахан дүүс, Төрийн дайсан, Нянгар хаданд гарсан нь, Зөрлөг, Ийм нэгэн дурлал, Помогите нам гэх мэт эхэн үеийн сайн гэж хэлж болохуйц жүжигчдийн багыг бүрдүүлсэн кинонуудыг нэрлэж болно. Энд зөвхөн кино жүжигчдийн сонголтын талаар ярьж байгааг сануулая.

Гэтэл удсан ч үгүй өнөө холливуудын өвчинөөр өвчилж хуулбар зохиолтой, комеди голлосон, алдартнуудаар нүүр тахалсан ядмагхан маркетингтай кинонуудаар бөмбөгдөх нь тэр.

Дурьдвал: Би чамд хайртай 2 /Сайн киноны нэр барив/, Татар ажиллагаа /адал явдалт, триллер кино гэж мунхруулав/, 1000000 километр /Цэвэр хуулбар/ , Хайрын рекорд /Нэр нь кинотойгоо наалдаагүй , зохиол болон тавилт хэт хуурмаг, бодит байдалаас хөндий/  , Элсний нүүдэл ( Монгол миссүүдийн цуглаан )

гэх мэт кинонууд цуврасаар л үүн дээр нэмээд болсон болоогүй хошин урлагын сайчуул маань кино урлагт хүч үзсээр л, нэг оройн хошин тоглолтын ганц номерийг сунгаад тавьчихсан гэмээр тэдний кинонуудыг юу ч гэмээр юм, хошин урлагыхан маань ард түмэндээ егөөдсөн хошин тоглолтоо амьдаар хийгээд л явж байгаа нь бидэндээ таалагддаг шүүдээ.

Цаашдаа монголын кино урлаг дэлхийн төвшин гарахад доорх зүйлс зайлшгүй гэж үзэж байна:

Ихийг хаяж ихийг олох боломжыг олж харахуйц туршлагатай кинонд элэгтэй Продюсер (Гадны байвал зүгээр) , Судалгаа болон pre-production (Өмнөх бэлтгэл) -д найруулагчид илүүтэй цаг хөрөнгө зарах, Киноны маркетингийг (post production) ил тод урт хугацаанд хийх (ил тод байж чадахгүй байгаа нь киноныхоо чанараас айсан хэрэг л дээ) , Кино шүүмжлэгч , тоймчдыг дэмжих, бодитой үнэлэмж шүүмжийг хүлээж авах.

Мөн эргээд олох ашиг орлоготоо хэт анхаарч кино хийдэг нь харамсалтай, гэхдээ буруутгах ч боломжгүй юмдаа, кино урлаг бол нэг талаараа бизнес , гэхдээ кинонд дуртай мэргэжилдээ үнэнч хүн бол урлаг , мөнгө хоёрыг аль алиныг нь хийж олж чаддаг гэж боддог.

 

Эх сурвалж - Blog

Бичсэн -  Boldbaatar Gankhuyag, MMF Admin

 

 

Wednesday, January 5, 2011

Tron Legacy ( Review by MMF )

Joseph Kosinki - гийн найруулсан Tron -ний хоёрдугаар анги болох Tron:Legacy Өргөө болон Тэнгис кинотеатруудад 2011 оны 01 сарын 01-ны өдөр нээлтээ хийлээ.Уг кино маань 1982 онд хийгдсэн зөгнөлт Трон киноны үргэлжлэл юм.Кино нийт 1 цаг 30 минут гарах бөгөөд гол дүрүүдэд Kevin Flynn and Clu /Jeff Bridges/, Sam /Garrett Hedlund/, Quorra /Olivia Wilde/,Alan Bradley /Bruce Boxleitner/,Castor and Zuse /Micheal Sheen/,Gem /Beau Garrett/ ,Rinzler /Anis Cheraurfa/ нар тоглосон бол компьютерын компаны CEO Кevin Flynn, түүний хуулбар болсон Жефф Брижесийн компьютераар залуужуулсан хувилбар болох Clu, Кевины хүү Sam нар уг киноны онцлох дүрүүд байлаа.

Кино эхлэхдээ Кевин Флинн хүү Сем-дээ Трон-ы талаар ярьж өгөн,хүүдээ Троныг үзүүлэхээ амлаад 25 цент үлдээгээд явах бөгөөд тэр орой эцэг нь сураггүй алга болж Семийн амьдрал орвонгоороо эргэнэ.Эмээ,өвөөгийндөө хэсэг амьдрах ч тэндээсээ зугтддаг.Эцэг нь алга болсоноос хойш 20 жил өнгөрч Сем 27 настай болсон байлаа.Кевиний үүсгэн байгуулсан Инком /Encom/ компани ашиг хайсан хүний гарт орсон байх агаад Сем үүний эсрэг байдаг.Трон бол хүн бүрийн тоглох учиртай тоглоом гэж үздэг бөгөөд Семийн явуулсан бяцхан ажиллагаа /операци/ амжилттай болж ҮС-12-г интернетээр цацдаг.Үүнийхээ төлөө саатуулагдсаны дараа харихад нь урилгагүй нэгэн зочин,Мервин хоёр угтан авна.Урилгагүй зочин нь эцгийнх нь найз,Инкомийг хамт үүсгэн байгуулалцсан Алан байдаг.Алан нэгэн хачирхалтай мэдээ дуулгадаг бөгөөд Семийг очиж шалгахыг зөвлөдөг.Ингээд Сем,Аланы хэлсэн газар ирэх бөгөөд өрөөтэй тоглоомууд дунд байх Троны ард нууц өрөө байхыг мэдээд дотогш нэвтрэхэд 20 жилийн тоосонд дарагдсан компьютерийн лабортори байдаг.Сем санаандгүй байдлаар нэгэн төхөөрөмж ажиллуулах бөгөөд тэр нь түүнийг Тронд оруулдаг. Кевиний ертөнцөд орж ирснээр хүн болгоны тэсэн хүлээж байсан визуал гайхамшиг эхэлнэ.Харин киноны өрнөл хэсэг Сем,Клю-тэй уралдааны тэмцээнд оролцдогоор эхлэх бөгөөд уралдааны дундаас аавынх нь туслах Куорратай танилцаж тэндээсээ зугтаж аавтайгаа уулзаж ганц асуулт асуудаг. Кевин төгс ертөнцийг бүтээхээр өөрийн гэсэн дижитал ертөнц үүсгэсэн боловч өөрийнх нь төгс ертөнцийг бүтээгч програм Клү удирдлагаас нь гарна. Ингэснээр Кевин яах аргагүй зугатах хэрэгтэй болдог бөгөөд түүнийг хамгаалж байсан Троныг ч алдана. Кевин дижитал ертөнцөөс гарч чадалгүй аль хэдийн 20 жилийг хэрхэн Тронд өнгөрөөсөнийг хүүдээ ярьдаг.Киноны өрнөл хэсгүүд нь үзэгчидийг уйдахааргүй ба санаанд оромгүй гэнэтийн үйл явдалуудаар дүүрэн.Киноны тайлал хэсэг Кевин Трон дотор орших хотод нэвтэрсэн цагаас эхэлдэг бол бүх зангилаа нь Куорра байдаг бөгөөд Куорра бол хамгийн сүүлчийн ISO байдагтай холбоотой.Харин киноны төгсгөл Троноос гарах хаалган дээр болох тулаануудаар өрнөж,Кевин Флинн Клю-тэй өөрийгөө нэгтгэн гаргасан алдаагаа зассанаар кино ерөнхийдөө төгсдөг.

Кино бага зэрэг сулхан болсон мэт санагдлаа.Кинонд гарч байгаа үзэгдэлүүд ихэвчлэн тайлбарлаж,дүгнэсэн шинжтэйгээс кино мөн сунжрах тал руугаа болсон.Мөн кино үзээд дууссаны дараа үзэгчидийн санал бодлыг сонсож байхад нэг зүйл дутагдаад байна гэх үгийг хэд хэд сонслоо,дахин эргэн киноны үйл явцыг эргэн бодоход үнэхээр тийм ч юм шиг санагдлаа. Нөгөө талаасаа ТРОН: Залгамжлал визуал эффектээрээ хүмүүсийн таашаалд өндөр хүрч байгаа ч илүү зүрх сэтгэл дутагдсан гэдэг нь мэдэгдэж байсан. Сем 20 жил уулзаагүй эцэгтэйгээ уулзаж байгаа ч тэр драма киноны туршид харагдалгүй тэр нь зүгээр л киноны түүх үргэлжлүүлэх үндэс болсноор биш түүний зорилго эсвэл субьект нь болж чадаагүй.

Миний хувьд киноны хамгийн сонирхолтой хэсэг нар манддаг тэр хэсэгхэн кадр байлаа.Бид анзаардаггүй болохоос бидний эргэн тойрон гайхамшиг хүрээлэн байдаг аж. Зөвхөн нүдээр үзээд зогсохгүй чихээр сонсдогоос soundtrack-уудын хувьд сайн болсон,үйл явдалтайгаа маш зохицож үзэгчидийг кинонд бүрэн уусгаж өгч байсан. Олон талаас олон хөгжимчидын дууг биш зөвхөн Дафт Панк –ын дуунуудыг ашигласан нь үүнтэй холбоотой байх.

Хэдхэн жилийн өмнө л боломжгүй байсан компьютер эффектүүд одоо бидний гар дээр магадгүй нүдэнд хүрч байгаа нь гайхалтай байсан бөгөөд эдгээр дундаас хамгийн сонирхолтой нь Жефф Брижесийн 30 настай болтол нь залуужуулж Клүгийн дүрийг хийсэн нь нэг талаасаа зарим хүмүүст энэ хэсгүүдийг 1980аад онд авсан юм болов уу гэж асуухад ч хүрэхээр байлаа. Иймээс Клү Кевин хоёрын тулалдах хэсэг нь хэнд ч үзэхэд сонирхолтой харагдах байх.Хүн төгс зүйл рүү тэмүүлдэг харин бид өөрсдийнхөө эргэн тойронд байдаг төгс зүйлсийг анзаардаггүй энэ л найруулагчийн харуулахыг зорьсон сэдэв байх.

Бичсэн: Ану Харчу , Билгүүн ( MMF Review Team 2 )

Кино тойм нь Mongolian Movie Fanatcs -ийн өмч бөгөөд, зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлахыг хориглоно.

( CEO & President of Монголын Кино Сонирхогч, Шүүмжлэгчдийн холбоо )  

Монголын Кино сонирхогч, шүүмжлэгчдийн холбоо (2010)

Monday, January 3, 2011

Tron Legacy ( by Shirako )

2011 оны хамгийн анхны кино Tron Legacy байлаа. Киноны талаарх товч мэдээлэл:
Энэ хүү кино нь урд өмнө дэлгэцийн түүхэнд гарч байгаагүй 3D технилогийн адал явдалд дижитал ертөнц үүсгэн гаргасанд оршино.
Sam Flynn гэгч технологийн агуу зохион бүтээгч түүний 27н настай хүү болон Kevin Flynn аавынхаа алга болсон шаалтгааныг хайж байхдаа үедээ Tron гэгч аавынх нь сүүлийн 25-н жил амьдарсан дижитал ертөнцөд ордог билээ. Аавынх үнэнч хамгаалагч Quorra, Kevin эцгийн хамт амь өрссөн аялалд гаран гайхамшигт кибер ертөцөөс зугтах гэж явах бөгөөд энэ нь төсөөлснөөс ч хол давсан аюултай орчин байдаг билээ.

Миний сэтгэгдэлийн хувьд:
Найруулагч үнэхээр гайхалтай кино бүтээсэн нь үнэн байнаа. Дижитал ертөнцийг өнөөгийн техник технологийн хүчийг ашиглан үзэгчид бидэнд гайхалтай мэдрүүлж чадхууц гаргаж өгсөнд баярлаж байна. Гол дүрийн жүжигчдийн хувьд гол дүр болох Sam Flynn - ийн дүрд Garret Hedlund тоглосон нь маш оновчтой сонголт болсон санагдсан, өөр нэгэн гол дүрийн нэг болох Kevin Flynn - ний дүрд Jeff Bridges - ийг тоглуулсанд мөн л оновчтой сонголт болсон ер нь дүрүүдийн сонгол маш гайхалтай зөв болсон гэж бодогдсон. Movie Score = Daft Punk дууг нь хийсэн энэ бол үнэхээр нүдээ олсон хэрэг болсон өөр ямар нэгэн хамтлаг дуучид мөн хөгжмийн зохиолчдоор хийлгэсэн бол киногоо бас жаахан дарх л байсан боловуу гэж сэтгэгдэл төрсөн. Сэтгүүлч найруулагчаас "Why he decided to have Daft Punk do the film score, he replied, "How could you not at least go to those guys?" via Wikipedia" гэсэн хариулт өгсөн байсан.
За ингээд миний бодлоор бол дуу сайхан дижитал ертөнцийг гаргасан анхны кино гэдэг утгаараа маш өндөр сэтгэгдэлтэй үлдэж байна. Нэг юманд заавал таалж нэг талаас нь таалахгүй зүйл гарч ирдгээс хойш. Надад нэг л зүйл таалагдсангүй ээ гэж! Үйл явдлуудыг их хассан санагдсан өрнөл жаахан багатай санагдлаа. 1982 оны анхны хувилбар нь бол үнэхээр их юм үгүүлж чаддаг байгаа шүүдээ гайхалтай зүйлийг харуулах дээрээ анхаараад үгүүлэмж дээрээ алдсан юмуудаа гэж санагдлаа.
Миний өөрийн хувьд 6.9/10 гэсэн оноог өгхөд болох боловуу гэж бодлоо!

Source

Monday, December 27, 2010

Burlesque (Review)

 

Америкийн жүжигчин, кино зохиолч, найруулагч Steve Antin-ны зохиож найруулсан, Cher, Christina Aguilera нарын томоохон уран бүтээлчдийн гол дүрийг амилуулсан Burlesque(2010) мюзикал кино анх нээлтээ хийсэн өдрөө (11 сарын 24) л гэхэд 2.86 сая долларын орлого олж, өнөөг хүртэл Box Office-н жагсаалтын тэргүүн эгнээн дэх байраа хадгалсаар байна.

Дуу болон бүжгийн зохицол, эдгээрийг мэдэрч уусаж чин сэтгэлээсээ тэмүүлж байгаа нэгэн бүсгүй өөрийн ирээдүйн замналын талаар мөрөөдөн байгаагаар кино эхэлнэ.
Хөдөөгийн нэгэн жижиг хотод зөөгч хийдэг Ali Rose бүсгүй нэг л өдөр өөрийн авьяас, урлагийн хүн болох мөрөөдөл хоёртоо хөтлөгдөн ажлаа орхиж, орой үдэш гэртээ ганцаараа дуулж бүжиглэхээс залхсан бүсгүй автобусанд суун их хотыг зорин одно.

Лос Анжлест ирснээр дуучин, бүжигчин авах ажлын зарын дагуу олон клубуудээр явсан ч өөрийн зөв совингоо дагаж "Burlesque Lounge" хэмээх клубт ажиллахаар шийдэж, зөөгчөөр орно. Хүн өөрийн хүсэж тэмүүлж буй зүйлдээ тууштай үнэнчээр зүтгэж, замд тулгарах саад бэрхшээлээс огтхон эмээлгүй тэмцсэний эцэст амжилт олдог нь гарцаагүй мэт. Та киноноос үүнийг мэдрэх болно. Харин түүний хурдтай дэвшиж байгаад, мөн өөрийх нь байр суурийг эзэлж байна хэмээн атаархах Nikki хэмээх бүсгүй түүний үзүүлбэр дээрх хөгжмийг таслахад өөрийн жинхэнэ дуу хоолойгоор дуулж, бүхнийг алмайруулна. Анх ажилд ор ий гэхэд нь хэн ч түүнийг тоохгүйгээр үл барам огт зөвшөөрөхгүй байхад Али зөөгчөөс нь эхлээд чин сэтгэлээсээ ажиллах хугацаандаа тайзан дээр болж буй бүжгийн бүхий л хөдөлгөөнийг гайхалтай сайн тогтоож чадсаныгаа нэгэн удаагийн шалгаруулалтан дээр харуулж зөөгч биш бүжигчин болж улмаар Nikki гийн хорон санааны ачаар техник хэрэгсэлгүй цэвэр өөрийн хоолойгоор дууж олныг бишрүүрсэн нь бас гайхалтай.  Ali тань мэдэхгүй газар ирээд урьд нь ажиллаж цуглуулсан хэдэн мөнгөө хулгайд алдсан ч гэсэн сайхан сэтгэлт Жек ийн гэрт толгой хорогдох болсноор тэдний хооронд нэгэн үл мэдэгдэх холбоо үүсэх аж. Өр авлагын асуудлуудаас болж өөрийн клубийг алдах аюулын ирмэгт тулаад байсан Tess-ийн хувьд Ali-гийн дуулах чадвар цорын ганц авралын од нь болно...

Мөрөөдөл рүүгээ хүсэн тэмүүлж түүнийхээ төлөө хөдөлмөрлөн хүссэн ажилтандаа хүрч болдгийг алдар нэр, эд баялгаас илүүтэйгээр нөхөрлөл, итгэлцэл, хайр сэтгэл үнэ цэнэтэй зүйл гэдгийг уг кино ойлгуулахыг зорьжээ.

Ali, Jack хоёр мотоциклоор хурдлан давхиж байх үед Ali-гийн алчуур хийсэн хоцорч байгаа хэсэг нь Ali-гийн амьдралын "эрчээ авсан" үеийг төлөөлж, хуучин амьдрал нь тэр алчуур мэт хоцорч байгааг илэрхийлж байгаа ба найруулагч уг киноны өчүүхэн нарийн жижиг хэсгүүд дээр ч анхаарч ажилласан болох нь харагдана.

Кинонууд дээр тэр бүр хөндөөд байдаггүй сэдэв болох ижил хүйстэн бэлгийн чиг хандлагын талаар цөөнгүй кадр, текстүүдийг оруулж өгсөн нь найруулагч өөрөө ийм чиг хандлагатай хүн гэдэг зүгээс үзэгчдэд "Энэ талаар сөрөг бодолтой байдаг бол энэ талаар дахин бодож үзээрэй" гэсэн санааг харуулахыг зорьсон болов уу.

Мюзикл гэдэг утгаараа олон тооны бүжиг, дуу, хөгжмийн найруулгуудаар "бөмбөгдсөн" бүтээл болсон ба киноны soundtrack-т орсон 10 дууны 8-ыг Christina Aguilera, 2 дууг Cher дуулж хүргэжээ. Хэрэв та мюзикл төрлийн киног сонирхдоггүй байсан ч энэ киноны дуу хөгжмүүд таныг өөрийн эрхгүй дуу хөгжим, мюзиклд дуртай болгохоор бүтээл болж чаджээ.

Өөрийн хүсэл мөрөөдөлдөө итгэлгүй хүн байсан хүн анхны хөөлтөөр л тэндээс гараад явчих байсан биз. Харин жинхэнэ мятаршгүй зүтгэж байж, нэр алдрын оргилд тийм ч амархан хүргэдгүй гэдгийг та тухлан сууж киноноосоо үзнэ үү.

 Бичсэн:  Ганхүүгийн Эрдэнэбаатар  , Батжаргалын Гансүх   ( MMF Review Team 1 )

Кино тойм нь   Mongolian Movie Fanatcs   -ийн өмч бөгөөд, зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлахыг хориглоно. (MMF Admin)  

Монголын Кино сонирхогчдын холбоо (2010)