Showing posts with label critique. Show all posts
Showing posts with label critique. Show all posts

Friday, April 6, 2012

Долоон бурхан харвадаггүй - Кино Тойм

Нэг удаа надад "Долоон бурхан харвадаггүй" киноны найруулагч болон Монголын кино сонирхогчидтой хамт суун уг киног шимтэн үзэх мөн түүнчлэн киноны өмнө болон дараа нь уран бүтээлчидтэй чөлөөт ярилцлага өрнүүлэх боломж олдсон юм.

7
Уг кино анхны долоогийн тухай түүхэн уран сайхны кино гэж ойлгох нь зөв. Кино нийт 143 минут үргэлжлэх бөгөөд үзэж суусан миний хувьд киног баримтат киногоор хийсэн бол илүү сайн болох байсан болов уу гэсэн бодол төрж байсан.Энэ талаар найруулагчаас асуухад " ... Миний хувьд найруулагчаар ажиллаж байгаа анхны бүтээл юм.Учир дутагдалтай зүйл байсныг үгүйсгэхгүй ..." хэмээж байсан.Кинонд тоглосон гол дүрүүдийн сонголтыг өөлөх зүйлгүй сайн хийсэн байлаа. Найруулагч ч гэсэн "... дүр сонголт дээр бид их анхаарсан.Их бодож байж дүрүүдийг хуваарилсан" гэж байсан.

Зарим үед гол дүрүүдийг анхааралтай харвал амьдрал дээрхи дүр төрх нь үнэхээр мөн юм шиг санагдаж байсан юм.Хэдийгээр зургийг нь харж байсан ч.Дүр бүхэн өөрсдийн төрхийг бүрэн дүүрэн илэрхийлж байсан бөгөөд энд нүүр хувиргалтын багийг сайшаах нь зүйтэй.Ядарсан,цонхигор гээд л орчинд нь уусгаж нүүр хувиргалт хийж үнэхээр чадсан байлаа. Киног чимж байсан бас нэг зүйл бол "ая"-нууд байлаа.Үзэгдэл бүрт тохирсон аялгуу эгшиглэх бөгөөд хамгийн гайхалтай тохирсон аялгуу нь, Эрхүү хотод сурахаар үлдсэн Чойбалсан тариан талбай дундуур алхах үед "Ой, да не вечер" дууг сонгосон нь Орос үндэстний амьдрал нүдэнд төсөөлөгдөж байсан бол Догсом насан эцэслэх үед Монгол аялгуу эгшиглэн дуулж эхлэх бөгөөд дээлээ өмсөн талд морьтой явсаар Сүхбаатар, Чойбалсан, Чагдаржав, Бодоо, Лосол, Данзан нартай нийлэх энэхэн мөчид Монгол хүн морин дэлэн дээр төрж, морин дэлэн дээр төрөлх нутгийнхаа үзэсгэлэн гоог бахдан өөд болдог гэсэн үг бодогдож байлаа.

Монгол кино бүрт түгээмэл тохиолддог бараг номер нэг гэмээр болсон алдаа бол олныг хамарсан үзэгдэл юм.Дэлгэцийн нэг талд гол дүрүүд үхэл амьдралын зааг дээр тулалдаж, тэмцэж байхад цаана нь дэмий сэлгүүцэн алхах нэгэн дүр хэд хэдэн удаа харагдлаа.Энэ байдал нь Хиагт хотын тулаан дээр илүү тод харагдаж байлаа.Найруулагч "... мэдээж цэргийн зөвлөх кинонд байсан." гэж байсан ч тулаан болоод зэр зэвсэг нь зарим талаар киноны утгыг алдагдуулсан мэт. Хиагт хотын тулаанд их бууны тийрэлт, револьвер бууны оронд маузер, сууринд шатан суунаглах утаа гурав зэрэг зүйлс байлаа. Гэхдээ эдгээр нь алхам тутам хөгжиж буй монголын кино урлагт байх өчүүхэн алдааны нэг юм.

Хасалт хийгээгүй анхны хувилбараар кино нийт 240 минут болж байсан гэж найруулагч бидэнтэй хууч хөөрсөн юм. Магадгүй кино ДВД форматаар гарах цагт бүрэн эхээр нь дахин үзэж харьцуулах боломжтой болох бизээ.

Киногоо үзэж дуусах мөчид нэг зүйл эргэлзээтэй үлдлээ. Хиагт хотын тулаан ухран зугатаж байсан цэргийг тосож байлдсан дөрөвдүгээр хороо бут цохигдлоо, нэг ч хүн амьд үлдсэнгүй гэж Гарам Сүхбаатарт хэлсэн боловч, уг тулаанд 17 настай тулалдаж байсан Шагдар Намын Төв Хорооны Нэгдүгээр Нарийн Бичгийн Дарга Чойбалсангийн туслах болсон байхыг анзаарлаа. Энэ талаар найруулагчаас асуухад "... 4000 гаран Гамингийн эсрэг 400 Монгол цэрэг байлдсан.Энэ тулаанд олон хүнээ алдсан ч, Гамингийн цэргийг хэсэгчлэн бүлэглэн устгаж сүүлийн 800 цэргийн Говь-Алтай-д бүсэлж устгасан." хэмээв.

Сүүлийн хориод жилийн турш Монголын кино урлагт бүтээгдсэн түүхэн кинонууд хуруу дарам цөөн байгаа билээ.Бид хэдий түүхээрээ бахархах боловч түүхээ тийм ч сайн мэдэхгүй байгаа билээ. Магадгүй цаг ирэх тутам түүх, соёлоо бага багаар мартагнаж байгаа ч юм бил үү? Миний өмнө нь уншиж байгаагүй түүхэн үйл явдлууд уг кинонд гарсаныг олзуурхан үзлээ.

"Өнгөрсөн үеэ мэдэхгүйгээр, Ирээдүйгээ төсөөлөх аргагүй ..." /Инжинаш/

"Кино хүнийг бий болгодоггүй, Кино хүнийг хагжүүлдэг"

Эх сурвалж: Монголын Кино Сонирхогч, Шүүмжлэгчдийн холбоо - Билгүүн

Sunday, October 31, 2010

“Помагите нам-2” (MMF review by Odgerel Doljin)

Монголын кино сонирхочдын клубын энэ удаагийн уулзалт Монгол кинонд зориулагдсан байснаараа өмнө нь зохиогдож байсан уулзалтуудаас онцгой байлаа. Товолсон цагаасаа багагүй орой эхэлсэн ч удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Помагите нам-2” киноны анхны үзэгчдийн нэг болсондоо сэтгэл хангалуун байлаа.

Өмнөх анги дээр сайн муугаа үзэлцэн хэсэг үеийг хамт туулсан наймаачид  хувь заяаны шоглоомоор дахин уулзацгааснаар кино эхэлнэ. Наймаанд явж байсан 90-ээд оноос хойш 20 хэдэн жил чилийтэл өнгөрсөн тул дүр болгоны нийгэмд эзлэх байр сууриас авхуулаад итгэл үнэмшилд хүртэл ихээхэн өөрчлөлт гарсан байна. Шинэ сонирхотой дүрүүд ч бас нэмэгдсэн байсныг дурдах нь зүйтэй болов уу.

Одоо кино театруудаар гарч байгаа “Татар ажиллагаа”-нд дутуудсан утга санаа гэгч зүйл энэ кинонд тод томруун байгаа нь сайшаалтай. Нэг онгоцонд яваа өөр өөр үзэл бодолтой 13-хан зорчигч боловч эдгээр дүрүүдээр өнөөгийн нийгмийн өнгө төрх, шунал, хүний амьдралын маргашгүй үнэн болох үхэх төрөх агшинд хүн гэдэг амьтан бие биенээсээ ялгарах зүйлгүй болдог гэдгийг хөгжөөн наргиан, хөнгөн гуниг хоёроор чамлалтгүйгээр харуулж  чадсан байна.

Хөгжмийн зохиолын хувьд бидний хар багаасаа сонсож өссөн бүүвэйн дууны аяыг киноны өнгө аясад тохируулан найруулж эвлэг ашиглаж чадсан нь чихэнд наалдацтай илүү дотно сэтгэгдэл төрүүлж байлаа.

Сэтгэлд нийцтэй зүйлс байхын хажуугаар шүүмжлэхгүй өнгөрч боломгүй хэдэн зүйл нүдний үзүүрт булталзаж байсныг дурдахгүй өнгөрч боломгүй санагдлаа. Онгоц сүйрч элсэнд шигдэж байгаа хэсэг ерөнхийдөө манайхныг компьютер график гэдэг юмыг улам сайжруулан судлах хэрэгтэй болохыг сануулж байх шиг. Мөн юу ч ярьдаггүй хоёр загвар өмсөгч хүүхэн байна, бодвол онгоц сүйрч гүн шоконд ороод ярих чадвараа алдсан байх.

Энэ мэт алдаа байгаа боловч дараа дараагийн уран бүтээлүүд улам боловсронгуй сэтгэлд үлдэцтэй болно гэдэг юу юунаас илүүтэйгээр итгэж байгаа бөгөөд миний хувьд 10-аас 7 гэсэн үнэлгээг өгч байна.

 

Wednesday, September 1, 2010

Солт ( Salt ) киноны шүүмж (Critique) #1


Би Солт -ыг нилээн удаан хүлээсэн юм. Мэдээж хэрэг яригдаж эхэлснээс нь хойш гэж хэлэхгүй ээ. Ямартай ч IMDB.com -д анхны постер нь тавигдахад шууд л үзмээр санагдаж билээ. "Angelina Jolie Wanted дээр ямар гоё байлаа даа. Энэ удаад тэр өөрөө тэр төрлийнхөө кинонд гол дүрд нь тоглох нь байна ш дээ" гээд л догдолж алдсан. LOL

Солт-ын дүрийг бүтээлгэхээр анхандаа Tom Cruise-д санал тавьсан гэдгийг нь уншаад бүр гоё санагдлаа. "Энэ дүр ч эмэгтэй хүн гэдэг талаас нь харуулаад зогсохгүй, эр хүн шиг байх аюулгүй албаны ажилтаныг харуулах нь ээ" гээд л их л шимтлээ.

Ингэж байж нэг хүлээсэн өдөр ирдэг юм байжээ. Солт-ын нээлтэн дээр яаж байж суух газраа олох вэ дээ? Дээд давхарт хүлээж байхдаа хоёр охин хоорондоо киноны утга агуулгыг ярилцаж байхыг хальт сонслоо:

"-Солт-ыг Оросын тагнуул гээд, тэгээд Солт зугатаад... Тэх Angelina Jolie -ын нэр нь Эвелин Солт байхгүй юу."
" -Холливуд нээрээ хурдан юм аа. АНУ-д байгаа Оросын тагнуул байж болзошгүй гэр бүл гээд л цуу дэгдээд эхлэнгүүт тэрүүгээр нь кино хийчих юм."

Гэрэл унтарсан, кино эхэлсэн. (Би хэдэн минут хоцорсон болохоор яг яасныг мэдэхгүй. Гэхдээ л их гоё байсан гэдэгт итгэлтэй байна.) OMG (Би атейст), гайхалтай. Тэнэг болтлоо хүлээсэн минь талаар өнгөрөөгүй шүү.

Киноны эхний гуравны нэгд нь хэн нь хэнийхээ талд ороод байгаа нь мэдэгдэхгүй өнгөрсөн. Орлов зугатаад л, Солт нөхрөө хайгаад л, Солтын араас CIA (FBI ч билүү) хөөгөөд л, тэдний араас Ted Winter (хөгжилтэйгөөр харах юм бол Өвлийн Чихмэл Баавгай) Солт-ыг өмгөөлөөд л... Нэг бодлын хөгжилтэй.

Дараагийн гуравны нэгд Солтын юу хийгээд байгаад нь итгэхгүй алмайраад л... Би арай төвөгтэй, өөр юм хүлээж байлаа. Ахиад ямар нэгэн нууц тайлагдах гэж байгаа юм шиг. Тэрийг нь олох гэж үйлдэл болгоныг нь ажиглаад л...

Сүүлийн гуравны нэгт Солтыг эцсийн даалгавараа хэрхэн биелүүлэх, бүр биелүүлэх эсэхийг ч харахыг тэсэн ядан хүлээж суусан юм. (Нээрээ Jolie Цагаан Ордон руу орох гэж байхад нь зэвсгийн шалгах хэсэг дээр ямар гоё эрэгтэй болсныг харах хөгжилтэй байсан. Инээд хүрээд л явчихсан.)

2010 онд дэлгэцнээ гарсан Солт бүх л киноны туршид хэнийг ч уйдаахгүй, үргэлж цаашид юу болохыг мэдэх хүслийг нь төрүүлж, урам зориг хайрласан (ялангуяа Америкчуудад. Тэд нар маш сайн алуурчинтай боллоо шүү дээ. Лол) кино болж чадсан. Хэдийгээр киноны үйл явдал дуусаагүй юм шигээр төгсдөг ч түүнээс илүү сайн төгсгөл байхгүй. Солт эцсээ хүртэл өөрийнх амьдралыг балласан юм бүрээс, энэ тохиолдолд хүн бүрээс, хариугаа нэхэх болно. Кино театраас гарч явахад хүн бүр тийм л бодолтой байсан гэдэгт итгэлтэй байна.

Бичсэн: Anu Harchu ( on facebook )